С.Амарсайхан: Төрийн худалдан авах ажиллагааны бүх шатанд стандарт мөрдүүлнэ

Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Тус асуудлаар  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан юм. Тэрбээр "Энэ жилээс төрийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд стандартыг нэгдүгээрт тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд хамгийн хямд үнэтэй стандартыг барьдаг байсан бол одоо чанарыг эрхэмлэдэг болж байна. Тэр утгаараа төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээ нийлүүлж буй ААН-ийн гэрээнд стандартын зүйл заалтыг нарийн оруулж өгч байна. Ирэх долоо хоногоос ААН-үүдтэй уулзалт хийнэ” гэлээ. 

Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 692 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээс 148 нь орон нутагт, 237 нь төрийн худалдан авах ажиллагааны газарт, аймаг нийслэлд  300 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.