НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг нээлээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой.
Наадмын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өнөөдөр тус цагт нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн юм.
Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй. Нээлтийн арга хэмжээ улс орнуудын үндэсний хорооны тамирчдын жагсаалаар үргэлжилж, Зүүн Азийн олимпын хорооны туг мандуулах ёслол болж, мөн наадмын сүлд дууг дуулсан юм.
Наадмыг нээж “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо”-ны дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:
-Улаанбаатар хот энэ наадмыг зохион байгуулснаар цаашдаа тив, дэлхийн наадмуудыг зохион байгуулах үүд хаалгаа нээж буй. Хурд хүч, авхаалж самбаагаа сорин, найман хоногийн турш өрсөлдөх Зүүн Азийн өсөх ирээдүйтэй, шилдэг залуучуудын тэмцээнийг улаанбаатарчууд төдийгүй дэлхийн олон орны иргэд сэтгэл догдлон, шимтэн үзэхээр хүлээж байгаа. Түүнчлэн энэхүү наадмаас ирээдүйн тив дэлхий, олимпын аваргууд тодорч, Монголын төдийгүй бүс нутгийн спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэл төгс байна хэмээлээ.
Зүүн Азийн олимпын хорооны ерөнхийлөгч Ян Шуан:
-Монголын ард түмэн биднийг маш зочломтгой угтаж авлаа. Та бүхний хичээл зүтгэлээр энэ наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Зүүн Азийн олимпын хороодын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, зохион байгуулагч нар, сайн дурынханд гүн талархал илэрхийлье. Мөн тамирчдадаа амжилт хүсье гэсэн юм.
Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг:
-Өнөөдөр бол түүхэн өдөр. Энэ наадам манай улсын хувьд шударга өрсөлдөөн, амжилт, эв нэгдлээр түүчээлсэн түүхэн үйл явдал болж байгааг цохон тэмдэглэе. Залуучуудын наадам бол нөхөрлөл, эв нэгдлийн илэрхийлэл. Өөр хэлээр ярьдаг, өөр газраас ирсэн, өөр соёл заншилтай ч биднийг спорт, хүндлэл нэгтгэдэг хэмээв.
Үүний дараа тамирчид, шүүгчдийн төлөөлөл тангараг өргөсөн юм. Наадамд хамгийн олон буюу БНХАУ-аас 400 гаруй тамирчин оролцож байгаа бол Монголын 255 тамирчин оролцож байна. Манай тамирчид тус наадмын спортын бүх төрөлд өрсөлдөж буй.
Наадмын нээлт өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлсэн урлагийн үзүүлбэрүүдээр үргэлжилж байна.
Ташрамд, тэмцээний тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.