С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын тамгын газрын удирдлагууд өчигдөр үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороо нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн мөн Тамгын газарт ажиллаж байсан 100 гаруй ахмад ажилтантай.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ахмадуудад Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр, жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгож, НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд зарласан. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй.
Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн, Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Улсын Их Хурлын Тамгын газар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна хэмээлээ.
Түүнчлэн та бүхний хийсэн, бүтээсэн, удирдсан, манлайлсан чин сэтгэл, хөдөлмөрөөр ямагт бахархаж байдаг гээд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгааг дурдав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үндсэн чиг үүргээс гадна найм дахь удаагийн Парламентын Тамгын газрын онцлогийн талаар танилцууллаа. Тухайлбал 2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 76 гишүүнтэй байсан парламент 126 гишүүнтэй болох гэж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газар шинэ парламентын бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн талаар мэдээлж, санал солилцов.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 126 гишүүнтэй парламентын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ахмадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ахмадуудын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар, санал бодлыг тусгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосныг тэрбээр онцлон тэмдэглэв.