Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Геодезийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болжээ
Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ хуулийг 1997 онд баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 16 зүйл, 41 хэсэг, заалт өөрчлөгдөн, хоёр хэсэг шинээр нэмсэн байна. Бусад хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэ хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ. Тэрбээр “Геодези бол улс орны хөгжлийн үндсэн суурь. Геодезийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг. Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 гаруй жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Энэ бүхэн хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн. Шинэ хуулийн өөрчлөлтөөр тогтолцоог нарийвчилж, мэдээллийн санг нэгтгэж байна. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломж бүрдэнэ. Төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог нарийвчилж тусгаж өгсөн. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүдийн нарийвчилсан зургууд гарч, хэрэгжих үндэс суурь болох юм” гэлээ.
Шинэчлэн найруулсан Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг 6 бүлэг, 33 зүйл, 171 хэсэг, 244 заалттай байхаар боловсруулаад байна.