С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал М.Тереза Хо-г хүлээн авч уулзлаа
УИХ-ын Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал болон ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Хатагтай М.Тереса Хо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл, хөтөлбөрийн үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглээд Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө парламентаас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлаас эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдаад Азийн хөгжлийн банктай ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийлсэн.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран болон албаны бусад хүмүүс оролцлоо.