Хамтарсан Засгийн ТУГ нь NO SURPRISE!
2284. Энэ бол Монгол Улс Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн 1992 оноос хойших үе үеийн УИХ-аас баталсан тогтоолын тоо. Засгийн газрынх үүнээс бараг хоёр дахин буюу 5187. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 32 жилийн хугацаанд найман парламент, 16 Засгийн газраас нийт 7471 тогтоолыг баталж, хэрэгжүүлсэн нь энэ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр түдгэлзүүлсэн болон үе үеийн Засгийн газар нь өмнөх Ерөнхий сайдынхаа танхимын бодлогыг хүчгүйдүүлж, хүчингүй болгосон зэрэг 2039-ыг нь хасч тооцвол 5432 тогтоолыг хуулийн адил мөрдүүлж байгаа юм. ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний тэг дунд оршдог, тэр хэрээрээ эдийн засаг нь хараат, 3.5 сая хүнтэй Монгол Улсад ийм хэмжээний тогтоолыг хэрэгжүүлж буй нь мэдээж ахадсан тоо.
Гэхдээ л орон сууцжуулах хөтөлбөрөөс эхлээд төмөр зам, тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлийг дэмжих зэргээр улсын, хүн амын, нийгэм эдийн засгийн хөгжлийг тодорхойлох энэ тооны тогтоолыг хөрсөн дээр буулгах гэж даруй хагас жарныг зарцуулсан хэрэг. Хоржоонтой ч гэх үү, тохуутай нь эдгээр 5432 тогтоолын хэд нь үр дүнгээ өгсөн, хэчнээн нь бодит ажил хэрэг болов? гэдэгт яг цав тохирсон, тоймтой хариулт үгүй. Хэрэгжиж, хэрэгжүүлэхээс илүү ердөө тунхагийн шинж чанартай тогтоолууд найман парламент, 16 Засгийн газар дамнан зүгээр л “машиндсан” гэсэн үг. Хатуу ч гэсэн гашуун үнэн нь ийм.
Ганцхан жишээ дурдахад “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” гэж бий. Аль 14 жилийн өмнө 2010 онд баталсан УИХ-ын 32 дугаар тогтоол. Үүгээр Монгол Улс дотооддоо 5683.5 км төмөр замын суурь бүтцийг шинээр барихаар тусгаж байв. Энэ хүрээнд эхний үе шатанд 1100 орчим км буюу Даланзадгад-Таван толгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхээр болсон юм. Гэвч Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 км ганцхан төмөр замыг барих гэж нэгэн аравныг дамнасаар ашиглалтад оруулсан нь 2022 он. Ууттай элс цоолохоос эхэлж улс төрийн уур амьсгалд шуурга дэгдээж явсан 32 дугаар тогтоолын дагуу хэрэгжих учиртай төмөр замын бүтээн байгуулалтыг хийж чадаагүйн улмаас алдагдсан боломжийн өртөг нь 70-80 их наядаар хэмжигддэг.
Тусгаар улсын хөгжлийн хамгийн том дархлаа болдог эрчим хүчний томоохон мега төслүүд ч төмөр замын бүтээн байгуулалт шиг гадаад, дотоодын улс төрөө дийлэхгүй унаж, гацаж, тэг зогссон нь үнэн. Угтаа бол УИХ, Засгийн газрын түвшинд баталсан тогтоол бүр цагаан дээр хараар бичсэн агуулгаараа албажиж, ажил хэрэг болгосон бол бидний өнөөгийн дүр зураг арай өөрөөр бууж, утгаараа улс шиг улс болж хөгжих байв. Гэвч УИХ, Засгийн газрын тогтоол цаасан дээр л гоёчилж буулгадаг “Монгол мөрөөдөл” төдий, тунхагийн чанартай байж ирсний гол учиг юу байв? Хариулт нь маш энгийн бөгөөд тодорхой.
Нэгдүгээрт, дотоодын улс төрөөр дамжуулсан гадаад орчны дам нөлөө. Хоёрдугаарт, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэж зүтгэсээр сүүлдээ аль ч үгүй хоцордог бидний гэм биш зан. Гуравдугаарт, Төрийн залгамж халаа гэсэн суурь ухагдахуун өнөөдрийн Монголд хараахан төлөвшиж, тогтоогүйтэй холбогдоно. Эцэст нь буюу хамгийн чухал нь эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэх байтугаа замын дундаас буцдаг, эс бөгөөс бүхэлд нь эсэргүүцэх үгүйсгэл бүхий улс төрийн гэнэтийн шийдвэр. Төмөр зам, эрчим хүч, ер нь томоохон мега төслүүд яагаад гацдаг, гацаж ирсний шалтгаан ердөө л энэ.
Гагцхүү улс төрийн уур амьсгалд ч, нийгмийн ой тоонд ч хариуцлага бас хяналтын механизм эргэн сэргэж буй нь өдөр тутмын хандлагаас илрэх болов. Яг л “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой” хэмээсэн Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг нэгэнтээ хэлж байсан шиг. Нэг талаар сайны дохио, нөгөө талаар Төр, засгийн үйл ажиллагаа ард түмний хяналт дор явна аа л гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй МАН, АН, ХҮН-ын төлөөллийн байгууллага хооронд хийх гэрээний төсөл болон 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан Төсөвт тодотгол хийх төслүүдийг ирэх даваа гаригт УИХ-д өргөн барихаар болсныг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн нь анхаарал татах асуудал.
Өмнөхөөсөө, үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс ялгаатай нь гурван намын гэрээнд суурилсан буюу хэрэгжилтийг хэмжих боломжтой гэдгийг сайд Н.Учрал хэлнэ лээ. Өөрөөр хэлбэл, МАН, АН, ХҮН-ынхан гэрээгээр үүрэг хүлээх нь. Үндсэндээ Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэн тэргүүнд гол төсөл, хөтөлбөрүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг тусгажээ. Тэдгээрт гурван нам хэрхэн хамтрах тоглоомын дүрэм, зорилтоо дэвшүүлсэн гэсэн үг.
Жишээ нь, Засгийн газрын үйл ажиллагаанд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” гэсэн тухайлсан бүлэг оруулжээ. Ингэхдээ нийслэл Улаанбаатар хот, түүн дотроо хэрэгжүүлэх таван нэр бүхий төслийг багтаасан байна. 126 гишүүний 78-ыг нь бүсчилсэн байдлаар сонгосонтой холбогдуулж тухайлсан бүс бүрд хийх томоохон төслүүдийг жагсаажээ. Үндсэндээ Засгийн газрын тэргүүлэх чиглэл нь 15 мега төсөл байхаар тогтсон хэрэг. Хоёрдугаарт, Хүний хөгжлийн бодлого бүлэгт боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт гэсэн гурван чиглэлтэй байх аж.
Гуравдугаарт, Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтээс шалтгаалж орон сууцны бодлогыг хэрхэн явуулах, эрүүл мэнд, боловсролыг хэрхэх асуудлаар салбар дундын уялдааг зохицуулахаар тусгаж, хүртээмжтэй эдийн засгийг бий болгохоор төлөвлөжээ. Тавдугаар бүлэгт гэхэд хүртээмжтэй цомхон Төрийг бий болгох зохицуулалт орсон аж. Хэдийгээр АН, ХҮН-ын төлөөлөлтэй хамтарч Засгийн газрыг бүрдүүлж буй ч Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах Ерөнхий сайдын үүрэг биеллээ олсон нь энэ. Салбарын сайд нь өөрчлөгдсөн ч газар, хэлтэс, агентлагийн түвшинд бүтэц томрохгүй ямар нэгэн халаа сэлгээ явахгүй, Төр өөрөө тогтвортой байх нь.
Эдгээрээс Хамтарсан Засгийн газрын гэрээнд аль нэг тал гэнэтийн шийдвэр гаргахгүй байх заалтыг тусгахаар зохицуулалт хийж байгааг Н.Учрал сайд онцолсон нь анхаарал татах агуулга. Нэгэнт тохирсон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцсон тохиолдолд эргэж, буцах, эсэргүүцэж шүүмжлэх улс төрийн гэнэтийн шийдвэрийг МАН, АН, ХҮН-ын аль нь ч гаргахгүй нь. Баталсан л бол бандан тас байж, хэрэгжүүлэх үүргийг гурван нам хүлээхээр болсон нь 1990 оноос хойших Монголын улс төрд гарч буй хамгийн том дэвшил юм!
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Төсвийн тодотголыг УИХ-аас баталсан өдрөөс МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс, эсвэл ХҮН-ын Монгол Улс бус Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс бүх шийдвэр гарч, томоохон төслүүд түрүүчээсээ хөдөлнө гэсэн үг. Энэ бүгд мэдээж Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын асуудалд хандах өнцөг, харилцан буулт, зөвшилцлийн хүрээнд явж таарна. Талцаж, хуваагдаж, толхилцсоор төсөл, хөтөлбөр болгоныг зогсоодог, татаж унагаадаг, улстөржилтөөс биш эв нэгдлээр шийддэг хандлага Монголын улс төрд бий болохын хэрээр дархлаа тогтох учиртай. Ирээдүйд ч хэрэгтэй бас дэмтэй.
Тэгэхээр “Шинэ 30 жилийн суурийг тавих хариуцлагатай цаг үе дээр бид ирлээ” хэмээх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь зүгээр ч нэг хоосон хийрхэл биш байжээ. Эсрэгээрээ АН, ХҮН-тай хамтрах замаар мега төслүүдээ урагшлуулах, Үндэсний баялгийн сангаар дамжуулж хүний хөгжил рүү чиглэсэн томоохон бодлого хэрэгжүүлэх нүүдэл байсныг эндээс харж болохоор. Хуучин юм ул болж шинэ юм зул болно гэдэг энэ. Хамтарсан Засгийн ТУГ нь NO SURPRISE! байх нь өөрөө хамгийн том итгэл төрүүлэх мөн тогтвортой үйл ажиллагаа явуулах шалтгаан юм.
Г.Эрхэс