С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Давж заалдах шатны 26 шүүхийг 25 болгон өөрчлөн байгуулна
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлага, шалгууруудыг харгалзан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхтэй зөвшилцөн боловсруулж ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн гэв.
Төслийг боловсруулахдаа холбогдох суурь судалгаа болон Улсын дээд шүүхтэй хамтран баталсан шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг тус тус үндэслэжээ. Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэв.
Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Дүүргийн анхан шатны шүүхийн тухайд Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг өөрчлөн байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, Налайх дүүрэгт байршуулах нь оновчтой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгажээ. Энэхүү шүүх нь мөрдөн шалгах ажиллагаан дахь шүүхийн хяналтыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай процессоор хэрэгждэг тодорхой ажиллагаануудыг болон бага үнийн дүнтэй иргэний хэрэг, зөрчлийн хэргийг харьяалан шийдвэрлэх юм байна. Ингэснээр дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 30-40 хувь багасаж, зохист хэмжээнд очно хэмээн үзсэн байна.
Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгаж, энэ төрлийн шүүхийг байгуулснаар дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 15-20 хувь багасана гэж тооцжээ. Харин орон нутагт гарч буй хэргийн тоо, төрлийг харгалзан энэ төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ тусдаа шүүх байгуулах шаардлагагүй хэмээн үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар орон нутаг дахь анхан шатны шүүх дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь нээлттэй байх нь зүйтэй хэмээн үзснийг Б.Энхбаяр гишүүн төсөл санаачлагчийн илтгэл танилцуулахдаа дурдав.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны нийт 22 шүүх, тэдгээрийн байршлыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосны дагуу хэвээр үлдээх нь оновчтой гэж үзсэн байна.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан 21 аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 21, эрүүгийн хэргийн анхан шатны 21, нийт 42 шүүхийг зохион байгуулалтын хувьд нэгтгэж, шүүхийн ажил үүргийн хуваарь, орон тоог оновчтой тогтоох зорилгоор сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар төсөлд тусгажээ. 21 аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх нь тухайн шүүгчийн ачааллыг харгалзан, дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нээлттэй байгаа аж. Одоо байгаа сум дахь сум дундын 8 шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх нь зохистой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан анхан шатны 90 шүүх төслийн дагуу 61 болох юм байна.
Үргэлжлүүлэн тэрбээр давж заалдах шатны шүүхийн талаарх зохицуулалтын талаар танилцууллаа. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг хэвээр хадгалах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан одоогийн 21 аймгийн давж заалдах шатны шүүхүүдээс Орхон, Дархан-Уул аймгуудын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тусдаа байгуулагдсан байгааг бусад 19 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй адил зарчмаар тус хоёр аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон нэгтгэж, өөрчлөн байгуулахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байх асуудлыг тухайн шүүхийн зөвлөгөөн санал гаргаж, Улсын дээд шүүх шийдвэрлэхээр асуудал нээлттэй байгааг мөн дурдсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг нийслэлд нэг байхаар байгуулахаар тусгасан байна. Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан давж заалдах шатны 26 шүүхийг 25 болгон өөрчлөн байгуулахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 345,627,250.0 төгрөг зардлын тооцоо гарснаас хүний нөөцийн зардал 47,4 тэрбум төгрөг, шүүхийн барилга байгууламж буюу материалын зардал 297,3 тэрбум төгрөг, бусад зардал 900 орчим сая төгрөг байх тооцооллыг мөн Б.Энхбаяр сайд танилцууллаа.
Шүүхийн барилга, байгууламж шинээр барихтай холбоотой төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хамт өргөн мэдүүлсэн байна. Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх боломжит хугацааг Гэр бүл хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, тойргийн шүүх байгуулах заалтын тухайд 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, бусад шүүх байгуулах тухайд 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих боломжтой гэж үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамт өргөн мэдүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх авлигын хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх өөрчлөлт зохицуулалтыг авлигатай тэмцэх бодлогын хүрээнд ердийн горимоор үйлчлэхээр тусгажээ.
Б.Энхбаяр сайдын танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Авлигын дагнасан шүүх байгуулах асуудал төсөлд туссан эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах тодорхой саналаа холбогдох тооцоолол, эх үүсвэрийн хамт 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх” хэмээн тусгасан байгааг Б.Энхбаяр сайд хариулав.