Д.Энхтүвшин: Хувийн хэвшлийн эдийн засаг дахь орон зайг хумих үр дагавартай
Д.Энхтүвшин: Хувийн хэвшлийн эдийн засаг дахь орон зайг хумих үр дагавартай
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байхад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байгаа юм. Тус бүлгийн дарга завсарлага дуусаж буйтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу санал хураалгах томьёолол оруулсан тул уг саналыг дэмжсэн эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн илэрхийллээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ хуулийн төслийн үйлчлэлд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хамрагдах үндэслэл, шаардлага байхгүй хэмээн үзсэн болохыг, нэгдсэн хуралдааны санал хураалтын ирцээс үүдэн Байнгын хорооны шийдвэр хүчингүй болсныг, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нь хувийн хэвшлийн эдийн засаг дахь орон зайг хумих үр дагавартай хэмээн үзэж буйгаа Д.Энхтүвшин гишүүн илэрхийлэв.
Монгол Улс жилдээ 19000 орчим айлын орон сууц шинээр бүтээн байгуулдаг бол Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр нийслэл дангаараа нийт бүтээн байгуулалтын 50 хувь буюу 9000 орчим айлын орон сууцыг барьж байгуулах аж. Үүний зэрэгцээ анх бонд гаргаж, санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч өдгөө төсвийн тусгай шаардлагын гадуур санхүүжүүлэхээр байгаа нь төсвийн сахилга батгүй, зохисгүй хэмээн үзэж байгаа гэв. Аливаа төсөл, хөтөлбөрийн төсөв, өртөгтэй холбоотой эргэлзээнээс үүдэн бүхэлд нь гацаах нь буруу гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн илэрхийлээд, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий, нөгөөтээгүүр төсөв, өртгийг нь хянан шалгах боломж нээлттэй байгааг хэлэв.
Аливаа төслийн төсөв, өртөгтэй холбоотой эргэлзээ, тодруулах зүйл байгаа бол аудитаар шалгуулж, алдаа дутагдлыг арилгаад нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.