С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Ялах уу!, Ялагдах уу?
Л.Оюун-Эрдэнэ 32 дахь Ерөнхий сайд болсноос хойших, тэргүүлсэн Засгийн газрынх нь тугаа болгож эхэлснээс цааших авлигатай хийх тэмцэл нь хамгийн оргил Эргэлтийн цэгтээ тулж ирлээ. Яг үнэндээ нүүрсний хулгай байдгийг Л.Оюун-Эрдэнэ индрээс зарлаж, Авлигатай тэмцэх газраас 17 хүнийг шууд болон шууд бусаар хамааралтай гэдгийг олон нийтэд дэлгэснээс өөрөөр, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас бусдаар эл асуудал эзэн биегүй, эл хуль явсаар өнөөдрийг хүрсэн юм. Хамгийн том холбогдогчоор нэрлэж, нэрлэгдсэн Б.Ганхуяг нар хохирогчийн дүрээр шүүх танхимаас хэдэнтээ хашгирсныг эс тооцвол улс төр, бизнес дамнасан бүлэглэл байдаг эсэх нь асуултын тэмдэг хэвээр, эцэстээ нүүрсний хулгай зохиомол зүйл үү? гэх эргэлзээ төрүүлэхэд хүргэж байв.
Сонирхолтой ч гэх үү? жигтэй нь нийгэм, улс төрийн амаргүй нөхцөлтэй зэрэгцэн нүүрсний хулгайн тухай анхлан шүгэл үлээж, Ерөнхийлөгчийнхөө түвшинд бодит ажил хэрэг болгох хатуу жавтий хүртэж явсан эл асуудал яг нэг жилийнхээ ой дээр Нээлттэй сонсголоо өлгийдөн авах нь тэр. Цаг хугацааны давхцал нь ингэж таарсан уу? хэлж мэдэхгүй ямар ч байсан Б.Ганхуягаас өөр ярих бас гавих сэдэвгүй байсан улстөрчид түрүүчээсээ “амь орж”, заримынх нь баг хууларч эхэллээ. Сонсголоос урьтаж “Үнэхээр авлигын ёзоороос салъя гэвэл хуулийн болон урьдчилан сэргийлэх аргаар тэмцэх ёстой. Тогтолцоог нь ч том зургаар харж байж үр дүн гарна. Авлига, албан тушаалын хэргийг нуугдмал, далд аргаар үйлддэг. Тэр нь үндэстэн дамнадаг. Авлигачид эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, хуулийнхантай болсон байна. Хөгжлийн банкны хэрэг дээр энэ нь харагдсан. Нүүрсний хэргээр бүр тодорхой харагдана” гэдгийг Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлсэн нь саяхан.
Түүний хэлдэг ч үнэн болж таарсан. Асуудал ганц Б.Ганхуягтаа ч биш түүгээр далдалсан асар том нэгдмэл ашиг сонирхол, айж, эмээх, анхаарал сарниулж, чулуу хөөлгөх танил технологи ард нь явсныг бас байсныг Нээлттэй сонсголын нэгдүгээр үе шатын үеэр олон нийт зах зухаас мэдэж авцгаав. Авлигатай тэмцэх газар нь 17 хүнийг зарласан ч бодитой үр дүнд хүрээгүй, Б.Ганхуяг нарыг жил гаруйн дараа шүүх танхимд дуудсан ч удаа дараа хойшилсон, АН төдийгүй МАН-ынхан өөрсдөө Засгийн газрынхаа тэмцлийг үнэгүйдүүлэх акцад нэгдсэн зэргийн ард ямар шалтгаан яагаад нуугдаж ирснийг битүүхэндээ “Нүүрсний сонсгол” илчлэх нь. Үндсэндээ төдийгөөс өдий хүртэл зүүлгэж, зүүсэн пайз нь том болохоос Б.Ганхуягийн тухайд зөвхөн өнгөлөн далдалт, хугацаа хожих хэрэглүүр, цаашлаад сонгууль хүргэх нүүрсчдийн бүлэглэлийн “амь тариа” нь байсныг эхнээсээ гадарлах болов.
Тавантолгой хэмээх бүлэг ордын 0.4-хөн хувьд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой ХК”-д УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээр дамжуулж АН-ынхан “найрласан” нь эхний сонсголоор ил болсон. Ханбогд сумын Засаг дарга нь хүртэл Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг хэрэгжүүлж гадаадын иргэдэд газар эзэмшүүлээд зогсохгүй Өмнөговь аймаг өөрөө улс доторх улс болтлоо засаглалын хувьд гажсаныг бүгдээрээ харлаа. Хууль, шүүхийн байгууллага нь, нутгийн өөрөө удирдах байгууллагын дээд төлөөлөл болсон ИТХ нь хараагүй, сонсоогүй, мэдээгүй явсан гэх тохуутай ч юм шиг гэнэн тайлбартайгаар. Сонсгол өөрөө хэн нэгнийг яллах, эсвэл гэм буруутайг тогтоох шүүх байгууллага биш. Шинжээчийн дүгнэлтэд тулгуурласан нотлох баримтад үндэслэж, холбогдох гэрчээс тайлбар авдгаараа онцлог. Тэнд ярьсан, түүгээр ил болсон зүйлийг шалгах, гэм буруутай эсэхийг тогтоох нь хуулийн байгууллагын мэдэх асуудал гэсэн үг.
Гагцхүү цаасан дээр 51 хувь нь орон нутгийн өмчид явдаг, одоо ч яваа “Тавантолгой ХК”-д жижиг хувьцаа эзэмшигч гэсэн тодотголтой УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэрхэн даам гарч, намын болон төлөөний хүмүүсээ тэтгэж, тордож ирснийг баримтаар гэрэл цохиулсан Нээлттэй сонсголын хоёрдугаар үе шат Төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” компаниар үргэлжлэхээр товлосон нь хөшгөө нээлээ.
Нээлттэй сонсголын танхимыг Ардын Намынхнаар дүүргэнэ, бараг багтахгүй гэдгийг Түр хорооны дарга нь егөөдөөд хэлчихсэн. Тэр дагуу 300 гаруй хүнийг гэрчээр дуудсаны дотор МАН-ын генсек, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Л.Оюун-Эрдэнийн танхимын хэд хэдэн гишүүн багтжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амин найз гэгддэг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хүртэл сонсголд дуудагдсанаас харахад Нүүрсний сонсголын маргаангүй оргил цаг нь тэд байх нь. Мэдээж тэдний дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг яллах, ял тулгах нь энэ сонсголын үндсэн зорилго биш. Буруутай бол буруутай. Буруугүй бол буруугүй гэдгээ хууль тогтоох дээд байгууллагын өмнө хэлцгээнэ.
Гэхдээ “Нүүрсний сонсгол”-ын хоёрдугаар үе шат хөшгөө нээхээс хаах хүртлээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ярьж, түрүүчээс нь хэрэгжүүлж буй авлигын эсрэг тэмцлийн улс төрийн барометр нь болно гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Үндсэндээ энэ хүртэл хийсэн тэмцэлдээ ялах эсэх нь “Нүүрсний сонсгол”-ын уур амьсгал, тэнд дурдагдах нотлох баримтаас бүрэн хамаарна.
Дундаас нь дуусгах, дутуу орхих, бүр эсвэл улс төрийн тохироотой дуусгавал нүүрсчид ялж буйтай агаар нэг. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө бичсэнээс өөрцгүй хайчин галд хүссэн ч эс хүссэн орж таарна. Цаашид ямар ч гоё сайхан санал, хуулийн хариуцлага сануулаад нийгэм нь, ард түмэн хүлээж авахгүй. Тийм болохоор л түүний, тэргүүлсэн Засгийн газрынх нь ялах, ялагдлын Эргэлтийн цэг нь бодит утгаараа “Нүүрсний сонсгол” болчихоод байгаа юм. Юу үнэн энэ л үнэн!
Г.Эрхэс