С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхий сайдын ҮГ ба ҮЙЛДЭЛ!
Авлигатай тэмцэх үндсэн үүрэг Засгийн газарт хамаарах онцгой эрх. Үүнтэй хэн ч маргахгүй. Гол нь хэлэх нэг өөр, хэрэгжүүлэх бас өөр. Хэрэгжилт нь цаасан дээр биш бодит амьдралд буух нь бүр өөр. Гэхдээ эцсийн үр дагавар ярьснаар бус хийснээрээ үлддэг. Яг ийм агуулгаар энэ Засгийн газар, түүнийг тэргүүлдэг Ерөнхий сайдыг дүгнэж харах нь олон. Улс төрийн хүрээнд ч тэр. Нийгмийн хүлээлт ч мөн адилхан. Лав л Ардын Намын Засгийн эрх барьсан найм дахь жилийнхээ босгон дээр ирлээ. Бүх шатанд үнэмлэхүй олонхиор засагласан хоёр дахь бүрэн эрх нь дуусгавар болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн гэсэн үг. Энэ хооронд гурван ч Ерөнхий сайд сольж амжив. Сүүлийнх нь Л.Оюун-Эрдэнэ буюу одоогийн Ерөнхий сайд. Түүнийг анх томилсон өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ганцхан АСУУЛТ дагасан нь авлигатай тэмцэж чадах эсэх тухай.
Өөрөө ч хэлсэн байдаг юм, “Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын Намынхантай, анд, найз, нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж. Угаас Монгол Улсын авлигын индекс жил бүр яагаад ухарч ирсний учиг, эл төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээ тэрбумаар бус их наядаар хэмжигдэх болсны учир, нийтээрээ шударга ёсыг шаардаж эхэлсэн шалтгааныг холоос биш ойроос тэр тусмаа МАН өөрсдөөсөө хайх нь зүйн хэрэг. Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг Ардын Нам дотроос хулгайчийг олж илрүүлэх нь туйлын үнэн гэсэн үг. Үндсэндээ Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын авлигатай тэмцэх онцгой эрх одоо л бодитоор хэрэгжүүлэх үү? гэсэн цаг үеийн хайчин гал дунд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гүйгээд орчихлоо.
Хэрэвзээ өмнөх Засгийн газар, Ерөнхий сайд нар шигээ поп амлалтаар дулдуйдаж, шоу хийсээр ямар ч үр дүнгүй сонгуулийн ээлжит циклтэй золговол жинхэнэ утгаараа ялагдана. Ялагдах, ялагдахдаа Төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлэх хэмжээний Ерөнхий сайд болж үлдэнэ. Өөрөөр түүнийг нийгэм нь хүлээж авахгүй, мөн ярихгүй. Үе үеийн Ерөнхий сайд нарыг тийм л тавилан хүлээдэг, тэгж л улс төрийн намтартаа цэг хатгадаг. Гэхдээ тэр нэг л үгийг тоть мэт давтаж байгаа, “Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй” гэдгийг. Эхлээд “Эрдэнэт”-ийн 49 хувь тойрсон эрх мэдэл, ашиг сонирхлын нэгдэл бүхий хэсэгтэй хийсэн түүний тэмцэл өдгөө “Эрдэнэс Тавантолгой” тойрсон хэдэн их наядаар хэмжигдэх нүүрсний хулгайд холбогдогчдыг илчилж, хариуцлага тооцуулахаар үргэлжилж байна.
Хамгийн сонирхолтой нь, хүн амын талаас дээш хувь нь амьдарч, нийгэм, эдийн засгийн гол суурь бааз нь төлвөрсөн хотод хамаарах асуудал руу Ерөнхий сайд нь оролцохоос аргагүйд хүргэснээр нийслэлийн Засаг дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн нь энэ өдрүүдийн гол шуугиан болов. Шалтгаан нь маш энгийн. 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийн хүрээнд эмхэлсэн үе үеийн УИХ, Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө хүч хаясан нь үгүй. Харин Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар анх удаагаа нийслэлийн түгжрэлийг бууруулахад жил бүр улсын 420 тэрбумаас доошгүй санхүүжилт олгох түүхэн шийдвэрийг гаргасан нь 2021 он. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгаж, Улаанбаатарт олгоод буй.
Гэвч нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбогдуулж нэг бүрийг нь 400 гаруй сая төгрөгөөр худалдан авсан гэх 400 ногоон автобустай холбоотой дуулианы гал нийслэлийн Засаг дарга, хот хариуцсан сайд нарыг чиглэснээр эцэстээ өргөдлийг нь өөрсдөөр нь өгүүлснээр намжив. Нийтийн тээвэрт монополь явж ирсэн гэгддэг гурван компанийн удирдлагыг ч хуулийн байгууллагаас саатуулан шалгаж эхэллээ. Хотын ажил гэдэг зогсолтгүй үргэлжлэх ёстой учраас Хуулийн сайд Х.Нямбаатарыг Д.Сумъяабазары оронд томилуулахаар нэр дэвшүүлж амжлаа. Улмаар танхимд нь суларсан хоёр орон тоонд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хуулийн, Б.Дэлгэрсайханыг хот хариуцсан сайдаар тус тус томилов.
Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд тэнд ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд танхимаараа онцгой анхаарч ажиллахаа ч чуулганы нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд нь өөрөө мэдэгдлээ. Сайд нараа огцруулж, чөлөөлж, томилох нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн асуудал ч тав хүрэхгүй хоногийн хугацаанд болж өнгөрсөн эл процессоос ганцхан агуулга уншигдаж байна.
Тэр нь тусдаа хуультай, эрх мэдлийн хуваарилалттай, түүнийхээ хүрээнд бодлогоо тодорхойлж, шийдвэр гаргадаг, түүнийгээ хэнтэй ч хуваалцахгүй дархлаатай атлаа тэндээ хамаг хулгайгаа нууж ирсэн Улаанбаатар хэмээх “чөтгөрийн тойрог”-т бугшсан, бас гаршсан системчлэгдсэн авлигын сүлжээтэй Засгийн газар нь тэмцэж, Ерөнхий сайдынхаа түвшинд манлайлах нь. Нэг үгээр, “Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын Намынхантай, анд, найз, нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” хэмээх Л.Оюун-Эрдэнийн байр суурь албан ёсоор хот руу орлоо. Эцсийн дүндээ Ерөнхий сайдын ээлжит нэгэн тэмцлийн үр дагавар ярьснаар бус хийснээрээ үлдэх учиртайг нь энд тодотгох гээд байгаа юм.
Хүнийг нь өөрчилж, хуулийг чангалах нь зүйн хэрэг ч өнгөрсөнд гаргасан алдааг өргөс авсан юм шиг сайжруулж, сайхан болгочихгүй. Цаг хугацаанаас гадна асар том авлигын мөнгө, их, бага гэлтгүй эрх мэдлийн өмнөөс сөрөх нь ойлгомжтой. Гол нь Михайлд нэг бодол бий гэдэг шиг энэ Ерөнхий сайдад бодож, төлөвлөсөн юм байгаа л байх. Өнөөдөртөө тэр хүний, өөрийнгүй тэмцэж байгаа нь үнэн ч ээлжит тэмцлийн чиглэлийг хот руу залуурдсан нь “Ардын Нам” гэсэн авлигын аварга том царс модны өмнө хүссэн ч, эс хүссэн ч тулж ирлээ. Хэрхэхийг ёстой л цаг хугацаа харуулна.
Г.Эрхэс