НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ц.Тулга: Улаанбаатар орчимд үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар байна
Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ярьж байна.
-Сэлбэ голын далангийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Сэлбэ голын даланг 1966 оны үерийн дараа хийсэн. Үүнээс хойш 1980 онд 2.5 км урт төмөр бетон даланг голын хоёр талаар босгосон. Долоодугаар сарын эхээр үргэлжлэн орсон борооны улмаас ус хальсан энэ байршил бол шороон далантай. Тиймээс үерлэсэн хэсэгт даланг хүчитгэх, нэмж бэхэлгээ хийх арга хэмжээ авч ажилласан.
-Усанд автсан эдгээр байршилд цаашид ямар ажил хийх вэ?
-Үерийн нөхцөл үүсэхэд тодорхой байршлууд дээр шуурхай арга хэмжээ авах, усны урсцыг хэвийн болгох, хэмжилт болон судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх зэргээр ажилласан. Тухайлбал, голын гольдрилыг нарийсгасан хэсгүүд дээр сэтэлгээ хийж, усны урсацыг тогтворжуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах Ажлын хэсэг байгуулаад буй. Энэ хүрээнд тодорхой байршлууд дээр ажиллаж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргана.
Цаашид бороо орох, голын ус халих эрсдэл бий. Энэ жилийн хувьд Монголд төдийгүй гаднын орнуудад ч бороо их орж, үер болж байна. Тухайлбал, ОХУ, Энэтхэг, Японд үер боллоо. Орон нутагт ч голууд үерлэж байна. Тэгэхээр эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах нь нэн чухал. Далангийн хувьд эвдэрсэн, сэтэрсэн хэсгүүдэд бэхэлгээ хийж, хүчитгэлээ сайжруулна. Цаашлаад, төмөр бетон далан босгох ажлыг яаравчлуулах шаардлагатай.
-Үерийн далангийн насжилт хэр хугацаатай байдаг вэ?
-Төмөр бетон далангийн насжилт харьцангуй урт, үүнд тухайн бүсэд орж буй хур тунадасны хэмжээ, давтамж зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Шороон далангийн хувьд харин усны түвшин, хэмжээ, урсцаас хамаараад эрсдэл үүсдэг. Тухайлбал, голын усны түвшин нэмэгдсэн, урсгал ширүүн бол далан нурах нь ч бий. Сэлбэ голын хувьд 35 км-ийн 10.3 км-т буюу 30 хувьд нь л бетон болон шороон далантай байгаа юм. Тэгэхээр шороон далантай эдгээр байршилд төмөр бетон далан босгох зайлшгүй шаардлагатай, “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд энэ чиглэлээр зураг, тооцооллуудыг гаргаад явж буй.
-Хотын хэмжээнд хэр урт далан байдаг вэ. Цаашид даланг нэмэгдүүлэх чиглэлд юу хийх вэ?
-Улаанбаатар болон дагуул хотуудын хэмжээнд гол, голын хуурай сайр зэрэг үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар байна. Үүний 169 км нь үерийн далантай. Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг зургаадугаар сард НИТХ-аар батлуулсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд 2040 он хүртэл дөрвөн үе шаттайгаар үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авахаар тусгасан. Үүнд далангийн барилга, байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна усны тохируулгын ажлууд багтаж буй. Тухайлбал, Туулын усан цогцолбор, Сэлбийн хоёр байршилд ус тунгаагуур, усны түвшин тогтоох байгууламжийн ажлууд байна. Түүнчлэн хөрсний усны түвшинг бууруулах байгууламжийг хийх шаардлагатай.