НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
“Өнөр” хорооллын хуучин орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг бүрэн шинэчилнэ
Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2025 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хуучин угсармал орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг шинэчилж засах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” хороолол орчимд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.
“Өнөр” хорооллын хуучин угсармал орон сууцууд 1980 оны дунд үеэр баригдсан. Ашиглалтад орсноос хойш лифт болон дээврийг шинэчлээгүй. Үүний улмаас оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл алдагдсан. Мөн орон сууцны дулаан алдалт их болсноос иргэдээс гомдол, шүүмжлэл цөөнгүй хэлдэг. Тиймээс “Өнөр” хороолол орчмын хуучин орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг 2025 онд шинэчлэхээр төлөвлөөд байна. Үргэлжлүүлэн 2026 онд Хан-Уул, Баянгол, 2027 онд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хуучин угсармал орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг засаж шинэчилнэ.
Түүнчлэн тухайн байршилд ажиллах үеэрээ хотын дарга Х.Нямбаатар “Өнөр” хороолол орчимд хийгдэж байгаа болон хийгдэх зарим бүтээн байгуулалтаас дурдаж, ажлыг гүйцэтгэхийг албаны хүмүүст үүрэг болголоо. Өнгөрсөн 3 жилд “Өнөр” хорооллын арын хэсгээр 1200 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Улмаар “Өнөр” хорооллын арын дэнж болон III хорооллын арын дэнж гэсэн өндөрлөг хэсэгт анх удаа ногоон байгууламж, автомашины зогсоол бүхий таун хаус хэлбэрийн хайбрид орон сууцыг барихаар 2025 оны улсын төсөвт зээлийн төсвийг суулгуулаад байна. Одоогийн байдлаар нийслэлийн зарим байршилд төслийг амжилттай туршиж буй.
Мөн “Өнөр” хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар барих ажлыг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа талаар албаны мэргэжилтэн хотын даргад танилцууллаа. Энэ нь замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдэх зохион байгуулалттай шинэ жишиг төсөл гэдгийг тухайн төслийн зохицуулагч Х.Булгаа хэллээ. Ташрамд, Яармагийн шинэ гүүрийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох авто зам баригдсаны дараа “Өнөр” бүсийн замын хөдөлгөөний ачааллыг ч мөн бууруулах ач холбогдолтой.