С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нярай хүүхэдтэй хүмүүжигчийн амьдрах байрны орчин, нөхцөлийг сайжруулжээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр ажиллах үеэрээ бага насны хүүхэдтэй хоригдлын амьдрах байрны орчин, нөхцөлийг сайжруулах зөвлөмж өгсөн.
Уг зөвлөмжийн дагуу бага насны хүүхэдтэй хоригдлын байрыг засаж, сайжруулсан талаарх ажлын илтгэх хуудсыг тус хорих ангиас 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр ХЭҮК-т ирүүлсэн байна.
Тухайлбал,
- 1. Нярайн байрны агааржуулалт суурилуулсан.
- 2. Нярай хүүхэдтэй хоригдлын байрны дотор засвар, тохижилт хийсэн.
- 3. Гал тогооны хэсэгт шаардлагатай тоног, төхөөрөмж болох цахилгаан зуух, хөлдөөгч, хөргөгч шинээр суурилуулсан.
- 4. Эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангах зорилгоор цэвэр ус болон хэрэглээний усны зориулалтын шүүгч бүхий төхөөрөмж шинээр суурилуулсан.
- 5. Нярай хүүхдийн тэрэгний налуу замыг шинээр тавьсан зэргээр Комиссын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллажээ.
Түүнчлэн Комиссоос өгсөн үүрэг, зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлэх, хоригдлын эрхийг хангах Олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэх зорилгоор хоригдлыг цалинтай ажлын байраар хангах, хоригдолд ахуйн эд зүйлээр үйлчлэх, ар гэрийн эргэлт, уулзалтгүй хоригдолд ариун цэврийн хэрэглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг тус илтгэх хуудаст дурдаад алба хаагчдын болон хоригдлын эрхийг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч ажиллахаа илтгэх хуудаст онцлон тэмдэглэсэн байна.