С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шинэ 30 жилийн суурийг тавих эхлэл
1.
Намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн өдрөөсөө улс төрийн уур амьсгалыг сэрээж орхилоо. Нанчилдаангүй найр гэж юу байх вэ? гэдэг шиг мэтгэлцээн, шүүмжлэлгүй улс төр гэж байхгүй. Ялангуяа 126 гишүүнтэй нэн шинэхэн парламентад. Хэдийгээр нийслэл, орон нутгийн сонгууль зэрэгцсэн ч УИХ-аар хэлэлцэх асуудлын агуулга, цар хүрээ нь том учраас хэрхэн улс төр хийж, олон нийтээс оноо авах нь угаас УИХ-ын гишүүдэд тогтсон гэм биш зан. Хамгийн сайн чадах чадвар. Жишээ нь, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг парламентаар хэлэлцэх үеэр О.Амгаланбаатар гишүүн намын дарга Л.Гантөмөрийгөө хэрэндээ л “шоглож” амжлаа. Эрчим хүч, дэд бүтцийн зориулалттай мега төслийг хэрэгжүүлэх нэрийдлээр их хэмжээний зээлийг хяналтгүй зээл авах нь хэмээн хардав.
Уг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг өмнөх хоёр парламент дамнан яригдсан мега төсөл гэдгийг О.Амгаланбаатар гишүүн мэдэхгүй биш сайн мэдэх хүн. Нэг нь БНХАУ-ын, нөгөөх нь Энэтхэгийн Засгийн газартай тохирсон, түрүүчээсээ бүтээн байгуулалтын ажил нь хэдийнэ эхлээд яваа төслүүд. Гэвч Хамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайд нь АН-ын дарга Л.Гантөмөр учраас түүнд хаягласан журмын нөхрийнх нь байр суурь энэ байв. Ам нь загатнаад мэдэн будилсан уу? аль эсвэл намын даргадаа өчсөн тунирхал уу? хэлж мэдэхгүй.
Ямар ч байсан О.Амгаланбаатар гишүүн Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрийг “Мах комбинатын улаан ямаа”-тай зүйрлэнэ лээ. Хариуд нь Л.Гантөмөр сайд 14 мега төслийг хэрэгжүүлэхийн тулд зээл авна гэдэг нь цуурхал гэдгийг онцлоод эцсийн шийдвэр УИХ-аар орж, дэнслэгддэгийг сануулсан. Өмнө нь нэгэнт тохирсон Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэр тэргүүтэй мега төслийг хэрэгжүүлэхээр эцэслэсэн зээлийн нөхцөлөөс буцах боломжгүйг АН-ын дарга гэхээсээ Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар хариулсан.
Угаас хамтарвал хамтарсан шиг хамтраад томоохон мега төслүүдээ гараанаас гаргаж эдийн засгаа тэлж, солонгоруулах том амбийц энэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасныг УИХ-аар баталсан нь саяхан. Тэр бодлогоо л Л.Гантөмөр сайд хамгаалсан байж таарна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр яагаад хэрэгтэйг, баруун аймгуудыг хилийн чинадаас бус дотоодоос хангах зүй ёсны шаардлага бийг байсхийгээд хязгаарлалтад өртдөг Говь-Алтайн Засаг даргаар ажиллаж асан О.Амгаланбаатар уг нь мэдэх ёстой хүн.
2.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ирэх онд хэрэгжүүлэх дөрвөн мега төслийг Засгийн газраас оруулж ирснийг олонхиороо дэмжив. Үүнд нь Гашуунсухайт-Ганц модны төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц багтаж буй. Эрдэнэбүрэнгийн УЦС аль 1960-аад оноос судалгааны ажлыг эхлүүлсэн ч нэгэн жарны турш шийдлээ хүлээж буй төсөл. Уран гэхэд шилжилтийн нийгмийн цаг үед Монголд орж ирсэн “гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулаттай нь. Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр зам 18 жил гацаанд явна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан үеэс гэж тооцвол эл ордыг түшиглэн цахилгаан станцын төсөл 14 дэх намартайгаа золгож байна.
Гээд тоочвол мега төслийг хэрэгжүүлэхэд тулгардаг зовлон Монголд олон. Зовлон гэхээсээ дотоодын улс төрөө дааж чаддаггүй унагаадаг нь үүний гол тушаа. УИХ, Засгийн газар бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд очиж гацаж, гацаадгийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч ирсэн нь бидний гашуун үнэн бас сургамж. Гэхдээ яагаад тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах асуудлыг Үндсэн хуульдаа тусгасны үр дүн өнөөдөр гарч эхэлсэн нь дээрх дөрвөн төслийг нэн тэргүүнд хөдөлгөхөөр санал нэгдсэн явдал байв. Хүссэн ч эс хүссэн ч эрчим хүчний шинэ эх үүсвэр, хил дамнасан төмөр замтай болоход хамгийн багадаа 18 жилийн хугацааг зарцуулсан нь өнөөгийн Монголд хожимдсон ухаарал ч шинэ 30 жилийнхээ эхлэлийг дөрвөн ч томоохон мега төслөөр эхлүүлэхээр МАН, АН, ХҮН гэсэн гурван нам парламент, Засгийн газрын түвшинд санал нэгдсэн нь түрүүчээсээ ийнхүү дэмжлэг хүлээв.
3.
Ерөнхий сайд болсон даруйдаа “Шинэ сэргэлтын бодлого”, “Алсын хараа-2050” гэсэн хоёр урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, УИХ-аар батлуулсан Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН тэргүүтэй хоёр намын төлөөлөл бүхий танхимынхаа анхны төсвийг хэлэлцүүлэхээр боллоо. Өөрийнх нь тодотгосноор, өрөөлийг уриалж ирсэн үзэл баримтлал “бай”-ндаа тусч ирсэн нь үнэн л юм бол Л.Оюун-Эрдэнийн кабинетаас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль ардчиллын хоёр дахь давалгаа болсон шинэ 30 жилийн суурийг тодорхойлж, тавих нь ойлгомжтой.
Анх удаагаа 126 гишүүнийг бүрдүүлсэн, анх удаагаа бүсчилсэн тойргоор сонголтоо хийсэн, анх удаагаа таван намын төлөөлөл багтсан зэргээр анхны гэх тодотгол энэ парламентын автор нь. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсөвтэй холбогдуулсан ачирхаж, нутгархдаг тойргийн сэтгэлгээ энэ удаад гарахгүй нь. Том төслөө тойрч, төвлөрсөн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх хүлээлт нийгэмд ч, улс төрийн хүрээнд ч бий.
Аливаа асуудлын шийдлийг олоход асар их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч, нураахад нэг алдаатай шийдвэр хангалттай гэдгийг 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээнээс харж болно.
“Ийм алдааг давтахгүйн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулж, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд үндэслэсэн эхний төсвөө Засгийн газар Улсын Их Хуралд өргөн барьж байна. 2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой” гэдгийг Ерөнхий сайд өөрөө чуулганы нэгдсэн хуралдааны индрээс ч мэдэгдлээ.
Аль ч улс орны эдийн засгийн хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг. Бид ч мөн адилхан. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,000 ам.доллар буюу 10 жилийн өмнөх үедээ гацаж ирсэн ч боомтын нэвтрэх хүчин чадлаа сайжруулж, эрдэс баялгийн салбарын далд эдийн засгийг ил болгож, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6,000 ам.доллар давсан үзүүлэлт гарсан. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ 79.2 их наядад, нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолжээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах бол манай бүс нутгийн хэмжээнд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна. Өдрөөс өдөрт дэлхий улам хуваагдмал болж, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын геополитикийн нөхцөл байдал эдийн засагт том хэмжээний эрсдэлийг дагуулах нь тодорхой ч нэг амтай, нэгдмэл зорилготой байж үүнийг тойрч биш туулж гарна.
Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож буйгаа зарласан нь саяхан. Харин зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар шинэчлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг тэд анхааралтай ажиглаж байна гэсэн үг. Үүний цаана хөрөнгө оруулагчид ч биднийг харж буй.
Ерөнхий сайдын мэдэгдсэнээр Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүйг нь 2025 оны төсвийн жил эхэлж чадвал тухайн оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлжээ. Улмаар 2026 онд багтаж, 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наядад, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байгаа аж. Ийнхүү хамгийн их хүлээлт дагуулсан 126 гишүүнтэй парламент Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн анхны төсвийн төслийг дэнслэх нь.
-2025 ОНООС ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ОРУУЛЖ ИРСЭН МЕГА ТӨСЛҮҮДИЙН АЧ- ХОЛБОГДЛЫГ ТАНИЛЦУУЛБАЛ:
- Хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
- Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
- 26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төсөл болох ба улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.
- Уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилттэй уялдуулан Орхон-Онги, Хэрлэн-Тооно ус дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлснээр говийн бүсэд хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэж, Улаан нуурыг сэргээж, нуур орчмын экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах боломжгүй юм.
- 2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 жил гацсан Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
- Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах Үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжсэнээр 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Мөн бид хиймэл оюун ухаан, технологийн шилжилтэд бэлтгэлээ хангах суурь болно.
Г.Эрхэс