Я.Содбаатараар дамжуулсан Ерөнхийлөгчийн байр суурь

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн байр маш тодорхой байна. Шалтгаан нь олон улсын нөхцөл байдал ч, дотоодод онцгой анхаарах цаг үеийн шаардлага байна. Дэлхий нийтэд хүн амын хүнсний хангамжид маш ноцтойгоор нөлөөлж эхэлж байна. ОХУ, Украин нь дэлхийн хүнсний томоохон нийлүүлэгч орон. Тэнд үүссэн онцгой нөхцөл байдлаас улбаалж манай хил залгаа олон орон хүнсний экспортдоо хязгаарлалт хийж эхэллээ. Манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байгаа юм.

Сүүлийн нэг жилийг авч үзвэл дотоодод хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Бид хүнсний хангамжаа ихэнхийг нь импортоор авч байгаа учраас цаг үеийн нөхцөл байдлаас болон цар тахлаас шалтгаалсан хүндрэл эргээд хүнсний хангамж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Иргэдийн гар дээр очиж байгаа хүнс эрүүл, стандартын шаардлага хангасан ёстой. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч парламентад үг хэлж, хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний төслийг өргөн барилаа. Төслийг УИХ-аас баталж, Монгол Улсын хүнсний хангамж хөдөө аж ахуйн салбарт түүхэн гэж хэлж болохуйц томоохон шийдвэр гаргасан. Энэ тогтоол албажаад, долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тогтоол хэрэгжсэнээр ирэх таван жилд Монгол Улсад 19 нэр төрлийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр бид дотоодын хэрэгцээгээ хангана. Бүх малаа эрүүлжүүлж, эрүүл малтай болох томоохон зорилт дэвшүүлсэн. Нэг томоохон асуудал бол лабораторийн хүчин чадлыг сайжруулах, үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгоно. Үүнийг дагаад үндэсний лавлагааны лабораториос эхлүүлээд бусад төр, хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораториудыг олноор байгуулж, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм.

Хамгийн сүүлд, иргэдийг бухимдуулсан Эмээлтийн махны асуудал байна. Энэ бол хүнсний аюулгүй байдал алдагдаж буйн бодит жишээ. Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, мэргэжлийн хяналт, стандартчилал хэмжил зүйн болон холбогдох олон хүнд хариуцлага тооцож байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна" гэлээ.