С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрчим хүчний сэргэлтийн “БАМБАЙ” нь Ерөнхий сайд өөрөө байх ёстой!
Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа бас дархлааг илтгэдэг нэг зүйл нь эрчим хүч. Эдийн засгийн, хөгжлийн хөшүүрэг, гол зүтгүүр нь найдвартай эх үүсвэр. Бусдаас эрчим хүчээр хэдий чинээ хараат байна төдий чинээ тухайн орныхоо хамааралд ордог учраас. ОХУ, БНХАУ хэмээх хоёр их гүрний тэг дунд орших Монгол Улсад ийм зовлон бий юу гэвэл бий. Баруун аймгууд нь ОХУ-аас хамааралтай бол өмнөд хязгаарт үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд эхний тавд эрэмбэтэй Оюу Толгойн орд газар БНХАУ-аас эрчим хүчээ хангадаг. Ойролцоогоор 200 орчим сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчийг урд, хойд хоёр хөршөөс жил бүр авдаг гэсэн үг.
Одоо байгаа нийт хүчин чадлын хэмжээ нь ч оргил ачааллын үеэ давж, дийлэхээ байж, хэсэгчлэн хязгаарлалтад шилжсэн нь өнгөрсөн өвөл. Үндсэндээ эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохоос өөр сонголт өнөөгийн Монголд үлдээгүйг өвлийн оргил ачаалал нь өөрөө сануулах болов. Уг нь нүүрсний орд газраа түшиглэж шинэ үүсвэр барих санал, санаачилга гарахгүй биш гарч байсан түүхтэй. Аль 1988 үед л “ТЭЦ-5”-ыг Багануурын уурхайн дэргэд барихаар болж, шав тавьж байлаа. Гэвч ажил хэрэг болоогүй, болгохыг ч хүсэхгүй явсаар ирэх онтой золгох гэж байна.
Тавантолгой, Багануурыг түшиглэж цахилгаан станц барих сэдэл үе үехэн цухалздаг ч хэн эдгээр төслийг авна, тэдэнд ашигтай учраас бизнес, улс төр дамнасан бүлэглэл хоорондын өрсөлдөөн, тэмцлийн үр дагавар нь гацааж, тушсаар нэгэн аравныг үдэв. Мэдээж гаднын нөлөө ч бий. Санаачлах нь сайхан ч, сэдэв, төсөл нь өөрөө улс төрөө даах ямар ч баталгаа, дархлаагүй явж ирсэн нь эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж чадалгүй өнөөдөртөө золгосны гол зангилаа.
Сайн мэдээ нь гэвэл 2025 оны Төсвийн хуульд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станцыг хөдөлгөхөөр Засгийн газраас өргөн мэдүүлснийг УИХ дахь намын бүлгүүд дэмжлээ. Тодотгол хийдэггүй л юм бол хуульд заасан хөрөнгө оруулалт хийх нь нэгдсэн төсвийн нэг онцлог учраас Тавантолгой, Эрдэнэбүрэн гэсэн хоёр ч эрчим хүчний шинэ үүсвэртэй болох ажил ирэх оноос эхлэх нь гэсэн найдлага мөн хүлээлт бий.
Ийнхүү олон жил дуншсан мега төслүүдээ түрүүчээс нь хөдөлгөхөөр зэхэж буй Монгол Улсад нэгэн шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулсан нь Бөөрөлжүүт. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах эл станц бүрэн хүчин чадал нь 600 мВт. Үүнээс Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 150 мВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулж, галлагаагаа эхлүүлэв. Гэдэг нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр хууль, эрх зүйн шинэтгэлийг эрчимтэй хийж буй Улаанбаатар хот анх удаагаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнийхээ 300 тэрбумыг тус цахилгаан станцад хөрөнгө оруулсан юм.
Өөрөөр хэлбэл, суурилагдсан хүчин чадлаараа “ТЭЦ-3”-ыг дөрөв нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний төслийн эхний ээлж болох 150 мВт бүхий блокыг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт болов. Хоёрдугаар блокыг 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блокыг 2027 онд, дөрөвдүгээр блокыг 2028 онд ашиглалтад тус тус тооцжээ. Үндсэндээ станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах юм. Үүнээс гадна 1,040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно. Сайн мэдээ юу мэдээж тийм.
Үүгээр зогсохгүй Багануур дүүргийн I хорооны нутагт дэвсгэрт таван га талбайд барьж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт ирэх арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс Ерөнхий сайдад уламжилжээ. Өвлийн оргил ачааллын яг өмнө гэсэн үг. Төвийн болон Дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур. Батарей хураагуурын станц барихад хамгийн тохиромжтой бүс. Тиймээс Төвийн бүсийн эрчим хүчний давтамж, тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг хангах нь эл станцын үйл ажиллагаанаас шууд хамаарах юм. Байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчн гэдгээрээ онцлог.
Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, өдрийн оргил ачааллын үед Төвийн системд буцаагаад нийлүүлэх тохируулгын систем бий болно гэсэн үг. Засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой учраас гал алдах эрсдэл нь бага. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж буйгаа ч нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан байна лээ. Газар доорх эрчим хүчний нөөцөөр эхний тавд, сэргээгдэх нөөцөөрөө хоёрт ордог Монгол Улсын хувьд энэ салбартаа хүч хаях нь тийм холын мөрөөдөл биш цаг хугацааны л асуудал.
Ямартай ч Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокыг ашиглалтад оруулж, Батарей хуримтлуурын станцыг ирэх сард хүлээн авснаар нийслэлд дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг бүрэх хангах боломж бүрдэх нь. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж 2030 он гэхэд Монгол Улс 100 хувь дотоодоосоо хангах нь Хамтарсан Засгийн газрын зорилт. Үүнээс урьтаж, Бөөрөлжүүлт бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж гэмээнэ Монгол Улс бодит утгаараа эрчим хүч импортлогч биш үйлдэвлэгч, бүр экспортлогч орон болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хэлсэн байна лээ, “Эрчим хүчний салбарт зарим хатуу шийдвэр гаргахаас аргагүй. Үйлдвэрлэдэг өртөг нь зарж байгаасаа зөрүүтэй. Ийм нөхцөлд эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай бизнес болж чадахгүй. Бид цэвэр эрчим хүчний салбар руу шилжихийн тулд үнийг индексжүүлэх шаардлагатай. Үүнийг хийхийн тулд аж ахуй нэгж болон иргэд дээр инфляц ямар дарамт үүсгэх вэ гэдгийг тооцоод үе шаттай хийхээс аргагүй.
Эрчим хүч ашиггүй байвал хэн ч хөрөнгө оруулахгүй. Энэ салбарын боомийг тайлж, ДНБ-ээ тэлж, хөрөнгө оруулагч, хувийн хэвшилд орох боломжийг нээх нь чухал. Бидэнд хоёр сонголт байгаа, мэдээж ирээдүйгээ харсан сонголт руу явахаас өөр сонголтгүй” гэж. Эрчим хүчний реформын хүрээнд Тавантолгойн 450 мВт-ын ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн багц төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байгаа юм. Үүнээс Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн төслийн хөрөнгө оруулалтыг Төсвийн хуульд тусгаж, ирэх оноос хэрэгжүүлнэ.
Ганц асуулт бий нь эдгээр төслийг хэрэгжүүлэхэд хэн баталгаа болох вэ? Төр үү, хувийн хэвшил үү? Хариулт нь маш энгийн. Ерөөсөө л Төр, хувийн хэвшлийн түншлэлийг харилцан хамаарлыг хууль, эрх зүй, татварын бодлогоороо ойлгомжтой болгох нь зүй ёсны шаардлаг. Яг л Бөөрөлжүүтэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлээс Бонд босгох замаар шийдсэн шиг. Угаас Төр нь гэдийгээд, хувийн хэвшил нь хөрөнгөө хав дараад суувал нэг ч хадаас хадахгүй нь тодорхой. Эцсийн дүндээ бид Монгол Улс гэсэн нэг л нэрийн дор амьдарч, ажиллаж буй учраас энэ чиглэл рүү явахаас өөр сонголт үгүй. Том төслийг урт хугацаандаа хэрэгжүүлэх улс төрийн тогтвортой байдал бас баталгаа өнөөгийн Монголд хэрэгтэй болохоос нэг нь гарч ирээд үгүйсгэж, зогсоодог, бүр нураадаг хандлага өнгөрсөн 30 жилийн хугацаанд “ноёлж” ирсэн нь эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж чадаагүйн бодит хариулт, гашуун сургамж нь.
Тиймээс л эрчим хүчний сэргэлтийн туг нь яах аргагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө байж, дотоодын улс төр, гаднын зарим нөлөөллөөс хамгаалах “бамбай” болох ёстой юм.
Г.Эрхэс