Дэлхийн Банкны боловсролын асуудал хариуцсан захирал айлчилна

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 7-10-нд “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт” болж буй.

Үүнд Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байна.

Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт нь 2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдах болсон боловсролын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм.

Энэ удаагийн чуулга уулзалт нь "Шинэ эхлэл" гэсэн агуулгын хүрээнд өрнөж байгаа бөгөөд

  • Сурах соёлыг төлөвшүүлэх
  • Бэрхшээлийг даван туулах
  • Тогтвортой байдлыг дэмжих
  • Илүү хүчтэй, илүү сайн боловсрол сэдвүүдээр 130 гаруй улсын Боловсролын сайд нар, 60 гаруй орны удирдах албан тушаалтнууд зөвлөлдөж байгаа юм.

 

Сайд нар боловсролын салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж байна.

Чуулганы үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведратай уулзлаа. Тэрбээр Монгол улс боловсролын салбартаа цахим шилжилтийг эхлүүлсэн, гүйцэтгэлийн үнэлгээ амжилттай зохион байгуулсан гэж үнэлж буйгаа илэрхийлжээ.

 

Мөн Дэлхийн Банкны боловсролын асуудал хариуцсан захирал ноён Жэйми Саведра энэ сарын 16-18-ны өдрүүдэд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр үнэлгээний тогтолцоог бэхжүүлж байгаа манай улсын арга туршлагатай танилцах юм.