РОЙТЕРС: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгоно гэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал үүсэх шалтгаан болоод буй авлигын хэрэгтэй холбогдуулан тус улсын төрийн өмчит уул уурхайн компанийг нээлттэй компани болгож, тийнхүү өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх замаар тус авлигын асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ройтерс агентлагт мэдээлэв.  

Монгол Улсын БНХАУ-ын хилтэй ойролцоо орших, 6 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц бүхий томоохон нүүрсний ордын дийлэнх хэсгийг эзэмшдэг төрийн өмчит компани болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого нь тус улсын уул уурхайн салбараас хамааралтай, жижиг эдийн засгийн цөм хэсгийг бүрдүүлдэг. 

Гэвч Таван толгой уурхайг ашиглахтай холбоотой асуудал нь тээвэрлэлт хийх замын холболтын асуудлаас гадна Монгол Улсын стратегийн өмчийг хэрхэн санхүүжүүлж, өмчлөхтэй холбоотой маргаанаас үүдэн саатаад байв. Мөн дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн хэлбэлзэл, хөрөнгө оруулагчдын хандлага нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг дэлхийн зах зээлд борлуулах оролдлогод хүндрэл учруулж байв.  

Сүүлийн өдрүүдэд авлигын эсрэг олон мянган жагсагчдын эсэргүүцэлтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайдын зүгээс (“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн) засаглалын хэлбэрийг өөрчилж, яаралтай нээлттэй компани болгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байна” гэж мэдэгдэв. Ингэснээр уул уурхайн салбар ил тод болж, төрийн албан хаагчдын авлигын асуудал эцэс болох талаар мөн дурдав. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч одоогоор тайлбар өгөх боломжгүй байна.  

Таван толгой уурхайн “нүүрсний хулгай" гэгдэх асуудалтай холбоотойгоор олон тооны иргэд нэгдэн, хариуцлага нэхэн жагссанаар өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл Улаанбаатар хотод жагсагчид болон цагдаагийн албан хаагчдын хооронд мөргөлдөөн үүссэн юм. 

Мягмар гарагт төв талбайд хэдэн зуун жагсагчид нэгдсэн хэвээр байсан бөгөөд тус улсад агаарын хэм цельсийн -30 хэм хүрч хүйтэрсэн тул зарим жагсагчид Монгол уламжлалт сууц болох “гэр” барин төв талбайд хонож, жагсаалаа үргэлжлүүлсээр байна.  

Монгол Улсын экспортын орлогын 50 орчим хувийг нүүрсний экспорт бүрдүүлдэг бөгөөд түүний ихэнх хэсгийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-аас олборлодог. Гэвч сүүлийн жилүүдэд тус компанийн олборлосон 400 орчим мянган тонн нүүрс бүртгэгдээгүй тухай 10 дугаар сард Засгийн газраас мэдэгдэж байсан. Мөн 2011 оноос 2017 оны хугацаанд 1 сая орчим тонн нүүрс экспортолсон боловч бүртгэгдээгүй гэх асуудал гарч байв. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгуулсан бүх гэрээг нийтэд нээлттэй болгосон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэхэд оролцдог 25,000 ачааны машины эзэмшигчдийн мэдээллийг мөн нээлттэй болгосон байна.  

БНХАУ-ын хилээр 2013 оноос 2017 оны хугацаанд нүүрс тээвэрлэсэн боловч буцахдаа хоосон ирсэн гэх 7,373 ачааны машинд холбогдуулан эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн олон улсын нэр хүнд бүхий аудитын компанийг томилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүд шалгалт оруулахаар төлөвлөж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 

Түүнчлэн, тэрээр Засгийн газрын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны улмаас төслийн экспортод сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангах, мөрдөн шалгалтын ажиллагааг борлуулалтын 85 орчим хувийг бүрдүүлж буй БНХАУ-ын нүүрс худалдан авагчдын шалгалтаас хамааралгүйгээр явуулах нөхцөлийг хангах зорилгоор ихээхэн хүчин чармайлт гаргаж буй талаар мэдээлэв. 

Мөн тэрээр “Бид эрсдэлийг боломжит хамгийн бага түвшинд байлгахаар ажиллаж байна” гэв. Тэрээр энэ долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийж, худалдаанд аливаа нөлөө үзүүлэхгүй тухайгаа мэдэгдсэн байна.   

Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал сул байгаа нь Монгол Улсад удаан хугацааны туршид үргэлжилж буй асуудал бөгөөд тэдгээр компаниуд хэдэн тэрбум доллараар хэмжигдэх хэмжээний өр төлбөртэй байна. Гэвч ковид цар тахлын улмаас 2020 оноос 2021 оны хугацаанд тогтоосон хатуу хөл хорио ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлж, Украин Улс дахь дайны улмаас эрчим хүчний үнэ өссөн нь тус улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлээд байна.  

Үстэй дээл өмсөж, төв талбайд тав дахь өдрөө хонож буй 42 настай иргэн Т.Гантулга “Бид хүүхдүүддээ яаж энэ муухай, өрөнд баригдсан нийгмийг үлдээх вэ” гэв. Мөн тэрээр “Бид (төрийн өмчит компаниудын) хувьцаа гаргаж, Монгол Улсыг хөгжүүлэх ёстой. Хэрэв аль хэдийнэ хийчихсэн бол бидний амьдрал өөр байх байсан. Хариуцлага хүлээлгэмээр байна” гэв. 

Гэхдээ зарим иргэд Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ хангалттай эсэхэд эргэлзэж байна.  

Эдийн засагч, төрийн албан хаагч асан Ч.Отгочулуу “Үнэ хэт их хэмжээгээр өсч, ядуурлын түвшин улам ихээр нэмэгдэж байгаа нь иргэдийн бухимдаж буй шалтгаан” гэв. Мөн тэрээр “Богино хугацаандаа төрийн өмчит компаниудын засаглалд шинэчлэл хийх шаардлагатай. Урт хугацаандаа бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой ажлын байр бий болгоход зорьж ажиллах ёстой” гэв. 

Эх сурвалж: https://www.reuters.com/article/mongolia-protests/mongolia-to-take-mining-firm-public-after-protests-over-graft-idINL4N33310U?fbclid=IwAR2uLLZPQOymxzhhgmT5q0x2X2s6UM7dXejGcd5GDEYhRYN8XbUtsQ4f9_E 

Улаанбаатар хот, 12 дугаар сарын 13-ны өдөр (Ройтерс агентлаг)