НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчтэй уулзав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевичтэй албан уулзалт хийлээ. 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын уг үндэс нь хүн бүрд тэгш боломж олгох юм. Монгол Улсын Засгийн газар хамтран боловсруулж, баталсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгийн гол зарчим нь “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” юм. 

Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн Үндэсний сайн дурын анхны илтгэлийг 2019 онд боловсруулан НҮБ-ын өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулсан. Уг илтгэлд манай улсын хувьд эрсдэлд орж болзошгүй нийгмийн 10 бүлгийг тодорхойлсон бөгөөд Засгийн газар тэдний амьдралын чанарыг сайжруулах, хөгжлөөс хоцроохгүй байх арга замыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилгыг хөгжлийн үйл явцтай уялдуулан, богино хугацаанд үр дүнтэй, хурдтайгаар хамтран ажиллах талаар ярилцлаа.

May be an image of 3 people

Мөн ЗГ-ын анхаарч ажиллаж байгаа гол асуудлуудын нэг нь хүний эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал юм.  Эдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, чиглүүлэх үүргийг шинээр байгуулагдсан ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах замаар төрийн байгууллагын үр дүн, гүйцэтгэлийг сайжруулах шаардлага гарч байгаа талаар ярилцлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич дээрх чиглэлээр туршлага хуваалцах, олон улсын гүйцэтгэлийн үнэлгээний талаар судалж, нэвтрүүлэх хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

May be an image of 4 people