С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ногоон нуур орчимд хэрэгжиж буй 1008 айлын орон сууцны төслийн үндсэн бүтээцийн ажил дуусжээ
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөл 2019 оноос эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон холбогдох албаныхан өнөөдөр тус төслийн явцтай танилцлаа.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК, туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах аж.
Тус төслийг БНХАУ-ын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөд зориулах шаардлага тавьсан. Иймд нийслэлийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-нд уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлээд буй.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хууль батлагдвал ирэх жилээс хэрэгжих гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн зүгээс нэгдүгээр ээлжид нам давхрын, 12 мянган айлын орон сууцны төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс төслийн хүрээнд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Уг тендер, сонгон шалгаруулалтад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой” хэмээв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Таны хувьд Хотын даргаар томилогдоод удаагүй байгаа ч маш чухал шийдвэрүүдийг гаргаж байгаа. Элчин сайдын яам болон БНХАУ-ын компаниудын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй барилга, бүтээн байгуулалтын ажлыг ямагт дэмжиж ажиллахад бэлэн байна” гэв.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөлд ойролцоогоор 300 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 50-60 орчим инженер, техникийн ажилчид мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Найман блок барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаж, 21 давхартаа хүрсэн аж. Цаг агаар хүйтэрч байгаа тул дулаалгын арга хэмжээ авч, техникийн давхрууд болон хуурай маягийн гадна фасад, цонх угсралт, дотор сантехникийн ажлуудаа үргэлжлүүлнэ гэдгийг төслийн нэгжээс онцоллоо.