Монголын анхны “Plus size” модель М.Чариотын биеийн харьцаа 103, 75, 103

Урин дулааны улирал эхэлсэн энэ үед охид бүсгүйчүүдийн усны хувцас, бариу даашинз, гоё ганган хувцаслаж, эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн  бие галбираа гайхуулсан зургууд цахим орчноор хөвөрч байна. Дэлхий дахинаа мяраалаг хэрнэ галбирлаг бүсгүйчүүд загварын тайзнаа алхаж, брэндийн нүүр царай болж байна. Тэдний нэг болох монголын хамгийн анхны   “Plus size” модель М.Чариот бүсгүй юм. Orsay/German brand/, Miloo /Mongolian brand/-н нүүр царай болсон бүсгүйн биеийн харьцаа 103, 75, 103.  Галбирлаг байхыг олон мянган охид бүсгүйчүүдэд зөвлөж, цахим орчинд өөрийн гэсэн “ертөнц”-ийг бий болгосон түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу. Таны нэр их өвөрмөц юм?

-Сайн байна уу. Намайг М.Чариот гэж дууддаг. Хүмүүс ямар сонин нэр вэ. Хэн гэнээ гэж гурав дөрвөн удаа хэлүүлдэг. Чариот бол миний хар цагаан хэл амнаас хамгаалдаг чулуу байгаа юм. Би шашин шүтээд гандан хийд ороод байдаггүй ч тодорхой хэмжээний итгэл үнэмшилтэй. Одоо 23 настай. Хувиараа хувцас загварын ажлууд хийдэг.

-Нэгэн үе загварын тайз нь дээр туранхай гоолиг бүсгүйчүүд алхана гэсэн ойлголттой байсан. Гэтэл загварын ертөнцөд мяраалаг галбирлаг бүсгүйчүүд хүч түрэн орж ирсэн. Анх модель болсон түүхээсээ хуваалцаач?

-Анх 20 настай  нэг ч  зурагчин танихгүй. Поз авч мэдэхгүй зураг авалтад орох байтугай селфи ч хийх дургүй байлаа. Хувцас загварт дуртай маань л энэ зам руу хөтөлж  оруулсан даа.  Эгчтэйгээ Монгол брэнд үүсгэн байгуулаад модельгүй байсан болохоор би өөрөө өмсөж моделийн карьераа эхэлсэн.

-Гурван бүдүүн хамтлагийн Хөвсгөр бүсгүй дуyны клипэнд  “Plus size”-тэй  бүсгүйчүүд тоглосон. Тэднийг  үзэгчид их сайхан хүлээж авсан санагддаг юм. Таныг эмэгтэйчүүд их эергээр хүлээж авдаг байх.  Харин эрчүүд ямар хандлагатай байдаг вэ?

 -Надад тэр дуу таалагддаггүй ээ. Уучлаарай. Таргалалтыг магтан дуулах буруу. Би хүмүүсийг таргал гэж уриалдаггүй. Харин тарган байгаа бол галбирж, ганган бай өөртөө итгэлтэй бай л гэдэг.  Тэгвэл хүссэн хэмжээндээ хүрч хувирч чадна л гэж зөвлөдөг. Эрчүүд надад тал засаад тэгж хэлдэг юм болов уу угаасаа тийм байдаг юм болов уу "Махлаг хүүхнүүд л гоё" гээд байдаг шүү дээ. /инээв/

-“Plus size”-тэй модель болоход биеийнхээ галбир болон гоо сайхан гээд бүхий л зүйлдээ анхаарал хандуулдаг байх?

 - Мэдээж тэгэлгүй яах вэ. Үс гэзэг, хумс хуруу, нүүр царай, бие хаа гээд бүгдийг анхаарах ёстой. Би ч бэлхүүс, гарын булчин, хөлийн шилбэ  гуравтаа их санаа зовдог. Ер нь энэ хэсгүүдээр нарийн байж чадвал болох нь тэр гэж боддог юм.

-Нууц биш бол таны биеийн харьцаа хэд вэ?

-103 75 103

- Туранхай байвал сайхан харагддаг гэх ойлголт бий болчихсон юм шиг санагддаг. Турах гэж байгаад амь нас нь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.  Эрүүл аргаар хэрхэн турах ёстой байдаг вэ?

-Сайн унтаж, ус ууж, хоол хүнсэндээ ногоо  хэрэглэх хэрэгтэй.  Би гүйж харайгаад байдаггүй. Харин сайн алхдаг. Манайхан өчигдөр гэнэт таргалчихсан юм шиг яарч хурдан хугацаанд турна гэж буруу зүйлс хэрэглэснээс  болж эрүүл мэндээрээ хохирдог тал бий. Эрүүл аргаар турахад хугацаа чухал биш

-Эмэгтэй хүн бүхэн туранхай байхыг хүсдэг нь нууц биш. Гэхдээ туранхай байхаасаа илүү биеийн зөв галбиртай байх нь чухал санагддаг. Таны бодлоор гоё биетэй эмэгтэй хүн гэж ямар биетэй байхыг хэлэх вэ?

-Гарын булчин бэлхүүс хөлийн шилбэ нарийн байх нь эмэгтэй хүний хамгийн төгс галбир гэж боддог.

- Та биеийнхээ галбирт хэрхэн анхаардаг вэ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нууц чухам хаана оршдог юм бол?

-Бүс корсет зүүнэ, Ууланд алхаж, хоолны дэглэм барьдаг. Инээж байгаа эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй. 

-Танаас олон охид бүсгүйчүүд эрч хүч авч, даган дуурайж, хувцаслалт нь дээрээ анхаарч, зөвлөгөө авч амьдардаг юм шиг санагддаг. Та бүгдэд нь чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч амждаг уу?

-Мэдээж амжуулалгүй яах вэ. Завгүй байсан ч яаж ийж байгаад зөвлөгөө өгдөг. Энэ чинь миний ажил шүү дээ. Миний өчүүхэн ч болтугай хэрэг гарч байвал би баярлана.

-Танай гэр бүлийнхээ таны загварын карьер болон зураг авалтын ажлыг хэрхэн дэмждэг вэ?

-Манайхан мэдсэн ч мэдээгүй юм шиг харсан ч хараагүй юм шиг л өнгөрдөг. Намайг өөрийгөө мэдэж байгаа л гэж боддог байх.

-“Туранхай хүмүүст таарсан хувцас хийх юм” гэж үндэсний брэндээ шүүмжлэх эмэгтэйчүүд байдаг. Та загвар зохион бүтээж, брэнд бий болгож байгаа. Магадгүй “Plus size”-тэй бүсгүйчүүдэд зориулсан брэнд үү?

 -Би одоогоор яг чиг хандлагаа тодорхойлоогүй байгаа. Удахгүй маш том  гоё хувцсаар дагнасан дэлгүүрээ нээх төлөвлөгөөтэй байгаа. Plus size models бэлдэж Монголдоо шоу хиймээр байна.

-Таныг “Мiss universe 2019”-д оролцож байгаа гэж сонссон. Магтаалын хажуугаар сөрөг шүүмжлэл сонсч магадгүй. Сэтгэлзүйгээ хэр бэлдсэн бэ?

-“Miss universe 2019”- д оролцож байгаа.  Мэдээж шүүмжлэл, магтаал зэрэг ирнэ. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаа. Надаас бусад нь skinny models би дунд нь ганц эрхий хуруу шиг л юм байх биз. Гэхдээ зүгээрээ би чинь plus size буюу нэмэх размерын  модель шүү дээ. Та бүхэн бас тэр талаас нь харж намайг шүүгээрэй. Бусдаасаа ийм тийм гэж битгий хараарай гэж хүсмээр байна.

 

                                                                                                                                                          

                                                                                          С.Ичинхорлоо