Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
Гагнасан гинжийг таслах хүн нь М.Тулгат л байна!
Утаа, түгжрэл, агаар, хөрсний бохирдол, хог, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн хүртээмж, боловсролын тэгш бус хуваарилалт. Том зургаараа Улаанбаатар хотын зовлон. Нийслэлийн оршин суугчийн хувиар өглөө бүр, өдөр тутамд мэддэг, мэдэрдэг, бухимдахаас өөрөөр шийдлээ олдоггүй, олохыг хүсдэггүй асуудал. Үүнийг шийдэх гэж, иргэнээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах Үндсэн хуулийн суурь зарчим, агуулгыг “амилуулах”-ын тулд хэдэн зуун тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд цацав. Үр дүнд нь нийслэлчүүдэд юу үлдэв? Стандарт мөрдөх нь байтугай эмх цэгцгүй бетонон ширэнгийг бүтээж цогцлоожээ, тэд!
Өчигдөрхөн зүгээр байсан явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайг бүтээн байгуулалт нэрийн дор өдөрт нь сүйтгэж, өглөө сэрэхэд л орц, гарцаа хаалгах нь энүүхэнд нөхцөл байдалд өнөөгийн нийслэлчүүд нуруугаа авахуулсаар бараг дасан зохицох боллоо. Уг нь найман жилийн тэртээ, аль 2016 онд Ардын Намынхан “Аз жаргалтай хот”-ыг тунхаглаж, үнэмлэхүй олонхиороо засаглаагүй бил үү...! Энэ хугацаанд юу өөрчлөгдөв? Эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл нь туйлдаа хүрч, дотроо хөлөө жийлцэж, хөнжлөө булаацалдсанаас бусдаар Улаанбаатар хотод өөрчлөлт, шинэчлэлт хийж чадсан уу, мэдээж үгүй.
Өвөлдөө утаандаа утуулж, зундаа үерийн усанд боогдож, боомилуулж, эд хөрөнгө, эрдэнэт хүний амь насаар дэнчин тавьдаг боллоо. Түгжрэлийн тухай яриад ч хэрэггүй. Хүүхдүүд цэцэрлэгтээ, сурагчид сургуульдаа, эцэг, эхчүүд ажилдаа хоцрохгүйн тулд үүр шөнөөр гэрээсээ гардаг, үдшийн бүрийтэй уралдан гэртээ ирдэг болов. Улаанбаатарчууд “Аз жаргалтай хот”-доо найм дахь жилээ үдэж байгаа бодит үнэн төрх нь ийм.
Мэдээж энэ бол улстөржилт биш. Хэн нэгнийг үгүйсгэж, харлуулах шалтгаан бүр ч биш. Угаас байгаа байдал нь энэ. Гудамжинд яваа иргэний амнаас түгдэрч, төвгшөөхгүйгээр гарах үг. Үндсэндээ Улаанбаатар хот бүхэлдээ Ардын Нам засаглахдаа хугацаандаа үрийг нь цацаж, өсгөж, бойжуулж, өндийлгөсөн авлига, албан тушаал, газрын наймааны үүр уурхай бүхий ган мэт бэхлэгдэж гагнагдсан гинжээр нэгэнт хэлхэгджээ. Үүнийг таслахгүйгээр, үндэс сууриар нь өөрчлөхгүйгээр ямар ч том бодлого дэвшүүлж, хөрөнгө оруулалт хийснээр хөгжлийн манлайд хүрэхгүй.
Шинэчлэл нэрийн дор хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх нь иргэдэд бус дарга нарт, эрх баригчдад ашигтай, бас унацтай учраас. Дарга, даамлууд нь хөлжиж, хөрөнгөжиж, Зайсан тийш зам мөрөө гаргадаг болохоор. Зөвхөн сүүлийн найман жилээр жишээ татахад иргэнд биш дарга нарт хамаатай “Аз жаргалтай хот”-ыг цогцлоосон гэж тодотгох тодорхой үндэслэл нь ч ийм. Гагцхүү үүнтэй хэрхэн тэмцэх, гагнасан гинжийг хэн таслах вэ? гэдгийг шийдэх түүхэн бөгөөд амаргүй сонголтыг Улаанбаатарчууд, тэр дундаа Баянзүрхчүүд хийх гэж байна.
Бусад найман дүүргээс зөвхөн Баянзүрхийг онцолж тодотгосон нь энд М.Тулгат тэргүүтэй 43 нэр дэвшигч өрсөлдөж, өөрсдийн бодлогыг танилцуулсаар сурталчилгааны хугацаа өндөрлөх нь. Дийлэнх нь залуу үеийн төлөөлөл. Баянзүрх дүүрэгтэй ажил, амьдралаа холбосон шинэ үеийн манлайлагч инженер, багш, эмч, бизнесийн салбарын угшилтай кандидатууд. Өмнөхөөсөө, өнөөгийн нэр дэвшигчдээс ялгарах, яагаад багаар нь дэмжих ёстой шалтгаан ч бий. Ерөөс Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болсон Баянзүрхэд бугшсан асуудлыг намын шийдвэрээр биш иргэдийн, өөрсдийнх нь оролцоотойгоор засч, сайжруулах бодлого, концефци нь тэдэнд бэлэн байна. Ардаа ямар нэгэн улстөрчийн дэмжлэггүй, цэвэр өөрсдийн үзэл бодол, үнэт зарчмаар нэгдэж, дүүргээ, иргэдээ бүхэлд нь асуудлын цөм болсон гинжин хэлхээнээс гаргахаар нийгмийн дуудлагаар нягтарсан нь тэдний хамгийн том давуу тал нь.
Өнөөдрийн нийслэл өмнөө тулгамдсан асуудлыг дүүрэг, хороонд нь хүрч шийдэж чадахгүй яваагийн гол учиг нь ямар нэгэн бодлого, төлөвлөлтгүйн уршиг. Бродюрын дээрэм, хогны асуудал үүнээс улбаатай. Үер усны аюул хавар, зундаа байсхийгээд заналхийлдаг болсны үндэс эндээс эхтэй. Иргэн гэхээсээ дарга төвтэй, тэднийгээ тойрсон бүхэл бүтэн анги давхарга бий болсны суурь шалтгаан энэ.
Харин үүнийг шийдэх гарц, шийдэл нь М.Тулгатын багийнханд байна. Нэн тэргүүнд сонгуулийн циклээр солигдож, өөрчлөгддөг Төрийн албанд чин шударгаар хариуцлагатай зүтгэж байгаа албан хаагчдыг хоморголон халж сольдог, хөөж тууж ирсэн эрх баригчдын алдаа завхралыг давтахгүйгээ мэдэгдлээ. Тэр нь ч үнэн. Тэгээд ч хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхдаг, хавчин боох нь өөрөө ардчиллын зарчим биш. Төр, ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, шийдвэр иргэдийн амьдралд нийцсэн байдлаар гарах гүүр нь тэнд ажиллаж буй мэргэшсэн албан хаагчдаас шууд хамаарна.
Дүүрэг удирдах амар ажил биш ээ. Хог, шорооноос эхлээд гудамж талбайн тохижилт, арчлалт, хамгаалалт, адаглаад хороодын иргэдийн хамаг зовлон Засаг дарга, түүний удирдлагын багт шууд хамаардаг наад захын асуудал. Сайн менежер, сайн менежмент үүний ард гардаг болохоос даргын татаастай, намын дэмжлэгтэй аль эсвэл хэн нэгний төлөөний хүн гарч ирснээр алга урвуулах төдийд амархан шийддэг ажил биш. Сэтгэл, зорилго, бодлого, зорилт нь атгасан гар шиг зангидагдаж байж урагшилж, урагшлуулдаг ажил.
Тэгэхээр нутгийн өөрөө удирдах байгууллага болсон дүүрэгт багаараа дэвшиж, багаараа ялах том зорилго, мөн эрмэлзэл тээж яваа М.Тулгатын багт энэ удаад итгэл хүлээлгэхэд буруудах юм алга. Эсрэгээрээ нийслэл Улаанбаатар хотод бугшсан олон арван асуудлыг Баянзүрхэд засаглахад хугацаандаа засч, сайжруулах, дарга биш иргэн төвтэй жишиг дүүргийг бий болгоход иргэд өөрсдөө гар бие оролцож, сонголтоо хийх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн олон асуудлаар өөр хоорондоо хэлхэлдэж, гагнагдсан гинжийг таслах хүн нь М.Тулгат, түүний багийнхан л байна!
Эцэст нь хэлэхэд, дүүргээ АВАРАХ УУ?, ДАХИН АЛДАХ УУ? гэдэг сонголт Таны гарт байна.
С.Тэргэл