С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Элчин сайд М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиов
Монгол төрийн зүтгэлтэн, хорьдугаар зууны Монголын манлай дипломатуудын нэг, Гадаад явдлын яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.
Монголын анхны мэргэжлийн дипломатуудын нэг, Гадаад явдлын яамны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэн нь дипломат албанд нийт 37 жил, түүний дотор Гадаад явдлын яамны сайдаар 17 жил ажилласан. Энэ хугацаанд тэрээр гадаад харилцааг эх орныхоо хөгжил дэвшлийн чухал хөдөлгүүр, хүчин зүйл болгохыг зорьж, орчин цагийн дипломат албыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Энэ өдөр М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн баярын хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан бөгөөд түүний амьдралын замнал үйл хэргийг харуулсан үзэсгэлэнг дэлгэхийн хамт “XX ЗУУНЫ МОНГОЛЫН МАНЛАЙ ДИПЛОМАТЧ М.ДҮГЭРСҮРЭН” хөрөг номын нээлтийг хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хүйтэн дайны амаргүй, эгзэгтэй цаг үед гадаад харилцааны төв байгууллагыг хоёр удаа удирдаж байсан нь түүнийг арвин их эрдэм мэдлэг, туршлага, авьяас чадвартайг, мөн бусдын итгэл хүндэтгэлийг хүлээсэн олон улсын хэмжээний, гарамгай дипломат байсныг илтгэж буй явдал юм. М.Дүгэрсүрэн гуай Монгол Улсын “гуравдагч хөрш”, олон тулгуурт бодлого зэрэг өнөөгийн манай гадаад бодлогын үндсэн зарчим, үзэл баримтлалын суурийг нэгэн жарны тэртээ үндэслэхэд тэргүүлэн удирдаж, улс орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж, тууштай хамгаалж байсан.
Түүнийг Гадаад явдлын сайдаар ажиллах хугацаанд манай улс НҮБ болон түүний төрөлжсөн байгууллага болох ДЭМБ, ЮНЕСКО, Дэлхийн цаг уурын байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж, өрнө дахины болон Ази, Африкийн олон арван улс оронтой дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй.
Өрнөдийн улс орнуудтай хязгаарлагдмал харилцаатай байх үед тэрээр олон улсын байгууллагуудаас Монголд Улсад үзүүлж байсан санхүү, техник, эдийн засгийн тусламжийг эрс нэмэгдүүлж, “Говь үйлдвэр” зэрэг томоохон төслийг эхлүүлж байсан. Түүнчлэн шилжилтийн хүнд бэрхшээлтэй үед “Монголд хандивлагч орнуудын бүлэг”-ийг санаачлан байгуулж, дэлхийн улс орнуудаас хөгжлийн тусламж авах боломжийг бүрдүүлсэн нь түүний хэрэгжүүлсэн, мөн улс орондоо ач тусаа өгсөн чухал ажлуудын нэгээхэн хэсэг юм.
Түүний ажилсаг, зарчимч, хариуцлагатай, нягт нямбай чанарт үе үеийн дипломатууд үлгэрлэн суралцаж, энэ нь Монгол Улсын “Алтан аргамж”-ийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.