С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намын санхүүжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ
Намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.5, 28.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5 дахь хэсэгт заасныг болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг дурдаад Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Жамбын Батсуурийг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжсэн гэдгийг онцолсон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь нь дэмжлээ.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Иймд “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/342 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгг заасныг баримтлан боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдав.
Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намын санхүүжилт, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчлагдсан. Сонгуулийн ерөнхий хороо тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд уг чиг үүргийг хэрэгжүүлэх Тамгын газар, бүтцийн нэгж байгуулах, орон тоог шинэчлэн батлах шаардлага үүссэн гэж үзсэнийг онцолсон.
Байнгын хороонд ирүүлсэн саналтай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.”, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт "... Сонгуулийн ерөнхий хорооны ... ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно." гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/2252 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон түүнтэй холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар тогтоол, "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтад тус тус өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан гэж байлаа.
“Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар, холбогдох төсөв, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах зардлын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах зохицуулалт тусгасан гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулгадаа тодотгоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга болох төрийн захиргааны албан хаагчийн ангилал, зэрэглэлийг өөрчлөх, бүтэц, орон тоог нэмэх болсон шалтгааныг илүүтэй лавлав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариултдаа, төрийн албаны ангилал, зэрэглэлийг тогтоохдоо Төрийн албаны зөвлөлөөс санал авдгийг тодотгоод УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо аливаа сонгуулийн хүлээн зөвшөөрөх байдлыг хангах, зохион байгуулалтыг хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг тул анхаарал тавих нь зүйтэй гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намын санхүүжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, сургалт судалгаа явуулах зэрэг олон үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан орон тоогоо нэмж байна гэж төслийн танилцуулгад бичсэнийг онцлон тэмдэглэв.
Ингээд “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай", “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.