Стандартыг мөрдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахаар талууд санал, дүгнэлтээ нэгтгэлээ

“Эрсдэл ба стандарт” үндэсний чуулган 3 өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Өнөөдрийн үдээс өмнөх үндсэн илтгэлийг “Хүн амын эрүүл, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүнсний системийн тэсвэртэй байдал” сэдвийн хүрээнд хэлэлцэн, санал дүгнэлтээ баталлаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ”, НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан “Хөрсний бохирдлоос нэмэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн эрсдэл”, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “ХАБҮЛЛ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор О.Нандин-Эрдэнэ Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад лабораторийн үүрэг чиглэлээр тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Харин үдээс хойшхи илтгэл “Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, эрсдэлийг шилжүүлэх асуудал”, “Эрсдэлийн үеийн сэтгүүл зүй” сэдвүүдийн хүрээнд танилцуулж, салбарын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлж, өнгөрсөн гурван өдрийн турш чуулсан хэлэлцүүлгүүдээс 30 гаруй нэгдсэн санал дүгнэлтийг баталсан юм. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргийлэх, шилжүүлэх асуудалд бүх талын дуу хоолойг хүргэх зорилготой “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хааж үг хэллээ. Тэрбээр чуулганыг хааж хэлсэн үгэндээ  “Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “Эрсдэл ба стандарт” үндэсний форумыг Төрийн ордонд холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагууд, Олон улсын байгууллагын төлөөллүүд, Мандал санхүүгийн нэгдэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, иргэд зэрэг салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 2400 гаруй төлөөлөгчийн оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

Мөн 21 аймагт тус форумын салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, энэ цаг үед Монгол хүн бүрийн эрүүл аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлийг даван туулах хамгийн том зорилт, хамгийн том сорилт болсон стандарт хэмээх сэдэв дээр улс үндэстнээрээ нэгдэж СТАНДАРТЫН СЭДВЭЭР АМЬСГАЛСАН ӨДРҮҮД байлаа. 

Өнгөрсөн өдрүүдийн судалгаа шинжилгээний илтгэлүүд, санал дүгнэлтүүд стандартыг эрсдэлийг удирдах арга барил болгон сонгох ёстойг бидэнд батлан харууллаа. Учир нь аливаа  стандарт өөрөө олон удаагийн амжилт ололт, алдаа оноо, олон бүтэлгүйтэл, эрсдэл, цаг хугацаа, мэргэжлийн байгууллагуудын өргөн хүрээний судалгаа, хяналт шинжилгээний шат дамжлагыг давсан, хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг болон батлагддаг. Бид эрсдэлтэй нөхцөл байдалд дасан зохицож, гэнэтийн томоохон эрсдэл, хямралыг даван туулж, тэсэж үлдэхийн тулд “Үндэсний даван туулах чадавх”-аа сайжруулж, хөгжлийн стратегитай уялдуулах шаардлагатай.  Энэхүү стратегийн суурь нь мөн л стандарт байх болно. Аливаа эрсдэлээс улсаа, иргэнээ, эдийн засгаа хамгаалж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээ, үйлдвэрлэл, эдийн засгийг дэмжих бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно” гэлээ. 

May be an image of 12 people, newsroom, dais and text

Чуулганаас гарсан нэгдсэн санал дүгнэлтийг танилцуулж байна

Барилга, дэд бүтцийн тэсвэртэй байдал, хот төлөвлөлтийн чиглэлээр:

• Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах хүрээнд эрх зүйн орчны шинэчлэл хийж, Барилгын ерөнхий хуулийг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох стандартыг шинэчлэх,

• 2002 оноос өмнө баригдсан 7000 орчим барилгыг эхний ээлжинд паспортжуулах олон нийтийн зориулалттай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны 1760 барилгыг эхний ээлжинд паспортжуулах,

• Газар хөдлөлтийн тэсвэржилтийг хангах, хүчитгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах

• Үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны түвшин бууруулах байгууламж тус тус барих, газар чөлөөлөлт эрчимтэй хийх чиглэлээр Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах,

• Үерийн эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийх, үерийн эрсдэлтэй бүсээс хүн амыг нүүлгэн шилжүүлэх,

•  Голын хамгаалалтын бүсийн дэглэм тогтоох асуудлыг судлаж, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж танилцуулах,

• Хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах,

• Нийслэл Улаанбаатар хот болон төвлөрсөн хот сууринд хог хаягдлын менежментийг сайжруулж, дахин боловсруулалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулах

Эрсдэлийг шилжүүлэх, даатгалын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр:

• Даатгалын багц хуулийн шинэчлэл хийх замаар олон тулгуурт даатгалын тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, амьдралын даатгалыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, хариуцлагын тогтолцоог бий болгох,

• Гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхийг бүрдүүлэх,

Эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, стандартыг мөрдүүлэх чиглэлээр:

• “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох,

• Стандартыг мөрдүүлэх замаар гамшгийн болон бусад эрсдэлийг бууруулах,

• Олон улсын эрсдэлийн стандартыг үндэсний стандарт болгох ажлыг үе шаттай зохион байгуулах,

• Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт химийн аюултай бодисын хэрэглээг хязгаарлах, холбогдох стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,

• Хөрсний чанар, бохирдлын түвшинг судлаж, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх арга хэмжээ авах, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх,

Хүн ам, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр:

• Гамшиг, онцгой байдлын үед эрсдэлд өртөх магадлал өндөртэй өрхүүдийн нийгмийн хамгааллын судалгааг нарийвчилж, түүнд тулгуурласан байдлаар хариу үйлчилгээг төлөвлөх,

• Өрхийн мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан гамшгийн болон дараах үеийн эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хамжээ авч ажиллах,

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр:

• Цаг уурын ажиглалтын сүлжээг нягтруулах,

• Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцоолсон стандарт, норм (барилга, авто зам г.м) дүрмийг шинэчлэн батлаж мөрдүүлэх,

• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам, стратегийг хэрэгжүүлэх,

• Орон нутгийн түвшин дэх эрсдэлийг бууруулах хүчин чармайлтыг бэхжүүлэх, уялдуулах,

• Нөлөөлөлд суурилсан “Эрт сэрэмжлүүлэх нэгдсэн систем”-ийг бий болгох хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах

Хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

• “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах,

• Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах,

• Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, чадавхижуулах,

• Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,

• Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,

• Хүнсний стандартуудыг шинэчлэн сайжруулах,

• Агаарын бохирдол, дотоод орчны бохирдол, хөрсний бохирдлыг тодорхойлдог лаборатори, стандартуудыг шинэчилж, сайжруулах зэргийг тусгалаа.