"Хүүгийн орлого жилд 600 мянган ам.доллароор арвижих боломжтой"
Ж.Ганбат: Бодит үнэнийг л хэлье. Маш том эсэргүүцэлтэй тулсан
-ХЭН НЭГЭН УЛСТӨРЧ, САЙДЫН НӨЛӨӨ БАЙГААГҮЙ-
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэ Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбаттай ярилцлаа.
-Таныг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч гэдгээр нь олон нийт хараад байгаа болохоос аль 1995 оноос Сангийн яаманд ажилласан туршлагатай гэж ойлгосон. Нэг талаас үе үеийн Сангийн сайдтай хамтарч улсын төсвийг зангидахаас эхлээд эдийн засгийн эерэг, сөрөг үзүүлэлтүүд ч Танд хамаарах нь. Нөгөө талаас Төрийн албанд мерит зарчмаар явсаар Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшжээ?
-Уг түүх нь 1991 онд аравдугаар ангиа дүүргэж, 1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Сангийн яаманд орсон. Яаманд анх орсон цаг үе нь өөрөө онцлогтой. Учир нь, 1990 оноос өмнөх социализмын үеийн томилгооны төгсгөл үе нь бид болсон байх гэж боддог юм. Улсын шалгалтад нь Сангийн дэд сайд нь сууна. Яамны нэр дээр сурч байсантай холбоотой байх. Найм, есүүлээ төгссөн. Шалгалт дууссаны дараа ромбо, дипломоо аваагүй байхад яаман дээр дуудсан. Баянхонгор, Төв аймгийн орон нутгийн санхүүгийн хэлтэст хуваарилна. Тэгэхэд хамт төгссөн хоёр хүнтэй гурвуулаа Сангийн яаманд ажиллахаар болсон. Шууд л ажилдаа орсон. Одоо бол их сургуулийн санхүүгийн ангиас яаманд хуваарилна гэсэн ойлголт байхгүй.
Ер нь Сангийн яам бусдаасаа ялгаатай нь улстөржилт нь харьцангуй бага, сайд ирэх болгонд бүтцийн өөрчлөлт хийгээд байдаггүй. 1995 онд Сангийн яаманд хамт орсон 10 гаруй хүн одоо ч ажиллаж байна. Тэгэхээр тэтгэвэрт гарах эсвэл өөр тийшээ томилогдохоос бусдаар бүтэц нь тогтвортой. Анх ажилд ороход Э.Бямбажав гэж сайдтай байсан. Дараа нь Баабар, П.Цагаан, Ч.Улаан гээд нэрлэвэл олон сайд бий.
-Н.Алтанхуяг, С.Баярцогт зэргээр үргэлжилнэ...?
-Бүгдтэй нь хамтарч ажилласан. Сангийн яаманд нэг зарчим үйлчилдэг. Сайд ирдэг. Тэглээ гээд улстөрждөггүй, халаа сэлгээ хийдэггүй. Сайд солигдох болгонд бүтцийн өөрчлөлт хийдэг, бужигнаад байдаггүй. Сайдаар ирж байсан хүмүүс ч хувь хүн талаасаа улстөрждөггүй. Аль нэг намын томилгоотой ч яамныхаа тогтсон бүтцийг хэвээр хадгалдаг. Түүхэндээ нэг удаа өөрчилсөн нь 2000 онд Санхүү, эдийн засгийн яам болгосон.
-2012 онд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулахад тодорхой бүтцийг шилжүүлсэн?
-Тэгсэн. Зарим газар, хэлтэс нь чиг үүргийнхээ дагуу Эдийн засгийн хөгжлийн яам руу шилжсэн. 2022 онд Эдийн засгийн хөгжлийн яамыг дахин байгуулахад манай холбогдох газар, хэлтсийг мөн шилжүүлсэн. Нэг юмыг зориуд хэлэх гээд байгаа юм. Миний хувьд 1995 онд Сангийн яаманд мэргэжилтнээр ажилд ороод 2006 онд хэлстийн дарга болж байсан. 2012 онд нь газрын дарга болсон.
-Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар бил үү?
-Өмнө нь ажиллаж байсан хүн нь албаа хүлээлгэж өгснөөр тухайн орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Сонгууль болоод, үр дүн нь гарчихсан байсан ч процесс нь болдгоороо болсон. Хэн нэгэн улстөрч, сайдын нөлөө байгаагүй. Тэгж явсаар 2022 оны нэгдүгээр сараас Төрийн нарийн бичгийн дарга болсон. Ийм л юм.
-Газрын даргаар ажиллах хугацаанд таван Засгийн газар, төдий тооны сайд солигдсон гэхээр яалт ч үгүй улс төрийн нөлөөлөл нь бага юм байна?
-Төрийн албаны тогтвортой байдал, мерит зарчим явж болдгийн илэрхийлэл нь тэр. Бусад яамд, Төрийн байгууллага ч ийм байгаасаа гэж хүсдэг л юм. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал Төрийн албаны хамгийн дээд ангилал. Улс төрөөс хамгийн ангид байх ёстой нь. Ний нуугүй хэлэхэд зарим Төрийн нарийн бичгийн дарга нар янз бүрийн шалтгаанаар солигдож байна. Уг нь тогтвортой байх тусмаа шинээр орж ирж байгаа залуучуудад мерит зарчмаар явж болохыг, улс төрөөс хараат бусаар ажиллах боломжтойг харуулна. Төсөв гэдэг улсынх болохоос аль нэг намынх биш. Жишээ нь, АН-ын үед ажиллаж байсан болохоор МАН гарч ирэхээр өөрчлөгдөнө гэсэн ойлголт манай яаманд байхгүй.
-Бүтэц зохион байгуулалтын хувьд тогтвортой байгаа нь сайн хэрэг ч сайд бол сайд. Улс төрийн томилгоотой, тодорхой хэмжээний амбийцтай ирж таарна? Тийм хандлага нь Та бүгдэд мэдрэгддэг л байх?
-Гайгүй шдээ. 1995 оноос хойших бүх Сангийн сайдтай ажилласан хүний хувьд үүнийг баттай хэлнэ. Асуудалд улс төрийн гэхээсээ илүү мэргэжлийн ханддаг. Мэдээж улс төрийн акц хийх эрх мэдэл нь бий. Гэхдээ тэгдэггүй юм. Үндсэн бүтэцтэйгээ хамтраад л явдаг. Бид бол мэргэжил арга зүйгээр нь хангана. Самардаг нөхөр ирвэл яах вэ? Дуусна биз дээ.
-Хуулиараа Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Гэтэл 2012 онд Эдийн засгийн хөгжлийн яамыг тусад байгуулсан ч үйл ажиллагаа нь бондын мөнгө хуваарилдаг тусдаа төсөвтэй юм шиг бүтэц бий болсон. Одоогийн Эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүрэг нь хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт татахад чиглэж байгаа ч 2012 оны түүхийг давтахгүй гэсэн баталгаа бий юу?
-Эдийн засгийн хөгжлийн яам байх ёстой. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, Монгол Улс хөгжихөд ямар үйлдвэрийг түлхүү барих вэ? гэдэг тал руугаа ажиллах учиртай. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд Монгол Улс ингэж явна. Зүүн бүсийг аялал жуулчлалаар хөгжүүлэх бол түүгээрээ л хөгжүүлнэ гэх зэргээр үндсэн концефци явна. Хэн нэгэн албан тушаалтан, улстөрч, УИХ-ын гишүүн тойргийн асуудал ярихгүйгээр хөгжлийн бодлогынхоо хүрээнд ажиллах ёстой юм.
Илэн далангүй л яръя. 2012 онд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсны дараа энэ тал руу явах байсан юм. Гэтэл илүү детальчилж эхэлсэн. Бондоос босгосон мөнгөө хэт жижиг төсөл рүү оруулсан. Тэгж явсаар татан буугдсан. Эргээд 2022 онд дахин байгууллаа. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд одоо Эдийн засгийн хөгжлийн яам улсын төсвийн хөрөнгө оруулалт руу орохгүй. Том төсөл рүүгээ орно. Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай боллоо. Хэл ам болоод байгаа болохоос Монгол Улс хөгжихөд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалт хаашаа чиглэх юм. Төр, хувийн хэвшил нь юунд хамтрах юм. Гадаадын ямар донор орон, хөрөнгө оруулагчтай хамтрах юм зэргээр ажиллаад яваа.
Хувь хүн талаасаа хэлэхэд Эдийн засгийн хөгжлийн яамыг уг нь 2020 онд байгуулах байсан юм. Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яамны ажлын уялдаа маш чухал. Бидний хувьд сайн ойлголцоод яваа. Том зургаараа дунд хугацаандаа эдийн засаг макро түвшиндөө ийм байх нь гэдэг тооцооллыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргана. Манайхаас санал, бодлоо түүнд нь тусгана. Төсөвтэйгөө уялдуулж, боловсруулна.
-Төсвийн зарцуулалт, хуваарилалтаар ямар нэгэн зөрчил байхгүй юм байна?
-Байхгүй.
-2012 ОНД БЭЛЭН МӨНГӨ ТАРААСАН НЬ ХАВТГАЙРСАН ХАЛАМЖИЙГ СУУРИЙГ НЬ ТАВЬСАН-
-Татварын реформ, чөлөөт эдийн засгийн суурийг тавих зоригтой алхмыг М.Энхсайханыг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүд хийж эхэлсэн гэдэг?
-Эргээд харахад Монгол Улс эдийн засгийн маш хүнд цаг үеийг туулсан нь 1995-2000 он. Намайг ажилд ороход цалин, тэтгэврээ тавьж чадахгүй, янз бүрийн бараа таваараар орлуулдаг байлаа шүү дээ. Даваад л гарсан. 2006 оны үед эдийн засаг сэргэж эхэлсэн. Монгол Улс өөрөө жижигхэн эдийн засагтай. Тэр нь улирлын чанартай. Зөвхөн “Эрдэнэт”-ийн зэсийн борлуулалт дээр Монгол Улсын эдийн засаг явдаг байлаа. Зэсийн үнэ хэд байхаас хамаарч савладаг. 2007-2009 оны их хямрал байна. 2012-2016 онд гэхэд мөн л эдийн засгийн хүндэрсэн. Хоёр их гүрний дунд экспортын орлогоос хамаардаг улс. Уул уурхайн бүтээгдэхүний ханш унахаар дагаад хямардаг онцлогтой.
2017 онд маш хүнд нөхцөл рүү орсон. Дефолт зарлах нөхцөл үүссэн. Тухайн үеийн Засгийн газар, парламентын түвшинд олон удаа ярилцаж байж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар дефолтыг давсан. Улсаараа дампуурна гэдэг ойлголт бидний хувьд асар хол байсан зүйл. Хүн өвчин тусвал яаралтай оношлуулж, эмчлүүлнэ. Үүнтэй л адилхан. Богино хугацаанд дампуурлаас гаргах, эдийн засгаа сэргээх нь бидэнд чухал байсан. Ингээд амьсгал авахтайгаа болж байтал “Ковид”-той нүүр тулсан.
2010 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хууль гэж бий. Тэнд эдийн засгийн үзүүлэлт хасах руу шилжсэн үед хуулийг мөрдөхгүй байх заалт байдаг. Уг нь замын хөдөлгөөний дүрэмтэй адилхан төсвийн сахилга, хариуцлагатай байдлыг зохицуулсан хууль. Гадна талдаа сайн хууль. Дайн байлдаан, нийтийг хамарсан гамшиг болох зэрэг нөлөөллөөр эдийн засаг хасах руу шилжих учраас тухайн заалт хэзээ ч мөрдөгдөхгүй гэж бодож байлаа. Гэтэл “Ковид”-ын цар тахлын үед эдийн засгийн үзүүлэлт хасах 4.6 руу орсноос мөрдөж эхэлсэн. “Ковид”-ын ард арай гэж гартал залгуулаад ОХУ, Украины дайн боллоо. Бас л бидний хувьд хол сонсогддог сэдэв.
Нөлөөлөл нь шууд туссан. Эндээс нэг зүйлийг харсан нь дэлхий нийтээр ийм байдал үүсэхэд хамгийн түрүүнд бид бэлэн байдлаа хангах ёстой юм байна. Импорт зогсоход Монгол Улс шууд утгаараа хямралд орно. Төмс түүхэндээ 5000 төгрөгт хүрсэн. Тэгэхээр нэн тэргүүнд бидэнд тогтвортой байдал л чухал. Гаднынхантай уулзахад үнэхээр тогтворгүй гэдгийг хэлдэг. Тогтвортой, тууштай байж аливаа хямрал, хүндрэлийг даван туулна. Хүн гэдэг юмыг амархан мартдаг юм байна. Улсаараа дефолт зарлах эрсдэлд тулсныг өнөөдөр мартсан байна. “Ковид”-той нүүр тулснаа мартлаа. 1990-ээд оны эхэнд хүнсний хомсдолд орж байсныг одоо үеийнхэн мэдэхгүй. 2022 оны сүүлчээр валютын нөөц багассан. Валютын нөөцийг алдвал ханшаа барьж дийлэхээ болино. Ханшаа барьж чадахгүй бол импортоос хамааралтай манайх шиг улс инфляцдаа “идүүлнэ”. Ямар ч байсан Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авсны хүчинд дээрх эрсдэлийг давсан.
Саяхан л хэдхэн гол нэрийн бүтээгдэхүүн тойрч улсаараа хэрэлддэг байлаа. Зэсийн үнэ байна. Гадаад, дотоод хүчин зүйлийг нь судлаад 12 жилийн дундаж ханшийг нь авч үзсэнээр тэнцвэржүүлсэн үнийн дүнгээс давсан хэсгийг Тогтворжуулсан сандаа төвлөрүүлснээр УИХ дээр хэрүүл хийхээ больсон.
-Зэсийн маргааныг шийдэж болсон юм байна. Нүүрсийг яах юм?
-Анх 30 сая тн нүүрс экспортод гаргана гэж оруулж ирэхэд “Битгий пантазлаад бай. Улс төрийн зорилгоор хэт өөдрөг төсөөлөл оруулж ирлээ” зэргээр шүүмжилдэг байсан нь үнэн. Хамгийн оргил үе нь 31.7 сая байсан. Тэгсэн 69.6 гаруй сая тн-ныг гаргалаа. БНХАУ “Тэг ковид” гэсэн маш хатуу бодлого хэрэгжүүлсэн 2021 он, 2022 оны эхээр хилээр гарч байгаа машиныг улсаараа тоолж суусан үе бидэнд бий. Өдөрт мянга гаруй гарахад алга ташдаг байлаа. Тэр үетэй харьцуулахад 69.6 сая тн-ныг экспортоллоо. Бидэнд маш их боломж байна. Тэгэхийн тулд хандлагаа бага зэрэг өөрчлөх ёстой. Тэрийгээ хэзээ, хэрхэн, яаж зохион байгуулах вэ? гэдэг нь чухал.
Үе үеийн Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлого барьж ирсэн. Гэхдээ жижигхэн асуудлаас үүдэж тэрхүү зорилтоо хангалттай хэрэгжүүлж чадаагүй. Монгол Улс нэг хүндэрвэл амархан хүндэрдэг. Буцаад сэргэхдээ ч амархан гэдгээрээ онцлог. 2022 оны сүүлчээр валютын нөөц хоёр тэрбум ам.доллароос доош орчих гээд хэцүү байсан. Өнөөдөр 4.5 тэрбум ам.доллар болж өслөө. Намайг хоёр сарын хугацаанд 500 сая ам.доллар олж ир гээд Тавантолгой руу явуулахад “Яаж олж ирэх юм бэ?” гээд бэргэж л байлаа. Багаа бүрдүүлээд л орсон. Эхлээд бэлэн байгаа нүүрсний хэмжээг тодруулсан.
-Бэлэн гэдэг нь овоолготойг хэлээд байна уу?
-Тийм ээ. Зарахад бэлэн долоо орчим сая тн нүүрс бэлэн байсан. Тав орчмыг нь зарахад 500 сая ам.доллар олох боломжтой. Тэгээд уурхайгаас 1000 гаруй машин тээвэрлэлтэд гаргана гэхэд итгэхээсээ итгэхгүй нь олон байсан. Бүх шатанд нь шахаад явсан, эхнээсээ үр дүн гарсан. Монгол Улс валютын нөөцөө нэгдүгээрт, анхаарч байж цаашаа явна. Өнгөрсөн зун байх аа, гудамжинд таарсан нэг хүн “Та нар нүүрсээ гаргахаа больсон юм уу” гэж асуусан. Уг нь явж л байсан юм. Гол асуудал нь валютын нөөцөөс хамаарч Төв банкнаас хязгаар тогтоодог. Жишээ нь, нэг хүн сая төгрөгтэй тэнцэхүйц валют солиулах хязгаарыг хэсэг тогтоосон доо. Тэрийг нь сонссон хэсэг нь банканд дугаарлалт үүсгэхээр асуудал гарч таарна. Засгийн газраас оруулж ирсэн бодлогууд үр дүнгээ өгснөөр тэдгээр хүндрэлийг давсан. Нүүрсний экспорт нэмэгдсэнээр өнгөрсөн оны долдугаар сард цалин, тэтгэврийг нэмлээ. Хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн нь энэ мэт гарсаар байгаа. Хамгийн гол асуудал нь хаа хаанаа тогтвортой байх ёстой. Улс төрийн намууд нь ч мөн адилхан. Хуугаар нь өөрчлөөд байвал дагаад л савлана. Хэн хохирох уу? улсаараа л хохирно.
-Төсвийн сахилга бат, тогтвортой байдал мэдээж чухал. Гэвч эдийн засгийн өсөлт, экспортын орлогоо эргүүлээд халамж хэлбэрээр тараах нь эсрэгээрээ эерэг үзүүлэлтүүдээ баллуурдаж, үгүйсгэх гол асуудал болчихоод байна?
-Тэр үнэн.
-Монгол Улсын эдийн засгийн 17 хувийн өсөлттэй явсан 2012 онд ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалаад “Чалько”-д 350 сая ам.долларын зээл авч “Эх орны хишиг” нэрийн дор бэлнээр тараасан?
-Улс төрийн шалтгаан байсан байх. Түүнээс илүүтэй яагаад тэр мөнгийг авах болов гэдэг шалтгааныг авч үзэх хэрэгтэй. Нэг юманд үнэхээр харамсдаг. Сонгууль дөхөхөөр ямар нэгэн юм амладаг. Улс төрийн ийм огцом шийдвэрийн ард эдийн засгийн өсөлт, эерэг үзүүлэлтийг баллуурдаж байдаг. Халамжийн тухайд үнэхээр хавтгайрсан уу? гэвэл үнэн. Үүний үндэс нь 2012 онд бэлэн мөнгө тарааснаас үүдэлтэй. Суурийг нь тавьсан. Бүх юмны үндсэн суурь мэдээж цалин, ажлын байр. Үүнийг хангаад явбал аяндаа халамж багасна. Нөгөө талдаа халамж, хүүхдийн мөнгөө бөөнд нь авдаг хүн ажил хийсэн нь дээр үү? эсвэл Төрөөс өгдөг хэдээрээ амьдарсан нь дээр үү? гэж бодож болно.
Энэ асуудлыг параллель маягаар хийхгүй бол халамжийг багасгана гээд хуйгаар нь хасч болохгүй. Ядуурал л нэмэгдэнэ, сөрөг үр дагавар гарч эхэлнэ. 2022 онд “Халамжаас хөдөлмөр”-т гэж бодлого хэрэгжүүлж үзсэн. Тодорхой үр дүн гарсан. Анзаарсан бол цогц юмнууд явж байгаа. “Ковид”-ын үед 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дараагийнх нь “Шинэ Сэргэлтийн бодлого”. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдлын асуудал ч үүнтэй уялдана. Хөдөөд бизнес хийвэл гурван хувийн хүүтэй зээл олгох зэргээр явж байна. Цалингаа бие дааж нэмэгдүүлэх боломжийг аймгуудад олгож байна. Гэхдээ илгээлтээр явж байгаа юм шиг 10, 20-уулаа орон нутаг руу шууд явчихгүй. Орон байрнаас эхлээд нийгмийн баталгааг нь хангах, дэд бүтцийг шийдэх зэрэг шат дараатай ажил явна.
Миний хувьд хөдөөний хүүхэд. Одоо очиход тэнд амьдрал байна уу? байна. Тэгэхээр энд байгаа хүмүүсийг яаж тийшээ явуулах вэ? гэдгийг бодох ёстой. Хэдэн жилийн дараа байдал өөр болох байх. Тэр үед халамжаас сална. Түүнээс халамжийн улс орно боллоо гэх нь өрөөсгөл. Бид аажим, аажмаар бодлогоо чангалаад яваа. Жишээ нь, хүүхдийн мөнгө халамж уу? иргэнээ дэмжсэн бодлого уу? гэдгийг яаман дээр ярьж байгаад Засгийн газрын хуралдаан руу асуудал оруулсан. “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьсон ч амжилт олоогүй. 100 мянган төгрөг авч байгаа хүүхэд бүрд хадгаламж үүсгээд 18 нас хүрэхдээ сургалтын төлбөртөө зарцуулах байдлаар боловсролыг нь дэмжих зорилготой байсан юм. Хүнсний талонтой холбоотой асуудал нэг хэсэг гарсан одоо байхгүй байгаа биз дээ. Зорилтод бүлэгтээ хүрдэг болсон.
-1000 малчин өрх хүртэл хүнсний талон авдаг байсан ил болсон нь багагүй шүүмжлэл дагуулсан. Уг нь Төсвийн хуваарилалт талаасаа иргэдээ ажилтай, орлоготой байлгах хөрсийг тавих нь Та бүгдийн үүрэг шүү дээ?
-Тэр бол завхрал. Сүүлийн үед мэдээллийн ил тод байдлын тухай ярьж эхэлсэн болохоос хаалттай байх тусмаа завхрал бий болгодог. Өмнө нь 1000 малчин хүнсний талон авдаг байсныг хүмүүс мэдэхгүй л явсан. Мэдээлэл нь ил болоод ирэхээр шахагдсан. Авахаасаа ч ичнэ биз дээ. “Эрдэнэс Тавантолгой”-д намайг очиход хэн, хэчнээн тн нүүрс авдаг тодорхойгүй. Юу хийдэг нь тодорхойгүй л байсан. Тэгэхээр бүх юм нээлттэй болж ирснээс эмх цэгцэндээ орох сайн талтай. ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэг гэж гарлаа. Тэр бүхний зангилаа нь мэдээлэл хаалттай байсантай холбоотой. Хаалттай учраас ямар улстөрч нь авч байгааг хэн ч мэдэхгүй.
-Дийлэнх нь мэдээлэлд ойр байдлаа ашигласан байдаг?
-Ерөөсөө л мэдээллийг нээлттэй болгоод ирэхээр ярьдаг хүн нь бага болно. Нөлөөлдөг байдал гарахгүй. Аль болох олон нийтийн хяналт руугаа орох нь сайн. Нэг хүн рүү ярьдаг, танил талаар нь хайдаг байдал бага багаар арилж байна.
-ХААЛТЫН ХААЛТТАЙ Л КОМПАНИ УГТСАН-
-Таны хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилогдоод жил тойрч байна. Тухайн үед БЭТ-өөр томилох шийдвэр гэнэтийнх байсан уу? Эсвэл...
-2022 оны аравдугаар сарын 26 буюу Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргахын урд орой нь яригдаж эхэлсэн асуудал.
-Урьдчилсан байдлаар мэдээлэлтэй байж?
-“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоохоор болж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар гаргана гэсэн. Маргааш нь 08.00 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх эхний асуудлаар намайг дуудсан. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоох тухай. Нэлээд удаан хэлэлцсэний эцэст намайг Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилох шийдвэр гарсан. Анхны даалгавар нь валютын нөөцийг нэмэгдүүлэх байсан болохоор тэр чиглэлээр ажиллах төлөвлөгөө гаргасан.
-Таныг очиход яг ямар нөхцөл байдалтай байсан юм?
-Хаалтын хаалттай л компани угтсан. Тиймээс аль болох нээлттэй болгох талаас нь ажилласан. Хүндрэл бэрхшээл байсан уу, байсан. Тэр бүгдийг шийдэж явсаар Засгийн газраас даалгасан 500 сая ам.доллар бүрдүүлсэн. Араас нь 10 орчим сая тн нүүрсийг биржээр худалдааллаа. “Эрдэнэс Тавантолгой”-д Засгийн газраас хэрэгжүүлсэн хамгийн чухал шийдвэр нь нүүрсийг биржээр худалдаалах тухай асуудал. УИХ-аар нэлээд яригдсан зүйл.
2023 оны нэгдүгээр сарын 8-нд урд хөрш “Тэг ковид” бодлогоо сулруулж, хилээ нээсэн. Хоёрдугаар сараас нь биржийн туршилтын арилжаа хийж эхэлсэн. Бодит үнэнийг л хэлье. Тэр тухай яривал маш том эсэргүүцэлтэй тулсан шүү.
-Жишээ нь, ямар эсэргүүцэл гэж?
-Монголчууд ч эсэргүүцсэн. Хятадууд ч эсэргүүцсэн. Тэр дундаа Баяннуур аймгийнхан. Гэхдээ уг ажлыг зогсоогоогүй. Манай талаас биржийн арилжаанд оролцох саналыг уйгагүй тавьсан. Эхэн үедээ үнэхээр хямарсан. Биржийн арилжаанд орсон хүмүүсийг дарамтална. Хаана хүргэж өгөх үү? гэдгээс эхлээд бидэнд ч асуудал байсан. Ганц мод уу? Хилийн наана уу?. Тухайн үед хилийн наана хүргэж өгөх ёстой гэдгээр ярьсан нь ч байна. Олон жил ам нөхцөлтэй гэрээ хийж хямд нүүрс авч, ашиг орлого олсон хэсэгт тэр нь гэнэт багасахаар эсэргүүцнэ. Тэр олон машин, тээвэрлэлтийн бизнесийг хятадууд атгаж байсан. Бас л эсэргүүцнэ. Тэгж явсаар 2023 оны гуравдугаар сарын 3-нд биржээр арилжаалсан нүүрсээ Ганц модны боомтод хүргэхэд улсаараа баярласан биз.
Хэрвээ буулгахгүйгээр буцааж, гацаавал, хил дээр зогсоовол яах вэ? гэсэн болгоомжлол байсан. Ер нь 2023 оны 7, 8 сар хүртэл байнгын болгоомжлол дунд явсан. Хятадууд зогсоох л гэнэ. Байж байгаад л нэг юм ярина. Гэхдээ зорьсоор байгаад гаргасан. Дунджаар 80-100 ам.долларын ам нөхцөлтэй зарж байсан нүүрсийг дээд тал нь 187 ам.долларт хүргэж арилжаалсан. Тухайн үед нүүрсний үнийг дуудахад “Чи хэт өндөр үнээр зарж байна. Багаар дууд. Экспорт зогсоолоо” гээд над руу дайрч байсан хүмүүс ч бий. Тэр бүгдийг яривал дуусахгүй. Ганц юманд харамссан нь нүүрсний бизнес олон жилийн турш далд хэлбэрээр явж ирсэн байна. Түүнийг ил болгоход бүгдээрээ баярлахгүй. Бүх шатанд дарамталж, эсэргүүцнэ. Жишээ нь, хүн зүгээр мэнд усаа мэдэлцээд өнгөрч болох байтал “Чи чадахгүй ээ. Боль наадхаа” гэж хэлж байсан хүмүүс энэ байшингаар дүүрэн л байлаа.
Нөгөө талд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хүчин чадал нь яг хэд юм гэдгийг харсан. 2011 онд эхний экспортоо хийснээс хойш хамгийн оргил үедээ 15 сая тн нүүрс экспортолж, тэрбум ам.долларын орлого олсон байдаг. Гэтэл 2023 онд 30 сая тн гэсэн зорилго тавьсан. Тэгэхэд уурхайн болон мэргэжлийн хүмүүс нь хэлж байсан. “Оргил үедээ 15 сая тн нүүрс зардаг компанийг 30 саяд хүргэнэ гэж чи попорлоо. Хүнээ байлаа” л гэсэн. Чадахаасаа чадахгүй хүртэл үзээд алдах нь чухал. Уг нь компанийн хүчин чадлыг үзэх гэж тийм тоо тавьсан юм. Анхаараад явахад болохгүй юм алга. Дараагийн ажил нь өмнөх амжилтыг яаж цааш нь хэвшүүлэх үү? гэдэг нь чухал. Хэн ч очсон хамгийн багадаа 30 сая тн нүүрс зардаг болох ёстой.
-Хил үнэ, ам үнэ гэдэг нь яг ямар учиртай хийсэн гэрээнүүд байдаг юм?
-Зах зээлийнхээ нөхцөл байдлаас шалтгаалж 30-40 ам.долларт хүрсэн тохиолдол байдаг юм билээ. Сайн чанарын коксжих нүүрсний хувьд 70, 80, 90 ам.доллар гээд явна. Ам нөхцөлөөр гэдэг нь хятадууд өөрсдөө орж ирэхдээ уурхайгаас олборлох үнэ өртгөө тооцох маягаар авдаг.
-Шууд нүүрсний үнийг тулгана гэсэн үг үү?
-Ганц модонд 180 ам.доллар байгаа нүүрсийг аман дээрээс нь 100 ам.доллароор авна гэсэн үг.
-Одоогоор ам нөхцөлөөр хийсэн хэчнээн гэрээ байна?
-Бидний барьж байгаа бодлого нь ам нөхцөлөөр хийсэн гэрээнүүдийг аль болох бүгдийг нь дуусгавар болгож, бирж рүү шилжүүлнэ. Өмнө нь байгуулсан, хугацаа нь дуусгавар болоогүй зарим гэрээ бий. Яваандаа нүүрсний бүх арилжааг бирж рүү шилжүүлж, ил тод нээлттэй болгоно.
-НҮҮРСИЙГ СОРЧЛОХГҮЙГЭЭР БОРЛУУЛНА-
-Биржээр арилжаалах үнийг тухайн өдрийнхөө зах зээлийн ханштай нь уялдуулдаг уу?
-Ганц модон дээр нүүрсний арилжааны үнийн судалгааг хийснээр дуудах доод үнийг тогтоодог. Оролцогч нар орж ирээд өсгөх маягаар дуудаж авна. Хамгийн оргил үедээ дуудах доод үнээс 40-өөс дээш хувиар өссөн тохиолдол бий.
-Оролцогчдын тухайд?
-Тогтмол оролцдог дөрвөөс таван газар байдаг. Зарим тохиолдолд түүнээс илүү оролцоно.
-Эрчим хүчний нүүрсний ханш ямар түвшинд хэлбэлздэг вэ?
-10 хүрэхгүй ам.доллароор зарах гээд явж байсан үе байдаг юм билээ. Харин биржийн арилжаанд оруулснаар 73 ам.долларт хүрсэн.
-Хэдэн дахин доогуур ханшаар зарж, борлуулж байжээ?
-Тэр хэмжээгээрээ л манайд орлого орж ирж байгаа юм. Эндээс яагаад биржийн арилжааг эртхэн хийж болоогүй юм гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Хоёрдугаарт, нүүрсийг аль болох сорчлохгүй байдлаар зарах чиглэлийг барьж байна. Олборлоод гаргасан бол түүнийгээ зарна. Тэгэхгүйгээр сайн чанарын нүүрсээ борлуулчихаад сулыг нь овоолготой орхиж болохгүй. Эдийн засгийн эргэлтэд орохгүйгээс гадна өртөг зардлын хувьд алдагдалтай. Сорчлохгүйгээр борлуулна гэдгийг албан ёсоор зарлаж байгаагийн шалтгаан энэ.
-Нүүрсээ сорчлохгүйгээр борлуулна гэлээ. “Чалько”-гоос 350 сая ам.долларын зээл авахдаа Тавантолгой ордоос хамгийн сайн чанарын коксжих нүүрсийг нийлүүлэх хатуу болзолтой гэрээ хийсэн байдаг. Үүнд нь гэрээний заалт хамаарах уу?
-Зүүн Цанхийн бараг 60 хувийг нь байх аа, “Чалько” авахаар гэрээ хийсэн юм билээ. Тавантолгой хамгийн сайн чанарын нүүрс нь тэндээс гардаг. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын хөрөнгө мөнгөний боломжоос хамаарч гэрээ хийсэн байх. “Чалько”-гийн гэрээ 2027 онд дуусгавар болно. Ерөнхийдөө өмнөх гэрээнүүдийн хугацаа нь дуусгавар болохоор шууд биржийн арилжаа руу шилжүүлээд явна.
-Зээлсэн мөнгөө төлөөд дуусгасан ч хамаагүй хэрэг үү?
-Гэрээний дагуу ам нөхцөлтэйгөөр авна. Онцгой дэглэм тогтоосны дараа 603 ам.доллар урьдчилгаанд авсан байсныг төлж барагдуулсан. 2023 оны есдүгээр сард “Чалько”-гийн нүүрсийг ачуулж дуусгасан. Одоо бол төлбөрөө авч байгаа, гэхдээ ам нөхцөл нь хэвээрээ гэж ойлгож болно.
-Гэрээ бол гэрээ л юм байна?
-Ам нөхцөлийг өөрчлөх хүсэлтээ тавьсан ч хүлээж аваагүй. Нэгэнт гэрээ байгуулсан учраас хоёр тал үүргээ мөрдөх, тогтвортой байх гэсэн байр суурь ярьсан. Гэрээний хугацаа дуусгавар болсны дараа асуудал нэг талдаа гарах байх аа.
-“Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн нүүрс угаах үйлдвэр барих асуудал юу болсон бол?
-Хоёр төсөл байгаа. Нэг нь өөрсдөө шууд санхүүжүүлэх байдлаар жилд 10 сая тн нүүрс угаах үйлдвэрийг барихаар төлөвлөөд явж байна. Ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар зорьж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор одоогийн ханш 40-50 ам.доллар нэмж олох боломжтой. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” олборлосон нүүрсээ зөвхөн Ганц модны боомтоор дамжуулж зардаг. Тиймээс Ганц модноос өөр цэгээр гаргаж, илүү үнэ хүргэж зарах гэж үзсэн.
-Тэр нь юу гэж?
-Эрээний нөхцөлөөр биржээр арилжаалах гэж үзсэн юм. Замын-Үүдийн боомтын ачааллаас хамаарч хойшилсон.
-МУХАР ГЭЭД АШИГЛАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ-
-Уг нь Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулсан...?
-Хилийн холболтыг хийвэл цаашаа илүү үнэд хүргэх боломжтой. Одоо бол хүссэн, хүсээгүй Ганц мод боомтод бүх юм овоорч байна. Улсаараа Баяннуур аймагтай учраа олох гээд л “тонгочиж” байна. Нүүрсийг одоогийнхоос нь илүү үнээр борлуулах, тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд зайлшгүй төмөр замын холболт хийж таарна.
-Холболт хийх асуудал нь ямар шатанд яваа вэ?
-Хавраас төмөр замын холболтын ажлыг элхэх болов уу гэж бодоод байна.
-Мухараас гадна олон км-ээр зөрсөн асуудал хөндөгдөөд байгаа шүү дээ?
-Зөрөхийн хувьд зөрсөн юм билээ. Хүмүүс мухар гэж яриад байгаа юм. Мухар ч гэсэн ашиглах гэж оролдсон. Тавантолгойгоос олборлосон зарим нүүрсийг тухайн төмөр замаар тээвэрлээд Гашуунсухайтад аваачаад цаашаагаа машинаар тээвэрлэх ажлыг хийж үзсэн.
-Туршилтын байдлаар уу?
-Мухар гээд ашиглахгүй байж болохгүй.
-БЭТ-өөр ажиллах хугацаанд компанийн бүтцийн өөрчлөлтөд хэр оролцоотой байв?
-Ажилдаа хариуцлагагүй хандсан, зөрчил гаргасан хүмүүсийг бүгдийг нь чөлөөлсөн. Баяжуулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Цаашдаа Өмнөговь руу төв оффисоо нүүлгэх чиглэл рүү явна. Улаанбаатарт зөвхөн Төлөөлөгчийн газар байрлана.
-Байршиж ажиллах бэлтгэл ажлаа хангаад яваа гэсэн үг үү?
-Аймгийн мэргэжлийн хяналтын газар нь бүтцийн өөрчлөлтөд орсноор байраа чөлөөлсөн юм билээ. Түүнийг нь Төрийн өмчийн хороотой ярьж байгаад байршиж ажиллахаар төлөвлөж байна.
-Энэ ондоо багтах уу?
-Эндээс очоод ажиллах оффисын байр нь байгаа ч амьдрах орон сууц нь хэрэгтэй. Тэнд тогтвор суурьшилтай байлгахын тулд хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэгийн боломжийг бас шийдвэрлэж таарна. Механик байдлаар шууд нүүхгүй.
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдгээр нь жил бүрийн төсвийг хэлэлцэх үеэр тойрогтоо хөрөнгө оруулалт татах сонирхолтой УИХ-ын гишүүд Таныг “тойглох” нь олширдог байх. Одоо бол улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг хариуцаж буйн тухайд гишүүд гэлтгүй улстөрч, бизнесийн төлөөллөөр дамжсан нөлөөлөл нь нэмэгдэв үү?
-Миний олж харсан нэг зүйл нь аливаа юм хаалттай байх тусмаа улс төрийн нөлөөлөл нь өндөр байдаг юм байна. Нээлттэй болгоод, байгаад ирэхээр аяндаа байхгүй болно. Ер нь болчихоод байна. Өмнөх юмыг нь сонсохоор баахан л хамаарал, улс төрийн нөлөөнд орсон байсан. Улс төрөөс ангид байлгах гол арга зам нь нээлттэй болгох. Онцгой дэглэмийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна.
Тэр үеэс Тавантолгойн менежментийг цаашаа яаж авах юм гэдэг асуулт гарч ирнэ. Монголчууд өөрсдөө юу? эсвэл гаднынхан уу? зэргийг Засгийн газар шийдэх байх. Миний хувьд нэг л зүйлийг хүсч байгаа юм. Ерөөсөө л нээлттэй байлгая. Ном журмынхаа дагуу ажил нь явдаг байх ёстой. Онцгой дэглэмийн хугацаанд түүхэндээ байгаагүй амжилт гаргасан шиг ажилчдын нийгмийн хангамж сайжирсан. Зарим нь өөр өнцгөөр тайлбарлаж байх шиг л байна. Улс төрөөс ангид байгаа аль ч газар компанийн зарчмаараа ажилладаг.
-Дараа нь ямар нэгэн асуудал үүсэхэд 100 хувь хариуцлага хүлээх хүн нь Та?
-Тийм ээ. Дараа нь тэр, энэ намайг тэгсэн гэхгүй. ТУЗ, хувьцаа эзэмшигчдэд ажлаа тайлагнана. 100 хувь хариуцлага хүлээж, үүрэх учраас бүх шийдвэрийг өөрөө гардаж гаргана.
-Яг өнөөдөр бол хувьцааны ногдол ашиг тараана, тараахгүй гэдэг асуудал анхаарлын төвд байна?
-Ашигтай ажиллавал ногдол тараадаг, ашиггүй байвал түүнийгээ тайлбарладаг байх ёстой. Төрийн өмчийн компани учраас аль болох ашигтай ажиллуулахын төлөө явдаг юм руу шилжүүлэх хэрэгтэй. Түүнээс улс төрийн зорилго эсэх нь мэдэгдэхгүй тэгнэ, ингэнэ гэж ярих нь зохимжгүй. “Эрдэнэс Тавантолгой” 2023 онд 2.7 их наядын татвар төлсөн. Өмнө нь яадаг байсан гэхээр ямар нэгэн байдлаар татварын маргаан үүсгэдэг, шүүхддэг, зөрчилтэй асуудал их гардаг байлаа.
Миний хувьд мөнгөн хөрөнгийн урсгалаа зөв тооцох, татварт төвлөрүүлэх ёстойгоо төлөх ёстой гэсэн зарчим барьдаг. Гэхдээ хуримтлуулж биш. Аль болох өөрт дарамт үүсгэхгүйгээр төлөөд явах ёстой. Бөөгнүүлж байгаад нэг дор 400, 500 тэрбумыг төлнө гэдэг хүнд. Тэгж байхаар өдөрт нь 50 сая байна уу, тэрбум, тэрбумаар нь төлөөд явах хэрэгтэй. Эргээд ирэх дарамт нь ч бага тусна. Төрийн байгууллага өөр хоорондоо хонь, чоно шиг явж болохгүй. Тусалж, дэмнэдэг, мэргэжил арга зүйгээр нь хангаад явах ёстой. Татвар, санхүү талаасаа ёс зүйтэй, бүх юм нь шилэн байх чиглэл рүү явж байж компанийн засаглал сайжирна.
-Гол нь Төрийн өмчит компаниуд нь улс төрөө дааж чадаж байна уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал?
-Тухайн хүнийг аливаа албан тушаалд томилж байгаа юм бол тэр хүн нь бүгдийг үүрдэг болох нь улс төрөөс хараат бус байлгах суурь болно. Боломж нь ч байна. “Эрдэнэс Тавантолгой”-г хэт улс төрийн өнцгөөс харж ирсэн юм байна. Түүнийх нь ч урхаг гэж байдаг юм байна. Үүнийг цэгцлэхэд цаг хугацаа ордог юм байна. Түүнээс бүх юмыг нь өөрчлөхийн нэр биш. 24 цагаар ажиллаж байгаа уурхайчдын асуудал байна. Компанийг мэргэжил арга зүй, менежментээр хангаж, удирдаж байгаа ажилтнуудын асуудал байна. Ухаантай гэж хашгирахаас илүү дотроо хэлэлцэж төлөвлөх нь чухал.
-ТАНИХГҮЙ ХҮНД ЯАЖ ИТГЭЖ АЖИЛЛАХ ЮМ-
-“Эрдэнэс Тавантолгой”-д Бүрэн Эрхт Төлөөлөгч томилсноор улс төрийн нөлөөлөл нь багассан гэж хэлэх гээд байна уу?
-Багассаан, багассан.
-УИХ-ын хянан шалгах Түр хорооноос зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-оор олон зуун тэрбумаар хэмжигдэх тоо баримтыг нээлттэй дэлгэж, тэдгээрийн дийлэнх нь улстөрч, сайд, дарга нарын хамааралтайг илчиллээ шүү дээ?
-Үнэхээр тэр нөлөөлөл нь байсан. Бидний хувьд бүх мэдээллээ ил тод болгосон, нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн болохоор улс төрийн хамаарал байхгүй ээ. Хүний нөөцийг гэхэд аль болох нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлэхийг зорьж байна. Засгийн газраас ч анхаарал хандуулж, бүх шатанд улс төрийн томилгоо хийхгүй гэдэгт хатуу зогсож байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх удирдлагыг багийг би өөрөө сонгосон.
-Ямар нэгэн улс төрийн, даргын нөлөө ороогүй гэсэн үг үү?
-Дараа бүх хариуцлагыг би хүлээх учраас хэн нэгэн улстөрчийн санал болгосон хүнийг авч яах юм. Нэгэнт танихгүй хүнд яаж итгэж ажиллах юм. Жижигхэн мөртлөө ийм асуудал олон. Ямар ч байгууллага итгэлцэл дээр тогтдог. Хятадууд ч тийм юм билээ. Тэдэнтэй итгэлцэж байж ажил явна. Биржийн арилжаанд орооч гээд бүгдийг нь урьж байна. Зарим нь эхэндээ итгээгүй. Ороод л ирсэн.
-Өр, авлага гэх зэргээр санхүүгийн нөхцөл байдлын тухайд ямар байгаа вэ?
-Намайг ажлаа авахад 4.4 гаруй их наядын өр төлбөр байсан. Энд нэг юмыг шулуухан хэлье. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани нь ч даахгүй гэмээр нурууг нь хугартал баахан ачаа үүрүүлж ирсэн байна. Монгол Улсын ачаа тээврийн гол эргэлт явдаг учраас төмөр зам барьж болж байгаа юм. Гэтэл “Тавантолгой түлш” гээд компанийг бид санхүүжүүлж байна. Улаанбаатарыг утаатай байлгах, байлгахгүй нь “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал мөн үү, биш үү? Багануур, Шивээ-Овоод дэмжлэг үзүүлж, зээл олгосон байгаа. Тэр асуудал “Эрдэнэс Тавантолгой”-н үүрэг мөн үү? Гэх мэтээр баахан ачаа үүрүүлжээ. Өөртэй нь, өөрийнх нь үйл ажиллагаанд хамааралтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй болохоор өөрсдөө эргээд нурна. “Ковид”-ын үеэр гэхэд баахан компаниас урьдчилаад 100, 100 саяар нь мөнгө авчихсан.
-Нүүрсээ барьцаалж уу?
-Дараа нь нүүрс өгнө гээд ам.доллароор авсан байгаа юм. Нүүрс ачуулсан ч мөнгө орж ирэхгүй. Эсрэгээрээ нүүрс гараад л байдаг. Дагаад валютын нөөц хямарна. Ийм л юм өнгөрсөн хугацаанд явсан. Тэгэхээр бизнес, стратеги төлөвлөгөө нь батлагдсан даруйд өөрт хамааралтай төслийг санхүүжүүлэх ёстой. Тавантолгойн станц байна. Үүнийг явуулна. Баяжуулах үйлдвэртэй холбоотой төслүүдийг явуулна. Нэг юманд бухимддаг юм. Хүнээс мөнгө авч байгаа газрууд хэмнье гэж боддоггүй юм байна. Жишээ нь, манайхаас мөнгө аваад байгаа Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа нь сайжирсан юм байхгүй. Болохоо болиод ирэхээр мөнгөө өгөхгүй байна гээд орилно. Уг нь тэр мөнгийг тэдэнд биш бид өөрсдөдөө, ажилчдадаа, бизнесийн хөрөнгө оруулалтаа хийгээд явах ёстой юм.
-Одоо ч тийм дүр зураг байгаа хэрэг үү?
-Тийм байдлыг зогсоосон. “Тавантолгой түлш” цаашид хэрхэн, яаж явахыг Засгийн газар шийдэх байх. Ямар ч байсан 2018, 2019 оноос хойш нэг их наядаар санхүүжүүлсэн.
-“Тавантолгой түлш”-ийн биш “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр гэж бичигдэнэ?
-Тийм ээ. Дээрээс нь түрүүн хэлсэн 603 сая ам.доллар урьдчилаад авсныг нүүрсээр төлж барагдууллаа. УИХ-аас баталсан тогтоолын хүрээнд үлдсэн өр, авлагуудаа суутгуулж авна. Төмөр зам, “Тавантолгой түлш”, Багануур, Шивээ-Овоод байгаа өр, авлагыг суутгуулаад балансаа цэвэрлэж нэг талдаа гарна. Өөр аж ахуйн нэгжийг “тэжээгээд” явах хэр зохимжтой юм. Баахан мөнгө урьдчилаад авчихсан, түүнээсээ босч чаддаггүй юмыг цэгцэлнэ. Ямар ч байсан нүүрс баяжуулах үйлдвэрийг энэ тавдугаар сард ашиглалтад оруулна. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй байна. Төмөр замын холболт хийхэд, Тавантолгой станцыг явуулахад мөнгө хэрэгтэй.
-Мөнгө хэрэгтэй гэж байна. Тийм байхад заавал ногдол ашиг тараах нь зөв юм уу?
-1072 хувь эзэмшиж байгаа хүмүүс ногдол ашгаа нэхэх нь зөв. Гэхдээ зарим юманд “Уучлаарай Таны ногдол ашгийг ийм зүйлд хөрөнгө оруулах замаар дараа жил очих өгөөж нь хэд дахин нэмэгдэнэ” гэж ярих нь ч зөв. Гол нь итгэл төрүүлэх чухал. Хуулиараа хоёрдугаар сард санхүүгийн тайлан гарна. Араас нь аудит орж баталгаажна. Ашигтай байвал хэдэн хуваарь ногдол ашиг тараах уу гэдгийг компанийн ТУЗ шийднэ. Баяжуулах үйлдвэр тэргүүтэй төсөлд хөрөнгө оруулалтай шаардлагатай учраас 30 хувьд нь ногдол ашиг тараах эсэх нь нээлттэй. Компани хөгжих, илүү ашиг олохын тулд төслөө санхүүжүүлнэ. Засгийн газар дээр ийм шийдэл рүү явуулъя л гэж байгаа юм. ТУЗ нь ч, гүйцэтгэх удирдлага нь ч хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Түүнээс хүмүүс жагссанаар өгнө гэдэг байж болохгүй. Бидний хувьд өгөх талд нь ажиллаж байгаа. Яагаад гэхээр 2022 оны ногдол ашгийг өгөх гээд байгаа юм. 2023 оных тайлан гарсны дараа яригдана. Урьдчилсан байдлаар гурван их наяд төгрөгийн ашигтай гарсан. 2022 оныхыг л одоо өгөх гээд яриад байна. Цагаан сараас өмнө тараавал хүмүүст ч хэрэгтэй л байх.
Өмнөх ногдол ашиг нь бүхэлдээ төмөр зам руу орсон болохоор бухимдалтай байгаа нь мэдээж. “Нүүрсний сонсгол”-оор ярьсан зүйлд хүн болгон бухимдаж байна. Улстөрчдийн хамааралтай компаниудад том үнийн дүнтэй тендер өгдөг. Нөгөөдүүл нь орохдоо бөөн хэл ам дагуулдаг. Үүнийг засч, цэгцлэхийн тулд худалдан авах ажиллагааны бүх тендерийг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулах зарчмаараа явна.
Онцгой дэглэм тогтоосон хугацаанд ингэж л ажилласан. Ажиллаж ч байна. Гэхдээ онцгой дэглэм дууссаны дараа цаашаа яаж явах вэ? Буцаад өмнөх байдал руугаа орвол хэцүү. Тиймээс хэвшүүлж, жишиг болгохын тулд зөв бодлого гаргаж, зөв явах ёстой. Бид сайн ажиллаж байж дараагийнх нь сайн ажиллана. Биднээс муу ажиллахгүйн тулд хичээнэ. Ухрах болон алдах эрх байхгүй.
-Иргэд ногдол ашгаа хүртэх нь зүйн хэрэг ч олж, орж ирсэн мөнгөө хуйгаар нь тараачихаар өнөөх л 2012 оны гашуун сургамжаа давтахгүй гэсэн болгоомжлол байна?
-2012 оны сургамжийг давтахгүй. “Эрдэнэс Тавантолгой” 2022 онд 1.3, 2023 онд гурван их наядын ашигтай ажилласан болохоор хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс тодорхой хэмжээний өгөөж хүртэх эрхтэй. Тэр нь сонгуулийн өмнө тараах гэж буйгаараа хардлага төрүүлээд байгаа юм. Сонгуультай жил байна уу, үгүй юу ногдол ашиг хүртдэг юмыг хэвшүүлчихвэл ийм хардлага үүсэхгүй. Цаашдаа ашигтай ажилласан жил бүрд олгож хэвших нь чухал.
Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл