С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Н.Мандуул: 100 мянган төгрөгөөр даатгуулснаар унаач хүүхэд бүтэн жил даатгалтай байна
Монголын морин спорт уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даатгалын компаниудын төлөөлөл хамтран уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын талаар мэдээлэл хийлээ. Тэд уралдаанч хүүхдүүдийн даатгалыг 100 мянган төгрөгөөс эхлүүлэхийг уриалж, хэрэв хүүхэд бэртэж гэмтвэл тээвэрлэлтийн зардлыг даатгалын гэрээнд оруулж ажиллахыг онцолсон юм. Түүнчлэн хүүхдийг хэрхэн даатгалд хамруулж байгаагаа шилэн болгох зүйтэй гэж үзэв.
Энэ үеэр Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын орлогч дарга Н.Мандуул “Бид сүүлийн жилүүдэд уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлүүд нэгдэн тал бүрээс санаачилга гаргаж хичээн зүтгэсний үр дүнд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хурдан морины уралдаанч хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сантай болсон. Мөн уралдаанч хүүхдүүд даатгалд хамрагдаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг нэгдсэн журмаар өмсдөг болсон эерэг үр дүн харагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгосон. Өөрөөр хэлбэл улс даяар нэг сая хүүхдийг хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр онцгой үр дүн гаргахаар ажиллаж байна. Энэ ч утгаараа бид уралдаанч хүүхдийн даатгалын асуудлаар бүх байгууллагуудтай харилцан тохиролцож, хүүхдийн аюулгүй байдлын нэг номерт тавьсан. Тухайлбал, хурдан морь унаж буй уралдаанч хүүхэд 100 мянган төгрөгөөр даатгагдаад, даатгалын нөхөн төлбөр нь 20 сая хүртэлх төгрөг байхаар тохиролцож, уяачдын холбоо, даатгалын компаниудтай гэрээ хийсэн. Гэтэл өнгөрөгч долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гарсан. Уг мэдэгдэлд “Иргэд, уяачид хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагч талтай харилцан тохиролцоно” гэсэн агуулга бүхий мэдэгдэл гаргалаа.
СЗХ нь даатгалын бүтээгдэхүүнийг хянах, баталгуулах үүрэг нь хуулийн хүрээнд байдаг. Гэтэл холбогдох бүх талууд тохиролцоод хүүхдийг 100 мянгаар даатгах ажил бүтэмжтэй өрнөж байхад дээрх мэдэгдэл гарснаас хойш эхнээсээ аймаг, сумын наадамд маргаан үүсч эхэллээ. Өөрөөр хэлбэл уяачдын зүгээс талууд харилцан тохиролцож байгаа юм чинь заавал 100 мянган төгрөг өгөх албагүй гэсэн асуудлыг ярьж байна. Иймээс уралдаанч хүүхдийг хэдэн төгрөгөөр даатгуулах нь дурын асуудал гэсэн ойлголт нийгэмд бий болчихлоо. Бид 2018 онд унаач хүүхдийг 30 мянган төгрөгөөр даатгахад даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь тав хүртэлх сая төгрөг авдаг байсан. Тэгвэл 100 мянгаар даатгуулахад 20 сая хүртэлх төгрөг олгохоор тооцож байгаа юм. Унаач хүүхдийг 100 мянгаар даатгуулснаар тухайн хүүхэд бүтэн жилийн турш даатгалтай байна. Мөн бэртэж гэмтсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг давхар олгохоор зорьж байсан юм. Харамсалтай нь СЗХ-оос хийсэн мэдэгдлийн дараа бидний хийсэн ажил эргэлзээтэй байдалд орчихлоо” гэв.