С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“S Outlets”, “Aqua garden”-ий голын хамгаалалтын бүсэд барьсан барилгыг буулгаж, газрыг тусгай хамгаалалтад авна
Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй “S outlet”, “Aqua garden”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна. Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж. Бямбадулам:
-Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд жи констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт барьж байгаа “Aqua garden”-ий барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S outlet”, “Aqua garden”-ий барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана гэлээ.
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Aqua garden” төсөл нь 2.9 га газрын 1.1 га барилгажих талбайтай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт орсныг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна” гэсэн бол
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “2.9 га газраас 7844 ам метр газрыг хасаж, кадастрын зураг болон газрын гэрчилгээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн санд оруулах ажлыг хийнэ. Энэ дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авна” гэлээ.
Энэ шийдвэр бол нийт иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлын төлөө гэдгийг онцолж байв.