С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн хөтөлбөрт орж, дефольт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон Оюу толгой ХХК нь нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг Төв банканд арилжаалсан нь тогтоолоор хүлээсэн валютын орлогыг төвлөрүүлэх үүргийг амжилттай биелүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.8 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Мөн экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сард 2.6 тэрбум байсантай харьцуулахад 31 хувиар нэмэгдлээ. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр валютын зах зээл тогтворжиж байгаа бөгөөд улмаар инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж эхэлжээ.
Тэрбээр "Валютын нөөц 2022 оны эцсээр хоёр тэрбум ам.доллараас доош орох эрсдэл үүссэн учраас ажлын хэсгийг байгуулсан. Харин оны сүүлчээр 3.4 тэрбум ам.доллар болж өсчээ. ОУВС-гийн хөтөлбөрт орж, дефольт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа. Засгийн газраас арга хэмжээ авч ажиллахдаа олны хэл ам дагуулсан хэдий ч эерэг үр дүн гаргасан гэдгийг онцолъё. Цаашдаа нүүрсийг ам үнээр бус хил үнээр зарах шийдвэр тогтоол гаргасан. Ам үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар зарж байсан бол хил үнээр 200 гаруй ам.доллараар зарж байна. Бараг хоёр дахин үнийн зөрүү гарч байгаа учраас бүх ажлыг хийж байна.
Нүүрсээ хоёрдугаар сараас биржээр зарахаар бэлтгэлээ хийж байна. УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Засгийн газар биржээр нүүрс худалдаалах түр журмыг баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ажлын хэсгээс хоёр долоо хоног тутам гадаад валютын бодлого хэрэгжилтийг, нөөцтэй холбоотой мэдээллийг өгнө. Валютын албан ёсны ханш, албан бус ханш 200-300 төгрөгөөр хэлбэлздэг байсан. Үүнийг арилгаж, 20 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр валютын зах зээл тогтворжлоо. Хамгийн гол нь экспортоо тогтвортой байлгахад онцгой анхаарах хэрэгтэй. Үүнийг олон нийтийн дэмжлэгээр хийх нь улс орны эрх ашигт нийцнэ. Хангийн төмөр замаар нүүрс гаргах асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Монголбанкнаас мэдээлэл авсан. Зөвхөн валютын нөөц нэг тэрбумаар өссөн" гэв.