С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Т.Сүхболд, Д.Дэлгэрсайхан нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлолоо. Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж Байнгын хороонд ирүүлснийг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулав.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.2.Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.”, “4.5.Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулах үе шатыг баримталжээ.
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон юм.
2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14.00 цагт Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлаас зохион байгуулах ... нэр дэвшигчийн, ... сонсголд тухайн асуудал эрхэлсэн Байнгын, ... хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцох ...” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь буюу Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Г.Занданшатар, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар Байнгын хорооны сонсголд хүрэлцэн ирж, ирц бүрдэж, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд “Сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн тухайн нэр дэвшигч албан тушаалд шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгана. Тухайн тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.” гэж заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр сонсголын тайланг дэмжсэнийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Ж.Сүхбаатар гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан нар асуулт асууж, нэр дэвшигчид болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаас хариулт, мэдээлэл авав.
Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байдаг. Тус хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалттай. Гэхдээ албан тушаалаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдож байгаа тохиолдолд нэр дэвшигчийн сонсгол хийх шаардлагагүй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар илэрхийлж, цаашид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Түүнчлэн гишүүд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн явцад сошл орчны зүй бус нөлөөллөөс сэргийлэх боломж, төлөвлөгөөний талаар тодруулж байлаа. Манай улс нь сошл хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг гэдгийг нэр дэвшигч Т.Сүхболд хэлээд “Цагдаагийн байгууллагын зүгээс цахим орчин, сошл сүлжээн дэх хуурамч хаягуудыг илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 40 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 80 хүнтэй газар болгон өргөжүүлэхийн зэрэгцээ техник хэрэгсэл, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх олон ажлыг хийсэн. Гэсэн хэдий ч технологи өдөр тутамдаа шинэчлэгдэж байгаа тул зэрэгцэж ажиллахын тулд бид техникээ шинэчлэх, сайжруулах шаардлагатай. Цахим орчин, нийгмийн сүлжээнд хуурамч хаяг нээж бусдад гэм хохирол учруулж, хураамч мэдээлэл тараах гэх зэрэг гэмт хэргийн илрүүлэлт 2023 онд 50.3 хувиар нэмэгдсэн” гэв. Цаашид энэ чиглэлээр хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах боломж бий гэдэг мэдээллийг тэрбээр өгөөд “Интернэтийн сүлжээн дээр зохих хэмжээний үнийн дүнтэй, олон улс болон Монгол Улсын хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгслийг тавьж хуурамч хаягуудыг илрүүлэн, жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлснээр тэдгээрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг бүрэн хаах боломжтой” гэв. Одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуурамч хаягийг илрүүлэх боломж бий ч хаах ямар ч бололцоо байхгүй байгааг мөн хэлж байлаа. Илрүүлсэн хуурамч хаягуудын жагсаалтаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ, тус байгууллагаас үндсэн байгууллага руу нь хүсэлт илгээхэд 2-3 хоногийн дараа хариу өгнө, эсвэл 3 сар хариу өгөхгүй байх тохиолдол ч бий. Харин холбогдох шийдлүүдийг хийсэн тохиолдолд 1-3 цагийн дотор хуурамч гэдэг нь тогтоогдсон хаягийг хаах, хязгаарлах боломж бий. Тиймээс үүнийг дотооддоо шийдвэрлэх эрх зүйн орчин, механизм, техникийн шийдлээ бүрдүүлэн ажиллах нь илүү үр дүнтэй байх боломжтой гэдэг шийдлийг нэр дэвшигч Т.Сүхболд хуралдааны үеэр танилцуулж байсан.
Улсын Их Хурлын ээлжит сонгууль нь ард түмэн засаглах эрхээ хэрэгжүүлж төр засгаа сонгон байгуулдаг чухал үйл явц, харин энэ үеэр AI буюу хиймэл оюуны технологид суурилан зорилготойгоор, хуурамчаар бүтээсэн дуу, дүрс, зураг, бичлэг гэх зэрэг хуурамч контентууд нөлөө үзүүлж, тодорхой үр дагавар үүсгэх эрсдэлтэйг гишүүд хэлж, үүнээс сэргийлэх, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж асууж байлаа. Цагдаагийн байгууллагаас цахим орчин, сошл сүлжээн дэх хуурамч байх магадлалтай дуу, дүрс, зураг, бичлэгтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд тухайн контентод 30 секундээс 3 цагийн хугацаанд дүн шинжилгээ хийж, нягтлан шалгаж, шинжээчийн дүгнэлт гарган ажиллах бүрэн боломжтой гэдэг хариултыг нэр дэвшигч Т.Сүхболд өгсөн.
Ирэх сонгуульд нэр дэвшигчдийн тоо мянгаар тоологдох магадлалтай тул Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”-ыг нэр дэвшигч бүр дээр мөрдүүлэх чиглэлд онцгой анхаарахыг Ц.Даваасүрэн гишүүн хэлж байлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээ, одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүдэд холбогдолтой мэдээлэл өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар П.Дэлгэрнаран дарга гишүүдийн тодруулсны дагуу мэдээлэл өгсөн. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шат дараатайгаар хийж, холбогдох талуудад арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэн ажиллах болно гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурлын ээлжит сонгууль шударга явагдах ёстой гэдгийг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар тодруулж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон нэр дэвшигч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нараас хариулт, мэдээлэл авсан. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг П.Дэлгэрнаран дарга өгсөн. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар 79 албан бичгээр 293 өргөдөл, гомдол ирсэн болохыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ. Тодруулбал, сонгогчийн бүртгэл мэдээлэл давхацсан асуудал огт гараагүй гэдгийг хэлэв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд сонгогч хаягийн бүртгэл дэх сонгогчийн жагсаалттай танилцах эрхтэй болсон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.gov.mn хуудсаар шалгах боломж нээлттэй байгаа; Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэн нам, эвсэлд нэрийн жагсаалтыг хоёр удаа хүргүүлэхээр хуульчилсан; нэрийн жагсаалт үйлдэх үйл явцыг нээлттэй болгосон гэдэг мэдээллийг тэрбээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ хэлж, энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас хийж буй арга хэмжээний талаарх холбогдох мэдээллийг өгсөн.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу нууц санал хураалт явуулав. Дагвадоржийн Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 32 нь буюу 80 хувь нь, Төмөрбаатарын Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Иймд Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх санал хураалтыг нууцаар явууллаа. Гишүүдийн 82.5 хувь нь дэмжлээ. Түүнчлэн Жамсранжавын Болдыг ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.5 хувь нь дэмжсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.
Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлж байгааг дурдаад гишүүд чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг санууллаа. Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцаж санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг тус Дэд хорооны дарга Ж.Батсуурьт сануулсан юм. Түүнчлэн үеэр AI буюу хиймэл оюуны технологид суурилсан хуурамчаар бичлэг сонгуулийн дүнд нөлөө үзүүлсэн талаарх гадны жишээг дурдан, энэ төрлийн хуурамч контент нь сонгуулийн үр дүн төдийгүй улс төр, нийгэмд нүүрэлж буй хамгийн том эрсдэл, аюул болоод байгааг анхааруулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.