С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна
Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв.
Нүхэн жорлонг цэгцлэх ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Судалгаагаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 144 мянган нүхэн жорлон тоологдсон. Ногоон бүсэд 37 мянга гаруй жорлон бий. Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Журмын төслийг боловсруулах, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах ажил үргэлжилж байна” гэлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хувиар, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Тавдугаар сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөлт хийсэн” хэмээв.
Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна
Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан иргэнийг аварч, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 668, аврах ажиллагааны 73, нийт 741 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн үед амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт Гал түймэр унтраах анги болон эргүүлийн бүрэлдэхүүн нийт найман удаагийн өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлагаар ажиллаж, 6.2 га талбай шатаж байсныг унтраасан. Мөн цаашид үер, усны эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулна” гэлээ. Хотын дарга ч мөн энэ чиглэлд анхаарч, дүүргийн Засаг дарга нартай хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоол, хүнс үйлдвэрлэл болон барилгын салбарынхантай уулзсан. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 33 санал, хүсэлт гарсан бөгөөд Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж байгаа уулзалтын явц, үр дүн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар иргэдээс тогтмол санал асуулга авч, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж хэвшүүлэх ажлын талаар НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат мэдээлэл өглөө.