С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Зангиатай нүүрс”-чдийг зарлах цагаар...
Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, М.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ганхуяг, Д.Ариунболд, Я.Батсуурь... Энэ бол Нүүрсний сонголыг зохион байгуулах Хянан шалгах түр хорооноос зарласан 175 гэрчээс улс төрд нөлөө бүхий явсан болон яваа хэсгийн нэрс. Хашиж асан албан тушаалын эрэмбэ нь улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон прокурор, УИХ-ын гишүүд, “Эрдэнэс Тавантолгой” гүйцэтгэх захирал. Өчигдөрхөн тэд Монголын улстөрд ч, хуулийн байгууллагад ч, Төрийн өмчит компанид ч өөрсдийн орон зайтай, нөлөөтэй явсан бол өнөөдөр хамгийн том мөнгөн дүнгээр хэмжигдэж буй нүүрсний хулгайн хэрэгт гэрчээр дуудагдах нь. Санаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нүүрсний хулгай тойрсон асуудал албан ёсоор олон нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн цаг дор Авлигатай тэмцэх газраас 17 хүнийг шууд болон шууд бусаар хамааралтай болохыг зарлаж байв. Тэдгээрт нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нарыг оролцуулахгүйгээр УИХ-ын таван гишүүн тэргүүтэй албан тушаалтнууд багтсан байдаг. УИХ-ын дарга асан З.Энхболд ч энэхүү жагсаалтад багтаж, өдгөө хилийн хоригтой яваа.
Үндсэндээ АТГ-аас зарласан 17 хүний нэрсээс цаашгүй явсан нүүрсний хулгайн асуудал ирэх сарын 4-нд эхлэх Нээлттэй сонсголоор улам баяжиж, түүнд нь хоёр ч Ерөнхийлөгч, хоёр ч Хууль цаазын тэргүүн зөвлөх, УИХ-ын найман гишүүн, “Эрдэнэс Тавантолгой”-н гурван гүйцэтгэх захирал гэрчээр оролцох нь. Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа Ц.Элбэгдоржийн үеийн томилгоотой Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд “Эрдэнэ Тавантолгой”-д холбогдох 178 хуудас материалыг иргэнийхээ хувиар шалгуулахаар өөрөө гардуулж байв. Тавантолгойн ордыг гаднынханд эзэмшүүлэх ажлыг гардан зохион байгуулсны цаана Ц.Элбэгдорж хамааралтай гэж үзсэн Х.Баттулгын эл хүсэлт М.Энх-Амгаланг чөлөөлснөөр замхарсан. Гагцхүү Ц.Элбэгдорж дээр нийгмийн анхаарлыг төвлөрүүлэх замаар Х.Баттулга “Эрдэнэс Тавантолгой”-д эзэн сууж, гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой”-н тэрбум ам.долларын цэвэр ашгийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам руу цутгаж, бүтээн байгуулалтын ажлыг өөрөө гардан ажилласан нь бодит баримт.
Гэдэг нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг ҮАБЗ-ийн зөвлөлийн шийдвэрээр Төрийн нууцад оруулсан нь түрүүчээсээ хардлага дагуулах болсон. Хэдийгээр тухайн оффтейк гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргасан ч түүнд дурдагдсан эргэлзээтэй асуудал олон бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, сайд байхдаа Ц.Элбэгдоржоос жавтий хүртсэн Х.Баттулга, эсрэгээрээ Төрийн тамга атгасан даруйдаа Ц.Элбэгдоржийг иргэний хувиар шалгуулахаар Ерөнхий прокурорт хандсан Х.Баттулгын эс үйлдэл хоёулаа ганцхан Тавантолгойд хамаардаг. Тэгэхээр нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар хамааралтай гэдгээ албан ёсоор АТГ-аас зарлуулчихаад суугаа Х.Баттулга, гэрчээр дуудагдсан Ц.Элбэгдорж нарт холбогдох хардлага, эргэлзээ, бас асуултыг Нээлттэй сонсголоор дэнслэх магадлал нь өндөр юм.
АН Засгийн эрх авахаар аль нэг томоохонд албан тушаалд очоод суудаг бичигдээгүй хуультай Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурорын албаа орхиод Ч.Сайханбилэгийн танхимд Хуулийн сайдаар очиход орыг нь залгасан хүн нь М.Энх-Амгалан. Үндсэндээ нүүрсний хулгайн Нээлттэй сонсголд дуудагсан болон АТГ-аас нэр цохогдсон Ц.Элбэгдорж, Х.Баттулга ч, Д.Дорлигжав, М.Энх-Амгалан нарын хувьд “Эрдэнэс Тавантолгой”-д яг юу болсон талаарх хамгийн сайн мэдээлэлтэй хүмүүс нь. Б.Ганхуягийн үед хулгай гаарсан гэж тодотгож буй ч тэр ганцаараа хэргийн оролцогч биш ардаа МАН, АН-гүй улс төрийн дэмжлэгтэй явсан нь түрүүчээсээ ил болж буй. Өөрөө ч энэ тухайгаа тодорхой хэлсэн, “Намайг шоронгоос гарвал маш олон хүний зүрх зогсоно” гэж. Боловсон хэрнээ бусдадаа дайж буй бодит л сануулга.
Ямартай ч, АТГ-аас зарласан 17 хүний нэрсийн жагсаалтаар эхэлж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруутай эсэхийг шүүхээр дэнсэлж байгаа энэ цаг үед Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд УИХ-аас зохион байгуулах Нээлттэй сонсголд гэрчээр “уригдлаа”. Үнэхээр гэм буруугүй, хэрэгт холбогдолгүй бол зангиагаа зүүгээд гутлаа тослоод очих нь үнэн. Гэхдээ цагдаа, прокурорын бүр шүүгчийн нэрийн өмнөөс бусдыг буруутгаж, байцаах нь эл сонсголыг гол зорилго биш. Тэгэх ч учиргүй. Харин тэнд цугларч, цуглуулсан баримт бодитой эсэхийг хянан шалгаж, холбогдох гэрчээс тайлбар авах нь Түр хорооны үндсэн зорилго мөн эрх нь. Санаж байгаа бол улстөрчид, бизнесийн хамаарал бүхий этгээдүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж үйлдвэр байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нэрийн дор баруун, солгойгүй өндөр дүнтэй зээл авсан ч эргэн төлөлт хийгээгүй явсны улмаас тоносон Хөгжлийн банк нь дампуурч, улсаа дефолтод оруулах эрсдэл рүү түлхсэн нь ердөө нэг жилийн өмнө.
Тэгэхэд эзэн холбогдогчдынх нь нэрсийг зарлаад зогсохгүй УИХ-ын түвшинд Нээлттэй сонсголыг зохион байгуулсны үр дүнд 1.3 их наядын буцаан төлөлт хийгдсэнээр Хөгжлийн банк хэвийн горимд шилжиж, олон улсад нэр хүндээ буцаан өсгөсөн нь саяхан. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн турш “Яг хэн нь хулгай вэ?” гэсэн асуулт, бас эргэлзээг төрүүлж ирсэн нүүрсний хулгайд холбогдох асуудлын учгийг тайлахад удахгүй зохион байгуулах Нээлттэй сонсголын үзүүлэх нөлөө, иргэдэд өгөх мэдээлэл нь их юм! “Зангиатай нүүрс”-чдийг зарлах уу? эсвэл хав дарах уу? гэдгийг харах л үлдлээ.
С.Сүлд