С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хямралыг БОЛОМЖ болгосон гурван жил
Хямрал гэдэг үгийг Хятад ханзад хөрвүүлбэл боломж, эрсдэл хэмээх хоёр үгийн нэгдлээс бүрддэг. Үндсэн агуулгаа бүтээж, бас илэрхийлдэг гэсэн үг. Бичиглэл, бас утга зүй нь яагаад ийн хоршиж холбогддогийг мэдэхгүй ч хямрал бүрийн цаана боломж, эсвэл эрсдэл байдаг гэж утгачилбал үнэнд арай дөхнө. Үүн шиг гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн уур амьсгалаас үүдэлтэй эрсдэл болгоны ард боломж нэхсэн асуулттай хямралын шуурган дундуур Монгол Улс туучсаар даруй гурван жилийг үдэв. 2020 оны эхэн үеэс улбаатай “Ковид”-ын цар тахлын нөлөө урагшаа, хойшоо хоёрхон гарцтай байж болохгүйг хил хаагдаж, тэг зогсолт хийсэн хэдэн сарын хугацаа бидэнд хангалттай мэдрүүлсэн. Төмөр зам яагаад хэрэгтэйг, түүгээр дамжин өнгөрөх ачаа тээврийн эргэлт ямар чухал гэдэгт эдийн засгийн үзүүлэлт бодитоор дүн тавьсан.
Гэлээ гээд гараа хумхиад зүгээр сууж болохгүйг, гадагшаа чиглэсэн гарцаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйг Төр нь өөрөө ухаарч нэн тэргүүнд урд хөршдөө айлчлал хийсэн нь 2022 оны хоёрдугаар сар. Асуудал нь тэдэнд биш бидэнд, алдаатай бодлогын уршиг нь Хятадад бус Монголд хүндээр тусч ирснийг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтаар харилцан ойлголцож, 14 жил дотоодын “хориг”-той явсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргааныг эцэслэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан түүхтэй. Араас нь Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын ажлыг эхлүүлэв. Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэл нь Бичигт-Зүүнхатавч бол баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурийн эхлэл цэг нь Шивээхүрэн-Сэхэ гэдгээрээ онцлог. Энэ хооронд Ханги-Мандалын боомтыг холбох 226.9 км төмөр замыг хувийн хэвшил нь найман сарын хугацаанд барьж ашиглалтад оруулав.
Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойших улс төр, эдийн засаг, гүйцэтгэх болон парламентын засаглалын де-факто нь эцэстээ төмөр замынхаа жам ёсны хөгжлийг багалзуурдаж, бас боомилж байсныг Төр нь өөрөө хүлээн зөвшөөрч бодит үнэнтэйгээ эвлэрсэн нь эл хямралын гавьяа, түүнийг боломж болгож чадсанд асуудлыг зангилаа оршиж байгаа юм. Үүнийгээ Боомтын Сэргэлт гэж нэрийдэв. Бүх зам Ром ордог гэдэг шиг Монгол Улс хөгжих нь үнэн л юм бол Хятад хэмээх аварга зах зээлийн өрөг дээр өөрсдөдөө байгаа бодит боломжийнхоо хэрээр нүүж байх учиртай. Төмөр замд төвлөрсөн дотоодын зодоон 14 жил үргэлжилж, эдийн засгийн алдагдсан боломж нь 80 их наядаар хэмжигдэж буй нь бидэнд үлдсэн гашуун сургамж.
Гэхдээ хямрал зөвхөн төмөр замыг асуудлыг шийдвэрлэхэд, де-юри болгох боломжийг олгосон уу? гэвэл үгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх жил дамнасан тэмцлийн үр дүнд системээ сууриар нь өөрчлөх зам руу Монгол Улсыг хөтөлж, сонгодог парламентын тогтолцоо руу дахин нэг алхам ойртууллаа. ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрш, их гүрний дунд Монгол Улс ардчиллын баянбүрд гэсэн статусаа хадгалах, оршин байгаагийн үндэс нь байнгын ажиллагаатай парламентын тогтолцоо ч 1992 оноос хойш эмхэлж ирсэн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа нь бүхэлдээ тойрог шүтсэн эрх ашиг, жалга довны үзлээс хэтрэхгүй болтлоо жижгэрч, давжаарсан нь Монголын бодит зовлон болсон нь маргашгүй үнэн.
Том төслөө тордож, урагшлуулах бус сонгогдсон тойрогтоо дархлагдах УИХ-ын гишүүдийн аминчхан хэрнээ эцсийн чин хүсэл нь эрчим хүчний шинэ эх үүсвэрээс эхлээд улс орны хэмжээний эрх ашгийг унагааж, гацааж, үгүйсгэх хамгийн том тээг болдгийн зохих хариулт өнөөдөр ч бусдаас хараат яваа дүр зураг. Ийм байдалтайгаа эвлэрэх нь Монгол Улсыг төлөөлдөг 76 гишүүнд биш 3.5 сая иргэнд хохиролтой, хөгжлийг гацаагч гол үндэс нь учраас тоог нь 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоог холимог болгож, тэрийгээ Үндсэн хуулиар баталгаажуулав. Тоо гэхээсээ чанар нь чухал байхаар тооцож, тойргийн хуваарилалтыг бүсчилсэн байдлаар байгуулахаар нэмж шигтгэсэн нь том зургаараа Монгол Улс 1992 онд “эх барьж”, 2020 оныг хүртэл нэг насаар бойжуулж, бөөцийлсөн жалга довны үзэлд цэг тавив.
Үндсэндээ нэг аймгийн хөгжлийг нэжгээд гишүүн ярихгүй, тийм боломжийг анх удаа хуулиар хязгаарласан нь энэ. Ирэх сонгуулийн үр дүнгээр шинээр бүрдэх 126 гишүүн тухайлсан асуудал бүрд гурваас дөрвөн аймгийн хөгжлийн талаар буюу бүсчилсэн байдлаар хамгийн багадаа долоон хууль тогтоогч саналаа нэгтгэнэ гэсэн үг. Үр дүнд нь Монгол Улсын дараагийн дөрвөн жилийн хөгжил аймгуудын угтах хаалгаар бус аж үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр дагнасан эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэж, өрсөлдөөн бий болно. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаа урагшуулж, хэд хэдэн шинэ гарц эрэлхийлэх боломжийг “Ковид”-ын цар тахал олгосон бол ОХУ, Украины дайнаас үүдсэн олон улсын хямралт нөхцөл байдал дипломат бодлогын суурь үзэл баримтлал дараалсан айлчлалыг түүчээлж, хоёр их гүрний дундах Монголыг НҮБ-ын “ногоон индэр”-тэй зэрэгцэх хэмжээний шинэ шатанд гарах гүүр болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Хэрвээ шүү!, Хэрвээ “Ковид”-ын цар тахал гараагүй, түүнийг залгуулаад ОХУ, Украины дайнаас үүдсэн эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай нүүр тулаагүй бол Монгол Улс дараагийн 30 жилийнхээ хөгжлийн суурь өөрчлөлтийг зоригтой эхлүүлэх байсан эсэхийг таашгүй. Гагцхүү хямралыг боломж болгож харснаараа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо хангалттай ашиглаж чадсанаараа, хүний өөрийн гэлтгүй нам харгалзахгүйгээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх замаар дотоодын улс төрөө зөв зам руу залуурдаж эхэлсэн нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд бий болсон хамгийн том ололт нь.
Үлдсэн нэг асуудал нь гэвэл Хөгжлийн банк, Тавантолгой тэргүүтэй хулгайд хамаарах Нээлттэй сонсголоор дамжуулсан шүгэл үлээлт газрын наймаанаас эхтэй Улаанбаатарын уг агуулга руу орох уу? гэдэг нь АСУУЛТЫН ТЭМДЭГ хэвээр байна! Авлигын эхийг бүрмөсөн таслаагүй цагт асуудал цааш ундарсаар л байна. Гагцхүү боломж, эрсдэл хоёрыг зэрэгцүүлж, хоршуулснаар бүтдэг “Хямрал”-аас дараагийн 30 жилийнхээ хөгжлийг олж харж, тодорхойлж чадсан шигээ хот хэмээх их айлд бугшсан дунд шатны системийн авлигыг цэгцлэх нь цаг хугацааны л асуудал болох нь.
Шатыг доороос нь биш дээрээс эхэлж шүүрддэгттэй агаар нэг хууль тогтоох дээд байгууллагад хийсэн шинэчлэл, тогтоолцооны өөрчлөлтийг Улаанбаатар хотод ч хийж байж эхлүүлсэн реформ нь “элэг бүтэн” болох учиртай. Ерөнхий сайд ч өөрөө хэлсэн, “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж. “Авлигын тэмцлийг улам эрчимжүүлнэ. Ямарваа нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй бодлого барина” гэдгийг ч онцолсон. Одоо бидэнд бодит үр дүн хэрэгтэй. Боомтын гацааг гаргасан шиг, тогтолцооны хувьд том үсрэлт хийсэн шиг тийм л улс төрийн эр зориг, манлайлал авлигын аварга царс модыг бүхэлд нь тасдаж, унагаахад чиглэх ёстой. Эцсийн дүндээ авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлэхийг нийгмээрээ хүсэж байна. Юу үнэн энэ үнэн!
Г.Эрхэс