Төсөв тэлсэн ч Төрийн хэмнэлт үргэлжлэх нь!

Намрын чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийх товчтой ч Засгийн газраас бас нэгэн хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын босго давууллаа. Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн өргөн мэдүүлсэн эл төслийн нэр нь Төрийн хэмнэлтийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах. Гадаад, дотоод орчинд үүссэн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэж Засгийн газраас Төсвийн тодотголыг боловсруулж, яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан нь 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр. Төсвийн тодотголыг баталсан өдрөөс бас нэгэн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн нь Төрийн хэмнэлтийн тухай. Үүгээр нийслэл хоёр, бусад аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглож, хязгаарласан түүхтэй.

Мөн УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга, яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга нар хот дотор том оврын автомашин албаны хэрэгцээнд ашиглахыг хориглосон юм. Зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хүртэл энэ хуулиар хязгаарлаж байв. Өөрөөр хэлбэл, хямралт нөхцөл байдлыг даван туулахад хэмнэлтийн горимд шилжих санаачилга Засгийн газрын түвшнээс гарсан нь парламентаас дэмжлэг хүлээсэн хэрэг. 

Хуулийг батлах үед "Би ч дүүргийн газар, хэлтсийн дарга хийж байсан. Орон нутагт ажилласан. Жаргал, зовлонг нь мэднэ. Гэхдээ одоо аймгууд хоёр орлогчтой болсон байна. Зарим аймаг гурав, дөрөв дэх орлогчоо оруулж ирж байна. Хот зургаан орлогчтой болсон байна. Удахгүй 10, 11 орлогчтой болоод явна. Засгийн газрын тогтоолоор явахаар ялгаатай хандлаа гээд асуудал үүсээд байгаа юм. Нэг талд нь шийдсэн зөв. Яагаад нэг орлогчтой байж болохгүй гэж. Өмнө нь ажиллаад л явж байсан шүү дээ. Нэг чиг үүргийг гурван хүн хийгээд байх нь зохисгүй. Улс төрийн томилгоо байгаа нь үнэн шүү дээ. Нэгдсэн тогтолцоондоо ороод явахгүй бол маш их данхайсан байна. Төрийн албан хаагчдын цалинг нь нэмж чадахгүй байдалд орсон байна. Хэмнэлтийн цаг хугацаа байгаа дээр хуультай болох нь дээр байх аа. Хуульчилсан нь зүйтэй л гэж бодож байна" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс сануулж байлаа. 

Үндсэндээ хэмнэлтийг хуульлчилж, хэрэгжүүлэх нэг шалтгаан нь эдийн засгийн хүндрэл байсан ч нийслэл төдийгүй 21 аймаг, 330 сумын Засаг дарга нь 4-6 орлогчтой даргатай байсан нь бүтцийн хувьд хэт нүсэр, үрэлгэн байдалтай явсныг халж, нэгээс хоёр орон тоонд барих бүрэн боломжтойг харуулснаараа онцлог. Нөгөө талаас орлогч дарга ажиллуулах нэрийн дор улс төрийн томилгоо хийдэг уламжлалт сэтгэхүйд цэг хатгасан юм. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага үүссэн нь сайд Д.Амарбаясгалангийн өргөн мэдүүлсэн төслийн үндсэн агуулга. Үүгээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Тамгын газар болон Төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангах үүднээс автомашин ашиглуулахаар тусгажээ. Мөн албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн гар утасны зардлыг санхүүжүүлэх, “эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас" гэснийг хуулиас хасахаар оруулж иржээ.

Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас үүдэж орон нутагт өвөлжилт хүндэрсэн нь хаврын улиралд ч үргэлжлэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас сануулж буй. Гэвч Төрийн үйлчилгээг тухай бүрд нь иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхэд Хэмнэлтийн хуулийн дээрх заалт тээг болж эхэлсэн нь нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага үүсгэсэн гэсэн үг. Гол нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулснаар үндсэн агуулгаа хөндөхгүйг төсөл санаачлагчийн зүгээс онцолж байгаа юм. Улсын төсөв тэлж, эдийн засагт нааштай тоон үзүүлэлт гарч эхэлсэн ч Төрийн хэмнэлт үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэсэн үг.

С.Сүлд