Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут болон Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ тус тус өргөн барилаа.

Элчин сайд Артают Срисамут жуух бичиг барих үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн Өмнөд Ази дахь манай чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэсэн.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Артают Срисамут Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хааны мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман жуух бичиг барих үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтарч байгааг Элчин сайд Махбуб Уз Заман тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.