П.Сайнзориг: Засаг даргад төвлөрсөн эрх мэдлийг нийслэлээс дүүрэгт, дүүргээс хороонд шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.
-НИЙСЛЭЛИЙН ОРЛОГО НЭМЭГДСЭН УЧРААС МЕТРОНЫ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН-
-Нийслэлийг 42 хороонд хувааж бүсчилсэн байдлаар хөгжүүлэх тухай ярьж эхэллээ. “20 минутын хот”-ыг бий болгохоор зорьж байна гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн нь ч саяхан. Ийм хуваарилтад шилжүүлсэн тохиолдолд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтэц нь яаж явах вэ? Төсөл боловсруулахаас эхлээд шийдвэр албажих хүртэлх ажлыг нугалах гол процесс Та бүгдээр дамжих учраас үүнийг тодруулж асуугаад байгаа юм?
-Засгийн газраас нийслэл Улаанбаатарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаа нь үнэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд, ялангуяа Ерөнхий сайдын түвшинд. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчилж батлуулах, төсвийг нэмэгдүүлэх зэргээр шат дараатай дэмжлэг үзүүлсэн. Х.Нямбаатар даргын үед ч энэ дэмжлэг үргэлжилж байна. Улаанбаатарын асуудал дан ганц өөрсдийнх нь биш бүхэл бүтэн улсын асуудал болсон байна.
Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа ч нийт газар нутгийн 0.3 хувьд төвлөрдөг. ДНБ-ний 63 хувь нь Улаанбаатарт хамаарч байна. Энэ хэмжээнд асуудал хуримтлагдсан. Авлигатай тэмцэх Ерөнхий сайдын бодлогын хүрээнд нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн алдааг ярьж эхэллээ. Ерөөсөө л бид төлөвлөж чадаагүйдээ биш түүнийгээ хэрэгжүүлж чадаагүй. Хэн нэгэн даргын үзэмжээр төлөвлөлтөө өөрчилдөг. Төсөв, хүний нөөцийг шийдэж чадаагүй. Төрийн байгууллага хооронд уялдаатай явж чадсангүй. Инженерүүдийн гаргасан төлөвлөлтийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадаагүй.
Утаа, түгжрэл, түүнийг дагасан уур бухимдал эндээс үүдэлтэй. Тиймээс асуудлыг шийдэж, шийдвэрлэх нь Засгийн газрын том зорилт гэдэг талаас Ерөнхий сайд дэмжлэг үзүүлж байна. Түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг баталлаа. Өрийн удирдлагын тухай хуульд нийслэл гадаад бонд гаргах эрхийг олголоо. Метроны төслийг эхлүүллээ. Үе үеийн Засаг дарга нар метроны төслийг эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан ч ийм тохироо нь бүрдээгүй. Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг тодорхой хэмжээнд бууруулах амлалтыг өгч байна.
Нүүрсний хулгайтай тэмцсэнээр далд эдийн засгийг ил болгож, нийслэлд орж ирэх хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өссөн. Нийслэлийн орлого нэмэгдсэн учраас метроны төслийг эхлүүлсэн. Засгийн газраас үзүүлж байгаа бодит дэмжлэг нь энэ. Авлигатай тэмцэж байгаагийн үр дүн. Улс төрийн болон хууль эрх зүйн таатай орчин бүрдэж байж том төсөл хөдөлнө.
Үүний хажуугаар Улаанбаатар хотыг Монгол Улсын нэг бүс гэж үзээд эдийн засгийн хувьд долоо хуваах шиг боллоо. Тэгэхээр бусад бүстэйгээ яаж хамтарч, хоршиж ажиллах вэ? гэдэг нь чухал. Бүсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Засгийн газартай хамтарсан дүгнэлтээр нэгдүгээрт, эрх мэдлийн буюу нийслэл, дүүргийн Засаг дарга нар дээрх төвлөрлийг задалъя. Өнөөдөр Улаанбаатарт 214 Засаг дарга ажиллаж байгаагаас 10-т нь төсвийн, хүний нөөцийн томилгооны эрх мэдэл төвлөрдөг. Эрх мэдлийн энэхүү төвлөрлийг доошоо хөл рүү нь задалж өгье.
Хоёрдугаарт, инженергийн буюу эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлье. Гадаргын усны зөв менежмент хийхгүйгээр Улаанбаатарын тогтвортой хөгжлийг тодорхойлохгүй. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг татаж оролцуулахаар Засгийн газартай тохирлоо. Гуравдугаарт, Төрийн үйлчилгээний хүртээмж, хүнсний аюулгүй байдал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дагуул хотуудыг дэмжиж ажиллах тухай. Эдийн засгийн дэмжих, ажлын байрыг хүртээмжтэй болгоход хамтрахаар боллоо. Эрх мэдлийн төвлөрлөөс гадна хүн амынхыг задалъя. Эдийн засгийнхыг ч мөн адил. Ингэснээр Төв аймаг нь ч, Дархан ч хожих концефцыг “Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил”-ийн форумаар дэвшүүлсэн.
-10 хүнд буюу нийслэлийн болон есөн дүүргийн Засаг даргад төвлөрсөн эрх мэдлийг хэрхэн задлах юм. 42 хороонд хуваана гэхээр энэ тооны Засаг даргатай болох юм уу?
-Анзаарсан бол Ерөнхий сайд нийслэлийг 42 бүсэд хуваах тухай ярьсан нь энэхүү асуудлыг идэвхтэй болгохын тулд танилцуулсан хувилбар. Яг энэ хувилбараар бусад эрдэмтэн, судлаач, улс төрийн намуудын саналыг тусгасан байдлаар хоёр дахь хувилбарыг боловсруулж байгаа. Үүгээр нийслэлийн болон 13 дүүрэг, 60 гаруй хороо гэж тооцвол нийт 75 Засаг дарга болгож бууруулах санал яваа. Үндсэндээ нийслэлийн хэмжээнд дарга ангийг гурав дахин бууруулахаар ажиллаж байна. Ингэж байж Төрийн үйлчилгээ иргэнд ойртоно. Үйлчилгээ авах гээд хороондоо ороход асуудлыг нь шийдэж чадахгүй учраас дүүрэг, нийслэл, яамд руу уламжлах байдлаар явдагт иргэд бухимддаг.
Яах гэж хороон Засаг дарга хийж суудаг юм гэдэг. Тэр хүмүүсийн буруу биш. Яах аргагүй хороон Засаг даргад төсөв алга, эрх мэдэл алга, шийдвэр гаргах орон зай, процедур алга. Үүнийг шийднэ. Нийслэл, дүүргийн Засаг даргад байгаа эрх мэдлийг шилжүүлнэ. Дүүрэгт байгаа эрх мэдлийг хороо руу шилжүүлж байж иргэдэд Төрийн үйлчилгээ маш ойр очно.
Асуудлаа шийддэг хорооны Засаг дарга баймаар байгаа юм. Замын жижиг эвдрэл, гэрэл чийдэн солиход хүртэл тэдэнд эрх мэдэл алга. Шат шатандаа төвлөрсөн эрх мэдлийг задалж байж иргэд рүү ойртоно. Хоёрдугаарт, авлига, ашиг сонирхлыг ч бууруулна. Зарим дүүрэг 50 мянган хүнтэй байхад өөр нэг нь 500 мянган оршин суугчтай байна. Энэ тооны үйлчилгээ авах гэж хүн наад захын оочер дугаар авах гэж танил тал харна, хайна. Үүнд дөрөөлсөн авлига, албан тушаалын систем хүссэн ч, эс хүссэн ч ажиллана. Задалж байж, Төрийн үйлчилгээ анхан шатанд хүрэх зохист харьцаандаа очвол энэ хандлага буурна.
Дан ганц хүнд хариуцлага тооцохоос илүү тогтолцоо системээ өөрчилж байж авлигын суурь шалтгааныг арилгана. Үүнийг хийхэд Улаанбаатар хот манлайлал үзүүлж, бүсчилсэн хөгжил, засаг захиргааны шинэчлэлийг үлгэрлэе гэж байгаа юм.
-Таны ярианаас хотыг бүсчилж хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэх Нийслэлийн эрх зүйн байдлын гэхээсээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд “гар хүрэх” зүй ёсны шаардлага бий болох юм байна гэж ойлголоо?
-Үндсэн хуульд зааснаар 13 дүүрэгтэй, 60 гаруй хороотой болоход ямар нэгэн асуудал гарахгүй. Жишээ нь, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаярын хувьд заавал ингэж хязгаарлах ёсгүй. Нэгэнт зөвшилцөлд хүрэх гэж байгаа бол илүү том цар хүрээнд асуудлыг хэлэлцэж, нэгдсэн байр суурьтай болбол өөр хувилбар ч байж болно. Яахаараа хороонд хэт их улстөржилт байх ёстой юм гэдэг өнцгийг дэвшүүлж байх жишээтэй. Үүнийг АН-ын байр суурь гэж харж байгаа. Зөв ч байж магадгүй.
Харин өнөөдрийн хувилбараараа Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөх бүрэн боломжтой. Тэр тохиолдолд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар нийслэлд байгаа эрх үүргийг дүүрэгт, дүүргийнхийг хороо руу шилжүүлэх гэдэг ч юм уу, шаталсан байдлаар явж болно. Магадгүй зарим чиг үүргийг нь мэргэжлийн холбоод, Худалдаа, аж үйлдвэрийн танхим руу шилжүүлж болно. Тэгэхээр Төсвийн хуульд өөрчлөлт орно. Гол хоёр реформ нь энэ хоёр хуулиар явна.
-АЛСДАА ЭНЭ ХОЁР АЛБАН ТУШААЛЫГ САЛГАХ ЁСТОЙ-
-Хэчнээн Засаг даргатай байх гэсэн тооны тухайд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг, зөвшилцлийн дараа тодорхой болох байх. Харин томилгооны хувьд яаж явах юм. Хотын даргыг томилдог биш иргэд нь өөрсдөө сонгодог тогтолцоо руу явъя гэдэг санал гарч эхэлсэн?
-Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Хот болон нийслэл гэдэг хоёр зүйл зоосны хоёр тал болчихоод байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь нэг хүн байдаг. Засаг даргын хувьд Төрийн төлөөлөл. Харин Захирагч нь нутгийн өөрөө удирдах байгууллагаас, эсвэл иргэдээс сонгодог хот нийтийн аж ахуйг авч явдаг мэйр. Үүнийг нь нэг хүнд өгчихсөн учраас асуудал дагуулдаг. Одоо бол Нийслэлийн Засаг даргын тухайд мэйрийн үүргээ хотын Ерөнхий менежерээр дамжуулж хэрэгжүүлдэг.
Алсдаа энэ хоёр албан тушаалыг салгах ёстой. Төрийг төлөөлж байгаа Засаг даргыг хэрхэн сонгож, томилох уу? гэдэг нь Үндсэн хуулийн асуудал. Харин хотын захирагчийн асуудлыг иргэдээс сонгодог зарчим руу явах ёстой гэдэг байр суурийг бол дэмждэг. Нутгийн өөрөө удирдах ёс болон Төрийн захиргааны чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн түвшинд яаж хэрэгжих үү? гэдэг асуудал илүү тодорхой болно. Тэгэхээр энэ асуудлыг ялгамжтай авч үзэх ёстой.
-Дүүрэг, хороодын Засаг дарга нарын тухайд. Ялангуяа 214 хороог 60 болгож бууруулна гэж байгаа шүү дээ?
-Үндсэн хуульд хороодын Засаг даргыг тухайн хорооны нийт иргэдийн хурлаас сонгох тухай заасан. Гэхдээ СӨХ-ны хуралдаа суудаггүй хүн хорооны Засаг даргаа сонгоход ч оролцдоггүй. Үүнийг технологийн зарчмаар шийдэж болно. Бусад оронд Засаг даргаа сонгохдоо зайнаас саналаа өгдөг болсон. Бүгдээрээ гар утастай. Шаардлагатай тохиолдолд биечилж өгөх боломжтой. Түүнээс заавал хорооныхоо Иргэний танхимд бөөнөөрөө суугаад аль нэг нам нь давамгай байдалтай үзэж, тардгийг болих хэрэгтэй. Ер нь хорооны Засаг даргын сонгуулийг цахимаар хийх ёстой.
Үгүй гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу томилдог байх хэрэгтэй. Иргэдээс нь холдуулахгүй гэж үзвэл бүх иргэддээ мэдээллээ хүргээд цахимаар сонгож болно. Европын улс оронд ингэж л шийддэг. Нэг л зүйл бий. Иргэдийн дийлэнх хувь нь цахим үйлчилгээнд итгэдэггүй. Цахимаар авдаг болон оролцдог зүйлдээ итгэдэггүй хандлагын асуудал байна. Үүнийгээ өөрчлөхөд л ямар ч асуудалгүй.
-Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумыг анх удаагаа зохион байгуулсан. Ерөнхий сайд нь ч ач холбогдол өгч оролцлоо. Гэхдээ форум зохион байгуулснаар, тэнд асуудал ярьснаар асуудлыг шийдэж чаддаг уу? гэвэл үгүй. Эсрэгээрээ форумаар ярьсан, хэлсэн, амласан асуудал нь тунхаг төдий үлддэг, мартагддаг гэм биш зан манайд тогтоож удаж байна. Тэгэхээр форумаар тодорхойлсон Улаанбаатар хотын хөгжлийн зураглал бодит биеллээ олно гэсэн баталгаа байна уу?
-Өмнөхөөсөө ялгаатай нь, зүгээр нэг цуглаад хотын асуудлыг яриад тардаг биш шийдэлтэй нь танилцуулсан. Сэдэв тойрч ярьсан. Хотын асуудлаа шийдэхийн тулд засаглалаа өөрчлье гэсэн. Засгийн газрын түвшинд Ажлын хэсэг гараад яваа. Захирагчаа иргэдээсээ сонгоё. Дүүрэг, нийслэлд хэт их төвлөрөл байна. Үүнийг хороо руу шилжүүлж задалъж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хот эрчим хүчний хомсдолтой байгаа. Оргил ачааллын үед төвийн эрчим хүчний систем 11.4 хувийн өсөлттэй байсан. Жилд дунджаар найман хувийн өсөлттэй яваа. Оргил ачааллын үед 1636 мВТ хүрсэн. Тиймээс 250 мВТ-ыг таслах буюу хязгаарлах байдлаар өвлийн ачааллыг давлаа.
Улаанбаатар хот байнгын хязгаарлалттай байхад хөрөнгө оруулаач ээ гэж хэлэхэд хэцүү. Эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээс өөр гарцгүй. Нийслэлийн агаарын болон хөрсний бохирдол явж, явж эрчим хүчтэй холбогддог. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулж, үнэ тарифын тодорхой үе шаттайгаар чөлөөлөх бодлого барина. Зөвшөөрөл олгож байгааг нь хөнгөвчлье. Хувийн хэвшил нь хийе гэсэн төсөлд үнэ тарифын зөв бодлого гаргаж өгье. Бөөрөлжүүтийн цахилгаан станц байна. 1984 оноос Улаанбаатарын хэмжээнд эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж чадаагүй. “Энержи ресурс” өөрсдийн үйлдвэрийн хэрэгцээнд зориулж барьснаас биш байгаагаа тордож л ирсэн. Гэтэл хувийн хэвшил нь барьж чадаж байна. Тэдэнд сонирхол нь байна. Үнэ тарифын зөв зохицуулалт хийхэд л боломж, бололцоо нь байна.
Нэг кВт эрчим хүчийг долоон центээр үйлдвэрлээд зөрүүлээд дөрвөн центээр хэрэглэгчдэд хүргэдэг. Зөрүүг нь улсын төсвөөс нөхдөг. Ийм нөхцөл нь хөрөнгө оруулах сонирхлыг хаадаг. Үйлдвэрлэлийн өртгийг зөв болгож, ойлгуулж байж шийднэ. Өнөөдөр долоон центээр төлөөд явах уу? 20 цент алдах гэдэг л асуудал байгаа юм. Эрчим хүч, дулааны цаана иргэдийн бүтээмж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ашиг хөндөгддөг. Олон арван тэрбумаар нь зарцуулаад байгаа утаа, түгжрэлийг улам дэвэргээд байгаа юм.
Тиймээс үнэ тарифыг зөв зохицуулалтыг Улаанбаатарт хийх цаг нь болсон. Ингэж байж инженерингийн байгууламжийн өргөтгөл, гэр хорооллыг орон сууцжуулыг ажлыг хувийн хэвшил хангалттай хийнэ. Эргээд эрчим хүчний эх үүсвэр, дулааны шугам тойрсон авлигын сүлжээ задарна. Зөвхөн техникийн тодорхойлолт гаргуулахад авлига цэцэглэж байна. Үүнийг задална. Газар үнэ цэнэтэй болно. Улаанбаатарыг шавж биш тэлж хөгжинө.
Дагуул хот, шинэ ажлын байр дандаа дэд бүтэц дээр очоод зогсож байна. 2030 онд Улаанбаатар усны асуудалд орж, 2035 он гэхэд маш стресстэй буюу эмзэг болно. Усны хомсдолд орно. Гадаргын усны менежментийг зөв хийж байж тогтвортой хөгжлийг хангана. Ингэхийн тулд хувийн хэвшилтэй хамтрахаас өөр аргагүй. Үер боллоо, маш олон хүн эд хөрөнгөөрөө хохирлоо. Хүний амь нас ч эрсэдлээ. Дээрээс нь гүний усаа хэрэглэдэг тансаг хэрэглээтэй хот Улаанбаатараас өөр алга.
Бусад оронд ундны усныхаа 80 хувийг гадаргын усыг хуримтлуулж, цэвэршүүлж хэрэглэдэг. Гэтэл бид хэтэрхий тансаг хэрэглээтэй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Гагцхүү өнөөдрөөс гадаргын усны менежментээ зөв хийх ёстой. Хиймэл нуур, далан, цөөрмийг байгуулж чадвал хотын тогтвортой хөгжил, аялал жуулчлал, экологи, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ. Үер, усны аюулаас ч урьдчилан сэргийлнэ. Туул гол дагасан 13 байршилд хиймэл нуур, далан байгуулах боломжтой. Эдгээрийг шийдэж байж хотын хөгжил тогтвортой байна.
Дараагийнх нь эдийн засаг, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Богино хугацаанд барилгын салбарыг дэмжинэ. Их хэмжээний ажлын байр бий болгодог. Хүнсний салбарт ч мөн адил. 1.7 сая хүний хүнсний аюулгүй байдал өөрөө чухал. Нийслэлчүүд 400 тэрбум төгрөгийн импортын нарийн ногоо иддэг. Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал хүлэмжийн аж ахуйн хөгжүүлнэ. 400 тэрбум төгрөгийг дотоодод авч үлдэнэ.
Тээвэр, ложистикийн салаа төмөр замууд байна. Үүнийг Улаанбаатараас гаргана. Зүүн талыг Баян-Өртөө, баруун талыг Хөшигийн хөндий рүү шилжүүлнэ. Төмөр зам бол түгжрэлийн томоохон эх үүсвэр. Аюултай бүх ачаа төмөр замаар дамжиж Улаанбаатарт ирж байна. 213 мянган тн тэсэрч, дэлбэрэх бодис нийслэлд буучихаад уул уурхай руу ачигдаж байна. Нэг ч тийм бодисын хэрэгцээгүй мөртлөө ийм их хэмжээнд орж ирж байгаа нь эмгэнэл. Үндсэндээ Улаанбаатар бүх асуудлын гол цэг болчихсон. 400 тэрбум төгрөгийн нарийн ногоог Дархан, Сэлэнгэ хариуцаж болно. Төв аймаг хариуцаж болж байна. Бид хамтдаа хөгжих ёстой.
Нефтийн савуудыг гэхэд Дархан, Эрдэнэтэд байгуулж болно. Тэндээсээ баруун болон Төв аймаг руу хүргэдэг болбол тээвэрлэлтийн зардал багасна. Үнийн өсөлтийн 15-30 хувийг тээврийн зардал эзэлдэг. Яагаад гэхээр бүгдээрээ нийслэлд ирж буугаад, буцаад задарч явдаг. Хэрэглэгчид очиход 15-30 хувь нэмэгддэг. Хотын зарим юмыг задалж, бүс нутгийн хэмжээнд хөгжих гол агуулга нь энэ. Хот төлөвлөлтийн бодлого гэдэг хүний эрхийг хамгаалах, эдийн засаг, зах зээлийн хуваарилалт. Бүх юмыг Улаанбаатарт төвлөрүүлж шийдэж болохгүй.
-Дагуул хот дээр гэхэд нийслэлийн барьж авах том төсөл нь “Шинэ Зуунмод” болчихоод байна уу?
-Улаанбаатарын тэлэлт хаашаа байх вэ? гэдэг л асуудал. Тээвэр, ложистикийн боломжийг харсан ч Богд уулынхаа урагшаа хөгжих гарц байна. Зүүн тал руу хөгжих хоёр дахь боломж байна. Гол нь аливаа хотын хөгжил гэдэг ундны цэвэр усны нөөцөөс шууд хамаардаг. Тэгэхээр тэлж хөгжүүлэхийн тулд эрчим хүч, дулаанаас гадна ундны усны эх үүсвэрээ дагана.
Туул гол дагуу ЗХУ-ын эрдэмтдийн үед хийэ эхэлсэн таван усан сан байгуулах боломж бидэнд байна. Үүнийг бүрдүүлж байж дагуул хотын асуудлыг ярина. 2040 он хүртэл Улаанбаатарын ерөнхий төлөвлөлтөөр 13 дагуул хоттой байх төлөвлөгөө бий. Алсдагдсан гурван дүүргийг дагуул хот болгоё гэхээр хууль, эрх зүйн талаасаа ойлгомжгүй. Дагуул хот болгочихоор статус нь доошоо орчихдог, газрын эрхийг шийдэх эсэх нь тодорхойгүй. Үндсэн хуульд боломж нь гарсан ч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Бие даасан хууль гаргаж байж шийднэ.
“Шинэ Зуунмод”-ын тухайд бие даасан хуультай болгож, бүтээн байгуулалтын ажлыг нь шийднэ. Өнгөрсөн хугацаанд зарим дулаан, эрчим хүч, ундны ус, үерийн далангийн ажлыг хийсэн. Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа ч жигдэрсэн. Жилдээ 1.7 сая зорчигч хүлээж авч байна. Цаашдаа агаарын ачаа хүлээн авах асуудал ярьж байна. Үүнийг дагаж шинэ суурьшлын бүс байгуулъя гэж байгаа юм. Астана, Дубай шиг санхүүгийн төв байгуулна. Хөрөнгө оруулалтыг илүү их дуудсан ажлыг улс орнууд ашиглаж байхад бид түүнээс хоцорч болохгүй. 31 мянган га-д 34 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөж байна. Татварын болон татварын бус орлогоо Төв аймагтай хувааж хэрэглэнэ. Ийм байдлаар ажил явахаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл мэдэгдэхүйц өөрчлөгдөнө.
С.Гандөл