Бүсчилсэн хөгжлийн “БИЕ ХАЛААЛТ” гүйцэтгэх засаглалаас эхэллээ

"Бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимжиж, жалга довны үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн шинэ оны босгон дээр мэдэгдсэн Ерөнхий сайдын мэндчилгээний үг хуучраагүй байхтай зэрэгцэн Засгийн газрын хуралдаанаас нэгэн шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Монгол Улсад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж бий.

Аль 2001 онд УИХ-аас баталсан эл үзэл баримтлалаар “...Улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино...” хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон ч биеллээ олох нь битгий хэл цаасан дээрээ үлдэж, хав дарагдсаар 23 жилийг үдсэнээр 2024 онтой золгов. Угтаа бол эдийн засгийн бүсчлэл тогтоож, түүгээр дамжуулан бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон харьцангуй бие даасан тогтолцоонд суурилсан нийгмийн цогцолборуудыг бүрдүүлэх нь зорилтыг хангах үндсэн арга зам гэдгийг тодорхойлсон нь одоо ч цагаан дээр хараар бичээстэй байна.

Гэвч том төсөл, хөтөлбөр тойрсон дотоодын улс төрийн дажин, тойрог шүтсэн УИХ-ын гишүүдийн аминч үзэл нь хот, хөдөөгийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг арилгаж, тэгшитгэх үзэл баримтлалынхаа үндсэн агуулгыг үгүйсгэж, баллуурдсаар өнөөдөртөө золгосон нь маргашгүй үнэн юм. Хэрэвзээ УИХ-аас баталсан тогтоол нь тогтоол шиг албаждаг, гүйцэтгэх засаглал нь түүнийг хууль мэт хэрэгжүүлдэг байсан бол өнөөдрийн Монгол Улсын дүр зураг, эдийн засгийн чадамж нь арай өөр түвшинд байх байжээ. Тэгш бус байдлын үзүүлэлт ч одоогийнх шиг хэмээнд хүргэхгүй л байв. Гэвч Төрийн бодлого шийдвэрийг бүхэлд нь сонгуулиас сонгууль дамнаж үдлээд буцах дундын буудал болгож, зорилтот бүлэг рүү чиглэсэн халамжийн бодлогод чиглэж ирснээс бусдаар бүсчилсэн хөгжлийн зураглал тунхаг төдий явж ирсэн нь бодит, бас гашуун үнэн.

Харин энэ удаад Засгийн газар нь шинэ оны анхны хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж Төрийн байгууллагуудыг байршуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон нь анхаарал татах сэдэв болов. Өнгөрснөөсөө сургамж авч, өмнөх алдаагаа давтахгүй байх талаасаа мэдээж зөв шийдвэр. Дэмжих ч ёстой шийдэл. Төсөлд дурдсанаар орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзаж нийслэлээс нүүлгэн байршуулах талаар авна гэжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд буюу 2001 оны УИХ-ын 57 тогтоолын дагуу хуваарилалт хийнэ гэсэн үг.

Уг үзэл баримтлалт тусгаснаар байгаль, түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг харгалзан Баруун бүсэд: бэлчээрийн мал аж ахуй, усалгаатай тариалан, жижиг, дунд боловсруулах үйлдвэрийг; Хангайн бүсэд: бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, амралт, сувилал, жижиг дунд үйлдвэр, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр; мод боловсруулах үйлдвэрийг; Төвийн бүсэд: бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, амралт сувиллын үйлчилгээ, оюуны багтаамж ихтэй бусад үйлдвэрлэл, үйлчилгээг; Зүүн бүсэд: уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлалыг; Улаанбаатарын бүсэд: оюуны багтаамж ихтэй бүх төрлийн үйлдвэр, үйлчилгээ, олон улсын банк санхүүгийн сүлжээг  тус тус тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр заасан байдаг.

2001 оны Монгол Улс 2024 оны Монгол Улсын хөгжлийн түвшин, эдийн засгийн чадамжийг харьцуулах нь мэдээж өрөөсгөл. ДНБ-ий хэмжээ нь ч хэд дахин өсч, нугарснаар тэнгэр, газар шиг ялгаатай болсон нь ойлгомжтой. Тэгэхээр 2001 онд УИХ-аас анх баталсан ч бодит үр дүнд хүрээгүй, хүрэхийг ч хүсээгүй явж ирсэн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Засгийн газрын саналаар томоохон суурь өөрчлөлт хийх нь тодорхой. Сонгуулийн тойргийн хуваарилалтыг орон нутагт 7, нийслэл Улаанбаатард 6, нийт 13 томсгосон тойрог буюу бүсчилсэн байдлаар хийсэн. Монгол Улс өөрөө нэгдмэл байхаар Үндсэн хуульдаа заасан ч 76 гишүүн, 76 тойрог гэсэн хувь улстөрчийн, түүнийг дагасан жалга довны үзлээр асуудалд хандаж ирсэн 30 жилийн уламлжлал ирэх сонгуульд үйлчлэхгүй гэсэн үг. 

Үндсэндээ хувь улстөрчийн биш улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих, нэгдмэл байх “Эцэг хууль”-ийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх анхны бөгөөд түүхэн сонголтыг Монгол Улс ирэх зургаадугаар сард хийх юм. Гагцхүү түүний эхлэл болгож Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилж, “амь оруулах” төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэхээр тогтсон нь нэг талаараа Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах суурийг тавьж, нөгөө талаар 2019, 2023 онуудад хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүтэн хэрэгжүүлэх гол хөшүүрэг болох нь.

Г.Эрхэс