С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Хиймэл оюун ухаанд хамаатан садан, ашиг сонирхлын зөрчил гэж байдаггүй
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 3-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ Хиймэл оюун ухаан, машин сургалт, юмсын интернэтийн хөгжлийн хурд дэлхий дахинд нүд ирмэх зуур хувьсан өөрчлөгдөж байгааг онцлоод, Цахим үндэстэн болох зорилтынхоо хүрээнд та бүхний мэдлэг, оюуны хүчээр манай улс хурдацтай хөгжин дэвшиж байна гэлээ. Мөн “E-Mongolia”, https://d.parliament.mn/ платформыг жишээлэн дурдаж, би өдөр тутам ChatGPT ашиглахын зэрэгцээ зарим үед хэрэгтэй зураг, лого зэргийг AI-аар бүтээлгэдэг болсон гэсэн юм. Хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтран хиймэл оюун ухаан хөгжүүлж байгааг www.shilen.gov.mn-ээс харж болно гээд тэрбээр, хиймэл оюун ухаанд хамаатан садан, ашиг сонирхлын зөрчил гэж байдаггүй тул авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, энтрепренер, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ойрын үеийн чухал зорилтууд хүлээгдэж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын хөгжлийн болого, хөтөлбөрүүдэд туссан зорилго, зорилтууд, “Цахим Үндэстэн” санаачилгын хэрэгжилтийн тухай товч танилцуулсан юм. Хөдөө, орон нутгийг харилцаа холбоо, өндөр хурдны интернэт сүлжээнд холбох, дижитал дэд бүтцийг байгуулах төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах зэрэг ажлууд амжилттай өрнөж буйг УИХ-ын дарга дурдлаа.
Энэ салбарын хөгжил нь инновацыг идэвхжүүлж, үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгөх ёстой хэмээн тэрбээр өгүүлээд, энэ үр өгөөж нь нийгмийн бүхий л салбарт нэвтэрч, бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулж, шинэ шинэ ажлын байрыг нэмэгдүүлэн, инновацыг хөгжүүлэх хөшүүрэг болно гэлээ.