С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Давосоос дэлхийд зарлах Монголын гол мессеж
Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, ДНБ-ий хэмжээ 63.3 их наядад хүрэв. “Евро” болон “Самурай” бондын нийт 700 сая ам.долларыг Хөгжлийн банк хоёрхон сарын циклтэй өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулав. “Welcome to Mongolia” уриан дор 42 улсын 155 цэгт нислэг үйлдэл боломжийг бүрдүүлж, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг аялал жуулчлалын салбараас дотоодын зах зээлд шингээв. Ингэснээр Монгол Улсын гадаад нэр хүнд өсөхийн хэрээр аялахад таатай орны жагсаалтыг анх удаагаа тэргүүлж, дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүрэв. Зөвхөн СNN, National Geography тэргүүтэй олон улсын агентлагтай эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд гадаад орчин дахь Монгол Улсын талаарх ойлголт эерэг ойлголт 38 хувиар өссөн судалгаа бий.
Ийм нэгэн дүр зураг бүхий тоон үзүүлэлтийг Монголын Ерөнхий сайд Швейцарын Давос хотноо зохион байгуулах дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс танилцуулах нь. 2017 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 онд Гадаадын харилцааны сайд Д.Цогтбаатар, 2019 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, 2020 онд Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар оролцож байсан бол энэ удаад Ерөнхий сайд нь өөрөө оролцохоор болсон нь мэдээж учиртай. 53 дахь удаагийн Давосын чуулганы уриа нь “Итгэлийг эргэн сэргээе”. Харин Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий түлхүүр үг нь “MonGOlia, Always Moving”. Эл түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж буйг зарласан нь шинэ оны өмнөхөн болж өнгөрсөн үйл явдал.
Энэ нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд нь ч өөрөө онцолсон. Үндсэндээ Монгол Улс эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж үзэж буй юм. Төрийн тэргүүний түвшинд, эсвэл Засгийн газрын гишүүний статустайгаар оролцож ирсэн Давосын чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцохоор болсны үндсэн шалтгаан энэ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн, өрнөсөн хөгжлийнхөө алдаа, онооноос том сургамж авсан Монгол Улс дараагийн 30 жилийнхээ шинэ “газрын зураг”-аа дэлхийн улс төр, бизнес, технологи тэргүүтэй салбар, салбарын томоохон удирдагч, төлөөлөгчид оролцдог Давосын чуулганы индрээс танилцуулах нь гол мессеж болох нь.
Г.Эрхэс