С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Тунгалаг: Баталгаажуулсан, хамгийн анхны органик бүтээгдэхүүнийг зах зээлд гаргана
Аж ахуйн нэгж, байгууллагууд хүнсний бүтээгдэхүүнээ “байгалийн гаралтай”, “байгалийн цэвэр”, “органик” гэж тодотгон сурталчилдаг. Хэрэглэгчид ч ийм хаяг, шошготой бүтээгдэхүүн худалдан авахыг илүүд үздэг. Гэтэл ийм тодотголтой эдгээр бүтээгдэхүүнийг албан ёсоор баталгаажуулж, холбогдох газарт нь бүртгүүлээгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь холбогдох хууль, журмыг зөрчсөн органик бус бүтээгдэхүүн гэдгийг холбогдох албаныхан тодотгож байна. Үүнтэй холбогдуулан Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтай ярилцлаа.
-Органик хүнсний тухай хуулийг баталж, хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангуулав?
-Органик хүнсний тухай хуулийг 2016 онд УИХ-аас баталж, улмаар холбогдох дөрвөн журам, нэг аргачлал, хэрэглэх бодисын жагсаалтыг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталсан. Үүний дараа бид хамгийн анх өнгөрсөн оны аравдугаар сард тандалт судалгаа хийсэн. Тухайн үед аль нэгэн худалдааны төв рүү ороход хаяг, шошгоны зөрчилтэй буюу “байгалийн гаралтай”, “байгалийн цэвэр”, “органик” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг олноор нь худалдаалж буй дүр зураг түгээмэл ажиглагдсан. Иймд холбогдох шаардлага тавьж, зөрчлийг арилгуулах талаар анхаарч ажилласан. Үүний дараа энэ оны тавдугаар сард дахин тандалт судалгаа хийхэд хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүний тоо эрс багассан байна билээ. Дунджаар 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.
Хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүнийг зах зээлээс татахад ганцхан өдөр хангалтгүй, тодорхой хугацаа шаардлагатай. Хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой МХЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагууд зөрчил гаргаж буй тухайн аж ахуйн нэгжид сануулах, тодорхой хугацаатай албан шаардлага хүргүүлэх, хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох зэргээр хариуцлага тооцох ажлыг шат дараатай хийж байгаа.
-Тухайлбал, аж ахуйн нэгж ямар төрлийн зөрчил гаргаад байна вэ?
-Органик хүнсний тухай хуулийг зөрчиж зарим бүтээгдэхүүнийхээ шошго дээр “органик” гэж байршуулсан долоон аж ахуйн нэгж бий. Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн арван кг-ын савлагаатай гурил, зөгийн бал, “Монгол Алтайн барагшун” ХХК-ийн барагшуны ханд, цай, “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал, “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT шар айраг, “Далт мөнгөн шанд” ХХК-ийн хоёр төрлийн “Загасгал” , “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн “их тайга” цай, “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн маалингийн үрийн гурил зэрэг бүтээгдэхүүн. Харин “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг “Михачи” ХХК, “Сэ-Тэ-Би” ХХК-ийн зөгийн бал, “Эко эрдэнэ” ХХК-ийн хоёр нэр төрлийн варень, “Гогте фүүдс” ХХК-ийн өтгөрүүлсэн хоёр нэр төрлийн жүүс, “Таван эрдэнэ” ХХК-ийн ногоон цай, “Бүтээл сан” ХХК-ийн Шаамар зөгийн бал, “Юу-би-бренд” ХХК-ийн бантан, “Тэсо корпораци”-ийн чацаргана, нэрсний ундаа, “Баясах интернэйшнл” ХХК-ийн “Student” самарны цуглуулга, жимстэй овьёос, давс, цайны хужир зэрэг бүтээгдэхүүний шошго дээрээ байршуулсан байна. “Байгалийн цэвэр” гэсэн тодотголыг “ГБТ трейдинг”, “Хаан жимс Эс Би Ти”, Монос хүнс, “Эко маалинги”, “Мандах сутай трейд”, “Агь”, “Завхан баялаг”, “Баясах фүүд” зэрэг компани зарим бүтээгдэхүүнийхээ шошго дээр байршуулан холбогдох хууль, журмыг зөрчөөд байна.
-Зөрчил гаргасан эдгээр аж ахуйн нэгж, компанид ямар хариуцлага тооцох вэ?
-Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулах зохицуулалт бий. Гэхдээ шууд торгуулийн арга хэмжээ авахаасаа илүүтэй эхний ээлжид зөвлөн туслах, сануулах үйлчилгээ үзүүлж байна. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд албан шаардлага хүргүүлж байгаа. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаажилт, бүртгэлгүй хүнсийг органик бүтээгдэхүүн гэж сурталчилж болохгүй. Мөн хүнсний томоохон борлуулалтын сүлжээнд хандаж хуурамч хаяг, шошготой, байгалийн гаралтай, органик гэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх, нийлүүлсэн тохиолдолд эргүүлэн татах ажлыг зохион байгуулах талаар шаардлага хүргүүлсэн.
-Хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүнийг зах зээлээс татан авахуулах, хууль зөрчсөн аж ахуйн нэгжид хариуцлага тооцох талд ямар ажил хийж байна вэ?
-“Алсыг харъя-органикийг сонгоё” ажлыг бид өнгөрсөн сард зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зах зээл дээр худалдаалж буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошготой дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд Монгол Улсын хэмжээнд тандалт судалгаа хийсэн. Судалгаанд 360 зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9, импортын хүнсний бүтээгдэхүүний 35.7 хувь нь ямар нэгэн байдлаар Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчиж, зах зээлд худалдаалж байна. Иймд 200 орчим аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулах сануулга, хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Үйлдвэрлэгчид Органик хүнсний тухай хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллах ёстой. Үүнийгээ хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж, ХХААХҮЯ-нд бүртгүүлсэн байх ёстой.
-Ер нь органик гэдэгт ямар бүтээгдэхүүнийг хамааруулан ойлгох вэ?
-Органик гэдэг нь организм буюу амьд бие гэсэн үгээс гаралтай. Хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтан, ургамал, хорхой шавж, ус, агаарыг нэгэн цул, харилцан хамаарал бүхий амьд бие гэж үзэж химийн бодис, пестицид, антибиотик зэрэг байгалийн бус аргаар нийгэлжүүлсэн аливаа зүйлээс ангид үйлдвэрлэсэн хүнсийг хэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд органик гэдэг нь зүгээр л маркетингийн ач холбогдолтой үг болж хувирсан. Хүмүүс байгалийн гаралтай л бол органик хүнс гэж буруу ойлгодог. Гэвч органик бүтээгдэхүүнд технологийн маш нарийн шаардлага тавьдаг. Тодруулбал, тухайн газрын хөрсний эрүүл байдал, хөрсөнд амьдарч буй ашигтай бичил биет болон ус, агаарын цэвэр байдлаас хамааран гарч буй хүнсний бүтээгдэхүүн л органик гэдгийг дахин хэлье.
-Манай улсын зах зээлд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнүүд дунд органик гэдэг тодотголд нийцсэн, шаардлага хангасан бүтээгдэхүүн бий юү?
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар албан ёсоор баталгаажуулсан нэг ширхэг ч органик хүнс байхгүй. “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр”, “органик” гэсэн хаяг, шошготой бүтээгдэхүүн бол холбогдох хууль, дүрэм хангаагүй, хуурамч. Ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчид хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу зах зээлээс татаж авах ёстой. Хүнс үйлдвэрлэгчид бүгд органик хүнсний үйлдвэр эрхлэх боломжгүй. Хэрэв тухайн хүнсний бүтээгдэхүүнийхээ хаяг, шошго дээр дээрх тэмдэглэгээ хийсэн тохиолдолд Органик хүнсний тухай хуулийг заавал дагаж мөрдөх ёстой.
-Органик бүтээгдэхүүн гэдгийг хэрхэн баталгаажуулдаг юм бэ. Ямар шаардлага, шалгуур хангасан байх ёстой вэ?
-Хууль баталсны дараа 2016 онд сайдын тушаалаар ХХААХҮЯ-наас дагалдах журам дүрмийг баталж гаргасан. Үүгээр Монгол Улсад үйлдвэрлэж буй бүх органик хүнсний бүтээгдэхүүнд тавих техникийн шаардлагыг тогтоож өгсөн. Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчин органик зарчимд нийцүүлж малаа хэрхэн маллах, газар тариалан эрхлэгчид талбай дээрээ хэрхэн ажиллаж бүтээгдэхүүнээ баталгаажуулж, зах зээлд нийлүүлэх вэ гэдгийг журмаар зохицуулдаг. Тухайлбал, органик мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй хүн малдаа ямар ч антибиотик хэрэглэж болохгүй. Үнэхээр зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал малын эмчийн хяналтад, зөвхөн холбогдох журамд заасан бэлдмэлийг өгөх хэрэгтэй. Газар тариалангийн хувьд ямар ч тохиолдолд химийн бордоо ашиглаж болохгүйгээс гадна Монгол Улсын байгаль орчны тухай бүх хуулийг чанд мөрдөж ажиллах ёстой байдаг.
-Ямар байгууллага баталгаажуулалт хийх вэ?
-Хуулиар бүтээгдэхүүн дээрээ “байгалийн гаралтай”, “байгалийн цэвэр”, “органик” гэсэн нэр төрлийн шошгыг тавихын тулд заавал хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байх ёстой. Тэгж байж энэ тэмдэг тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалах эрхтэй болно. Тэгээгүй тохиолдолд Органик хүнс болон Зөрчлийн тухай хуулийг зөрчин зах зээл дээр борлуулалт хийж байна гэсэн үг. Иймд дээр дурдсан сарын ажлын хүрээнд хамтын баталгаажуулалтын байгууллагыг өсгөж бойжуулахад ХХААХҮЯ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ болон “АDRA” олон улсын байгууллага хамтран ажилласан. Үүний үр дүнд Монгол Улс хамтын баталгаажуулалтын хамгийн анхны “Органик хөгжил” байгууллагыг өлгийдөн авлаа. Уг байгууллагынхан хамтын оролцоотой, харилцан итгэлцэлд тулгуурлан орон нутгийн зах зээлд гарч буй органик хүнсийг баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлэх юм.
-Албан ёсоор баталгаажуулсан, жинхэнэ органик бүтээгдэхүүнийг хэзээнээс худалдаанд гаргах вэ. Ямар нэр төрлийн бүтээгдэхүүн байх бол?
-Миний авсан мэдээллээр баталгаажсан, бүртгэл хийсэн хамгийн анхны органик бүтээгдэхүүнийг энэ сарын сүүлчээр зах зээлд нийлүүлнэ. Олон улсад бол органик хүнс үйлдвэрлэж нийлүүлэх эхний салбар нь газар тариалан байдаг юм билээ. Гэхдээ жижиг талбайтай газар тариалан эрхлэгчид органик руу шилжих боломж илүү байдаг. Яагаад гэвэл, ургамал хамгааллын бодис хэрэглэхгүйгээр зэрлэгээ гараараа зулгаах ёстой. Тиймээс миний харж буйгаар бичил газар тариалан, хүлэмжийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хоршоод органик аж ахуй эрхлэх боломж өндөр.
-Хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг жинхэнэ органик мөн эсэхийг хэрхэн таних вэ?
-Тухайн бүтээгдэхүүн органик гэдгийг баталгаажуулсны дараа манай яаманд бүртгүүлж бүртгэлийн дугаар, олон улсын холбогдох байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн тусгай тэмдэглэгээг авна. Түүнийг бүтээгдэхүүнийхээ хаяг, шошго дээр байршуулж худалдаалах юм. Тэр тэмдэглэгээгээр таних боломжтой. Мөн QR код уншуулан жинхэнэ органик мөн эсэхийг шалгаж болно. Органик кекс үйлдвэрлэхэд түүний орцонд орсон гурил, элсэн чихэр, өндөг зэрэг нь мөн л органик байх ёстой.
-Ердийн хүнсний үйлдвэрлэлээс органик руу шилжихэд хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Дэлхий нийтэд гурван сая орчим фермер органик аж ахуй эрхэлж байна. Ердийн хүнсний үйлдвэрлэлээс органик руу шилжихэд олон улсад 1.5-2 жилийн хугацаа шаарддаг. Манай улс 2017 оноос эхлэн органик хөдөө аж ахуй руу шилжих эхний алхмыг хийсэн. Ингэснээр энэ жил органик бүтээгдэхүүн зах зээлд худалдаалж эхлэх гэж байна. Байгалийн цэвэр хөрсөнд тариалсан, химийн ямар нэгэн бодис ашиглаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх гэхээр үүний хажуугаар ийм хаяг, шошготой хуурамч бүтээгдэхүүн худалдаалаад байна. Үүнтэй төр засаг, үйлдвэрлэгч, төрийн бус байгууллага, хэрэглэгч хамтарч тэмцэх шаардлагатай.
-Манай улсын хувьд органик аж ахуй эрхлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж, орчин нөхцөл ямар байдаг вэ?
-2017 онд ШУТИС-ийн профессорын баг ахалж судалгаа хийсэн байдаг. Судалгаанд хамруулсан 1200 хүний 70 хувь нь “Органик хүнс хэрэглэмээр байна” гэж хариулсан. Энэ бол зах зээлд эрэлт байгаагийн илэрхийлэл. Иймд бид эрэлтийг хангахын тулд хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн нийлүүлэх бус олон улсын түвшинд тавьдаг шаардлагыг хангасан хүнсийг хэрэглэгчдийн гарт хүргэхийг зорьж байна.
-Органик үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний ач тус, эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө ямар бол. Энэ талаар ямар судалгаа байдаг вэ?
-Үйлдвэрлэлийн хувьд байгаль орчныг хамгаалахаас гадна дэлхийн дулаарлыг бууруулна. Мөн химийн бодисын хэрэглээг багасгахын зэрэгцээ хүн амын эрүүл мэнд, тогтвортой хөдөө аж ахуй, ногоон эдийн засгийн суурь болох ач тустай. Мөн ажлын байр нэмэгдэнэ. Органик хүнсний тухайд ч мөн олон талын ач холбогдолтой. Тухайлбал, пестицидийн хольцгүй, нитратын агууламж бага. Харин С витамин, Омега-3, төмөр, магнум, фосфор зэрэг хүний биед тустай эрдэс, эмин дэмийн агууламж өндөртэй байдаг.
Эх сурвалж: Монголын Үнэн сонин С.Юмсүрэн