С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зардлын ангилалтай болж, салбар бүрд төсөв хуваарилдаг болно;
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нийгмийн бүх салбарт бодитой хангах нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдал сайжирна;
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна;
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан, эсхүл тэдний эрхийг хамгаалахаар нэгдсэн төрийн бус байгууллагуудын шалгуурыг тодорхойлсноор төр иргэний нийгмийн түншлэл бэхжиж, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирна;
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлсноор байгууллагын чадавх бэхжиж, салбар дундын уялдаа холбоо сайжирна;
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг дэмжих, үйл ажиллагааг санхүүжүүлэх тогтолцоо тодорхой болж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй эх/эцэг/-ийн нийгмийн хамгаалал сайжирна;
- -Хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд олгох урамшууллын төсвийн эх үүсвэр тодорхой болж, төсвийн эх үүсвэр давхардахгүй болно;
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны дэмжлэгийн зохицуулалт тодорхой болсноор үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж сайжирна;
- -Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Үндэсний хороо болгон өөрчилж, хорооны ажиллах хэлбэр, ажлын албаны чиг үүрэг тодорхой болно;
- -Хуулийн давхардал, хийдэл арилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, хүртээмжийн зохицуулалт нь салбарын бусад хуулиар нарийвчлан зохицуулагдана.