С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Э.Болормаа: Эргээд бодоход буруу дүгнэлттэй байсныг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа.
-Цаг үеийн гэхээсээ хувь хүн талаас нь яриагаа эхэлье. Таны хувьд 2015-2021 оныг хүртэл Дэлхийн банк, НҮБ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тэргүүтэй олон улсын байгууллагад ажиллаж байсан юм билээ. Эндээс албан ёсоор улс төрийн намыг сонгох шалтгаан нь юу байв гэдэг асуулт ургаж байна?
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам, хүчнүүд өнөөдрийн түвшинд өөрсдийн үнэт зүйлээрээ хараахан ялгарч чадахгүй байгаа ч миний үндсэн суурь үнэт зарчим социал демократ, зүүн төвийн үзэл баримтлалтай. Аливаа улс төрийн нам баг, хамт олон, гишүүдийн итгэл үнэмшлээр нэгддэг институц. Сүүлийн жилүүдэд МАН-н залуу удирдлагууд дотоод шинэчлэлийг тогтвортой бөгөөд эрчимтэй хийж чадаж байгаа учир олон шинэ боловсон хүчинг татаж чадаж байгаа гэж харж байгаа. Энэ шинэчлэлийг эрхэмлэсэн соёл болон эрч хүчтэй баг хамт олныг сонгож мөн өөрийн улс төрийн шийдвэр гаргасан гэж ойлгож болно. Нөгөө талаас манай аав, ээж, эмээ, өвөө ер нь гэр бүлийнхэн МАН-ын идэвхтэй гишүүд, дэмжигчид байсан нь нөлөөлсөн байх.
-“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулахад гардаж оролцсон хүмүүсийн нэг байсан нь улс төрд орох бас нэгэн шалтгаан байсан байх?
-“Алсын хараа-2050” бол салбар, салбарын эрдэмтэн, судлаачид бүхий олон хүний оролцоотой боловсруулж гаргасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Түүнд олон улсын байгууллагуудад ажиллаж байхдаа хувь нэмрээ оруулж ажилласан. Харин “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тухайд Ажлын хэсгийг ахалж, ёстой л голчилж боловсруулсан. Тэгэхээр улс төрийн замналыг сонгоход энэхүү хоёр хөгжлийн бодлого нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн.
“Алсын хараа-2050” гэхэд зүгээр ярих биш Монгол Улс юу хийх вэ гэдгээ цаасан дээр буулгаж, үнэхээр хаашаа, яаж явах гэсэн хөгжлийн зураглалаа гаргасан бодлого. Би юуны төлөө зүтгэх вэ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Өнөөгийн Монгол Улс дараагийн 30 жилд ийм болоосой. Түүнийх нь бодлогыг боловсруулахад залуу хүн оролцоод явсан нь маш том нэр төрийн хэрэг. Одоо харин улс төрд орж хэрэгжүүлэхэд нь гар бие оролцоод явж байна.
-Яагаад ингэж асуугаад байгаа юм гэхээр үеийнхэн дотроо болон намынхаа эмэгтэйчүүд улс төрийн карьер нь богино хугацаанд “үсрэлт”-тэй бас дэмжлэгтэй явсан хүн нь Та? Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөс аймгийн Засаг дарга. Засаг даргаас УИХ-ын гишүүн болж дэвшсэн нь үүний бодит жишээ. Ярилцлагаа яагаад намыг сонгох болсон тухай эхлүүлсэн нь ч ийм учиртай?
-Яах вэ, миний хувьд төдийгөөс өдий хүртэл хашиж ирсэн албан тушаалыг улс төрийн карьер гэж хардаггүй. Жишээ нь, Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр ажиллах ажлын саналыг авах үедээ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк буюу Дэлхийн банктай өрсөлдөхүйц олон улсын байгууллагад анхны Монгол ажилтнаар орчихсон байсан юм.
Түүнээс өмнө НҮБ-Уур амьсгалын ногоон сангийн төвд Ази, Номхон далайн бүсийг хариуцаж ажиллаж байсан. Тэгж явж байтал нэг л өдөр ажлын санал ирсэн, хүлээж авсан.
Гол нь “Ковид”-ын хүнд нөхцөлд Засгийн газар солигдсон шүү дээ. Хөл хорио тогтоочихсон, вакцин байхгүй ямар үе байлаа даа. Ийм хүнд цаг үед Монгол Төрийнхөө төлөө зүтгэх санал тавихад ямар ч эргэлзээгүй “За” л гэдэг юм билээ. Ер нь дэлхийн аль ч өнцгөөс монгол хүн бүр эх орон руугаа буцахыг эрмэлзсэн шилжилт хөдөлгөөн явсан үе шүү дээ. Ерөнхий сайдын Ажлын албаны дарга гэдэг бол улстөрч гэхээсээ илүү гүйцэтгэгч гэж хардаг. Тийм ч байдлаар ажлаа хийсэн.
-Тийм байж. Гэхдээ аймгийн Засаг даргын алба гэдэг бол цэвэр улс төрийн албан тушаал…?
-Эргээд бодоход магадгүй буруу дүгнэлттэй байсныг үгүйсгэхгүй. Ер нь аймгийн Засаг дарга гэдэг нь илүү улстөрч байх ёстой юм шиг санагдсан үе цөөнгүй. Миний хувьд эдийн засагч мэргэжилтэй болохоор улстөрчийн өнцгөөс хараагүй үе бий, бий. Олон улсын байгууллагад цэвэр хөгжлийн бодлогын эдийн засагчийн байр сууриас ажиллаж байсан болохоор яг тэр арга барилаар ажлаа хийхийг зорьсон. Мэдээж одоо бол өөрийгөө улстөрч биш гэж ярих нь өрөөсгөл. Давхар улс төрийн ажил юм байна гэдгийг сайн ойлгож байгаа.
-Таныг Ховд аймгийн Засаг даргаар томилсон тодорхой үндэслэл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг урагшуулах тухай байсан. Ямартай ч ирэх онд хэрэгжүүлэх томоохон мега төслийн тоонд энэ төсөл багтлаа. УИХ дахь намын Бүлгээс ч дэмжлэг хүлээлээ шүү дээ?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл тухайн үедээ орон нутагт тодорхой хэмжээний саад, бэрхшээлтэй тулгарсан байсан. Шалтгаан нь төслийн талаарх бодитой мэдээллийг иргэдэд төдийлөн хүргэж чадаагүйтэй холбоотой. Аймгийн Засаг даргын албаа хүлээж аваад хамгийн анхны томилолт нь Эрдэнэбүрэн болон Мянгад сумын иргэдтэй хийсэн уулзалт байлаа. Яагаад эсэргүүцээд байгааг нь сонсоход маш сонин тайлбар хэлж байгаа юм. Судалгааг нь хийж явсан залуу нь ажлаа муу хийсэн. Та нарын санал бодол бараг хамаагүй гэж хэлсэн гэх зэргээр. Уг нь хүн хоорондын харилцааны асуудал.
Тиймээс Засаг даргын хувьд төсөл хэрэгжиж байгаа нутгийн иргэдтэй тулж уулзаж, тодорхой мэдээллээр хангаснаар төслийн нэгжийн бүх гэрээ зурагдсан. Нөхөн олговрын хэмжээ ч тогтоогдож хөрөнгө, санхүүг нь мэдээж улсын төсвөөс гаргасан. Ямар ч байсан энэхүү төслийг урагшлуулахад Хамтарсан Засгийн газрын бодлого чиглэж байгаа учраас дорвитой ахиц гарах байх аа.
-Ирэх оноос төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд ямар нэгэн асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?
-Болно. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол улсын төсвийн хөрөнгө оруулалт дундаа Монгол, БНХАУ хоорондын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл. Бидний удирдаж чадахгүй зүйлээс хамаарч зарим удаашрал мэдээж байгаа. Гэхдээ Монголын талаас хийх юм бүгдийг нь хийсэн.
-Хэдийгээр хуучирсан сэдэв байж болох ч УИХ-ын сонгуультай холбоотой нэг асуулт байна. Юу гэхээр баруун бүсээс нэр дэвшүүлэх шийдвэр яг хэнийх байсан юм бэ? Таных уу, эсвэл намынх байв уу?
-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд сонгуулийн тойрог томсгох шийдвэрийг гаргаж байхад өөрийгөө дэвшинэ гэж бодоогүй байсан. Бидний ярьдгаар хөдөө орон нутагт тулгамдсан гол асуудал болох жалга, довны үзлийг халах шийдэл болно гэсэн хүлээлт бол байсан юм. Итгэл төрүүлсэн гэх үү дээ. Зөвхөн өөрийн нутаг, тойрог, аймаг, сумыг боддог. Хэн илүү лоббитой нь хөрөнгө оруулалт татдаг. Нэгдсэн бодлогогүй. Аймаг хооронд зам тавиагүй байж сумдуудыг холбодог зэргээр эдийн засгийн үндэслэл, тооцоолол нь бүсчилсэн хөгжлийг дэмжихээр бус хандлага орон нутагт байсан.
Тиймээс бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхэд тойрог томсгосон нь маш чухал улс төрийн шийдвэр гэж тухайн үед харж байлаа. Гэхдээ өөрийгөө нэр дэвшинэ гэж бодоогүй, эмэгтэй хүн чинь өөрийгөө голж, шилэх нь их байдаг шүү дээ. Тэгж явтал хамт олны зүгээс нэрийг маань дэвшүүлэхээр болсон.
-Намын шийдвэрийг дагах нь зүйн хэрэг ч дөрвөн аймгийг хамарсан томсгосон тойрогт өрсөлдөх нь залуучуудад, ялангуяа эмэгтэйчүүдэд давах боломжгүй том даваа болсон шүү дээ?
-Эмэгтэйчүүд болон залуучуудад маш хүнд туссан. Яагаад энэ дүгнэлт хийж байгааг тойрогт өрсөлдсөн эмэгтэйчүүдээс хэд нь гарсан бэ? гэдэг статистикаас харж болно.
-Тойрог шүтсэн төсвийг халж, том төслүүдээ хөдөлгөх замаар улсаараа урагшилж хөгжих Ерөнхий сайдын байр суурь ирэх оноос биеллээ олох нь гэсэн хүлээлт Төсвийн тухай хуулийг өргөн барьснаар бий боллоо. Таны хувьд ч Засаг дарга байсан гэдгээрээ зөвхөн Ховд аймаг руу биш баруун бүсээс сонгогдсон гишүүний хувиар сонгогдсон тойргийнхоо хэмжээнд хөрөнгө оруулалт татах чиглэл рүү анхаарч ажиллах байх. Төсвийн хуваарилалт үнэхээр бүсчилсэн байдлаар хүртээмжтэй байж чадах болов уу?
-Чадна гэж харж байна. Нэгэнт тухайн бүс нутгаас сонгогдсон бол түүнийхээ төлөө ажиллах нь бидний үүрэг. Тулгамдаж байгаа асуудлыг нь ярьж, шийднэ. Тогтолцоо нь өөрөө эрүүл болсон гэсэн үг. УИХ-ын гишүүд ч нэг аймгийн хэмжээнд биш бүсийн хэмжээнд байр суурь илэрхийлж байгаа нь анзаарагдаж байна. Манай сум, аймаг гэдэг ойлголт харьцангуй багассан байх аа.
Жишээ нь, Ховд аймгийн Засаг дарга нь Баруун бүсийн зөвлөлийн дарга гэдэг албан тушаалыг давхар хашдаг. Тэгэхээр миний хувьд Бүсчилсэн хөгжлийг бий болгоход дуу хоолой болж ирсэн хэрэг. Аль ч намын, хаана ч очсон хэрээс хэтэрсэн улстөржилт орон нутагт явдаг. Магадгүй үүнийг засах нэг алхам нь бүсчилсэн хөгжил. Хамгийн гол нь, улс төрчдөөс гадна иргэд ч мөн үүн дээр хандлагаа өөрчлөөсэй гэж хардаг. Улстөрчдөөс шалтгаалж аймаг орон нутгийн талцал их байдаг учир шинэ үеийн 126 гишүүнтэй парламент үүн дээр манлайлал үзүүлж аливаа асуудалд улстөржсөн байдлаар хандахаас илүүтэй том зургаараа харна гэдэгт итгэлтэй байна.
-Нэгэнт төсөв гэсэн сэдэв рүү орсон болохоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг тойрч ярих нь зөв байх. Гурван намын төлөөлөл бүхий Хамтарсан Засгийн газраас боловсруулсан төсөл учраас гарч болох эрсдэлээ тооцохгүйгээр хэтэрхий өөдрөг төсөв оруулж ирлээ гэдэг шүүмжлэл нэг бус удаа гарч байгаа шүү дээ. Хөгжлийн эдийн засагчийн хувьд Таны байр суурийг сонсоё?
-Би өөрөө Ховдын, баруун бүсийн гэхээсээ Монгол Улсын Их Хурлын гишүүн хүн. Нэг бүс, нэг тойрог гэхгүйгээр ирэх оны төсөвт ач холбогдол өгч байгаа. Засгийн газарт хамтарсан учраас шүүмжлэх ёсгүй гэдэг нь өрөөсгөл. Иргэдийн итгэлийг даагаад гараад ирсэн болохоор гишүүд иргэдийнхээ төлөө ажиллах нь зүйн хэрэг.
Төсөвтэй холбоотой дэмжиж байгаа зүйлүүд байна. Зарим хүн ирэх оны төсвийг биет хэмжээгээр нь ярьж байна, хэт өөдрөг гэх зэргээр. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг тогтвортой бөгөөд хурдацтай өсч байгаа нь үнэн. Түүнийгээ дагаад нийт төсөв ДНБ-д эзлэх хувиараа өсөөд байгаа юм бас биш. Тийм болохоор энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандахгүй байгаа. Тал бүрийн судалгаа, тооцоололтой гаргаж ирээд боловсруулсан байж таарна. Бүхэл бүтэн яам, Засгийн газар нь ажиллаад боловсруулсан тооцоолол. Мөн өнгөрсөн жилийн туршлагаас харахад давсан орлогод үндэслэж Төсвийн тодотгол хийсэн. Тэгэхээр өөдрөг төсөөлөлтэй байх үндэслэл байна гэж үзэр байгаа.
Харин төсвийн нийт биет хэмжээ гэхээсээ илүү юунд түүнийг зарцуулж байна, ямар бодлогын шинж чанартай өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байгаа тал дээр шүүмжлэлтэй хандаж буй зүйлс бий.
-Тэр нь юу гэж?
-Татварын бодлоготой холбоотой зарим шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Мэдээж энэ нь шууд шийдвэрлэх хар, цагаан асуудал биш. Жишээ нь, НӨАТ, НД-ын шимтгэлийг нэлээд өргөн хүрээнд хэлэлцүүлж байж эцсийн шийдвэр гаргах асуудал. Угаасаа нэг попроод шийддэг, эсвэл ингэ, тэг гэдэг сэдэв татвар биш. Үүнээс ч өмнө нь хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж байсан.
Өнөөдөр бага орлоготой иргэний татварын дарамт өндөр орлоготойгоосоо их байна. Төгс татварын систем хаана ч байхгүй байх. Гэхдээ суурь зарчим нь шударга байх ёстой. Үүнийг хэлэлцдэг ганц үе нь төсвийн үе. Түүнээс ирэх жил гэнэт сэрсэн юм шиг ярьж болдоггүй, угаасаа болохгүй. Тэгэхээр татварын шинэчлэлийг илүү зоригтой хийгээсэй. Энэ парламентын 64 хувь шинээр сонгогдсон залуучууд. Олон нийт шинэчлэлийг хүсч байна. Тэрхүү хүлээлтэд хүрэх ёстой.
-Олон нийт шинэчлэлийг хүсч байна гэлээ. Түүнийг эхлүүлэхийн тулд хууль тогтоогчийнхоо хувьд Та яг юу хийх юм?
-Төсвийн хэлэлцүүлгийн үед хэд хэдэн шийдлийг санал болгоно. Түүнийгээ албан бичгээр тайлбарлана.
-Яагаад?
-Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд гуравхан минут ярина. Бүхэл бүтэн татварын шинэчлэлийг гурван минутад багтаана гэж байхгүй шүү дээ. Зүгээр шүүмжлээд суух биш аль болох шийдлүүдийг нь чадахаараа санал болгоно. Жишээ нь, Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсэг хуралдсан. Бүх талын төлөөллийг оролцуулсан. Эрүүл мэндийн асуудлыг ярихаар чанар, үйлчилгээг ярьдаг. Уг суурь нь санхүүтэй холбогддог. Даатгалаас санхүүждэг. Өнөөдрийн байдлаар энэ сан тогтворгүй байна. Ажил эрхлэгч, иргэдээс шимтгэл авдаг. Төсвөөс тодорхой хэмжээний татаастай. Хувьлаад үзэхэд олон улсын жишгээс доогуур үзүүлэлттэй. Түүнээс үүдэлтэй салбарын үйлчилгээний чанар хүртээмжийн доголдолууд байгаа.
Зарим улсад “Sin Tax” гэж байдаг. Махчилаад орчуулахад “Нүглийн татвар”. Архи, тамхи, чихэрлэг ундааны борлуулалтад нэмэлт татвар авдаг. Яагаад гэхээр эдгээрээс үүдэж эрүүл мэндийн салбарт ачаалал үүсдэг гэж үздэг. Ингэхдээ хураасан татвараа нэгдсэн төсөв рүү биш эрүүл мэндийн даатгалын сан руугаа ордог. Энэ болгоныг шулуухан хэлэхэд залхуурахгүй, маргаан дагуулах вий гэж эмээлгүй хийх ёстой. Ирэх оны төсөвт ч Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг нэмэх ёстой. Санхүүжилтийг нь тогтвортой болгож байж чанар, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Төрийн хийх үндсэн үүргүүдийн нэг нь иргэдийн эрүүл мэнд амьдрах баталгааг нэмэгдүүлэх гэж боддог.
-Төсөл боловсруулаад УИХ-аар хэлэлцүүллээ гэхэд энэ чиглэлийн худалдаа хийдэг аж ахуйн нэгжүүдийн зүгээс нөлөөлөх, лобби хийхгүй гэсэн баталгаа байхгүй?
-Анх удаа гишүүнээр ажиллаж байгаа болохоор яг хэнээр дамжуулж ямар лобби хийдгийг нь мэдэхгүй байна. Хар ухаанаар бодоход шийдэж болох л асуудал. Жишээ нь, импортын согтууруулах ундаанд өндөр татвар ногдуулж болно. Тамхин дээр ч мөн адил. Бусад дундаж орлогтой орнуудтай харьцуулахад манайд тамхины татвар бага байдаг. Зарим оронд чихэрлэг ундаа, сахарын агууламжаас шалтгаалж татвараа өндөр тавьдаг.
Эдийн засагчийн нүдээр харахад эрүүл мэндийн салбарт оруулж байгаа нэг төгрөгийн хөрөнгө хэд дахин нугарч эргэж ирдэг. Нэг өрхийн гишүүн өвдөөд эмнэлэгт очиход тэр хэрээр бүтэн өдрөө алдана. Эдийн засагт учирч байгаа бас нэгэн хохирол. Нэг хоногийн дотор эмчилж болох байтал чанар, хүртээмж нь муугаагаас долоо хоног болох тохиолдолд тэр чинээгээр эдийн засагт ч мөн хохиролтой. Тэгэхээр зөвхөн бид эрүүл байх ёстой гэж уянгалахаас илүүтэйгээр эрүүл Монгол хүн нь манай улсын эдийн засгийн өсөлтийн ч мөн суурь гэж харах ёстой.
Өрхийн нэг гишүүн нь хүнд өвдөхөд тухайн айл дампуурахад бэлэн байгаа шүү. Санхүүгийн хувьд шүү. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын сан маш сайн ажиллах ёстой. Аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд эрүүл мэндийн асуудлаас болж айл өрх, хамаатан саднаараа санхүүгийн асар өндөр дарамтад орж байгаа асуудалтай олон тулгарсан.
“Алсын хараа-2050”-ын гол зорилго нь дундаж давхаргыг тэлэх бодлого. Гэтэл энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд үүсч байгаа том эрсдэл нь эрүүл мэндийн салбар гэж хардаг.
-Одоо бол Үндэсний баялгийн сангаар дамжуулж орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж дундаж давхрагаа тэлэх бодлого барьж байгаа?
-Баялгийн сангаар дамжуулж үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгааг хувьдаа дэмжиж байгаа. Үнэхээр том философийн өөрчлөлт. Байгалийн баялагтаа яаж эзэн байх вэ? гэдгийн хариулт нь энэ байхгүй юу. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1.1 дэх заалт нь ийм. Үндэсний баялгийн сангаар дамжуулж, орон сууцжуулах асуудлыг нэгдүгээрт тавьсан гэсэн үг. Хот хөдөөгүй тулгамдаж байгаа асуудал.
Үндэсний баялгийн сан бол иргэдэд хэрэгцээтэй зүйлд нь зарцуулахаараа онцлог. Энэ бол халамж биш. Илүү ухаантайгаар урт хугацааны тогтвортой орон сууцжуулалтын хөтөлбөр рүү орж байна. Тэгэхээр энэ санааг 100, 200 хувь дэмжинэ. Хэрэгжилт нь сайн, хурдан яваасай л гэж харж байна. Олон гоё санаа гаргадаг ч хэрэгжилт дээрээ унах вий гэдгээс болгоомжилдог доо.
-Орон нутгийн хэмжээнд энэ хөтөлбөр харьцангуй сайн яваа байх. Эсрэгээрээ Улаанбаатарт удаашралтай байгаа юм билээ. Зөвхөн Хан-Уул дүүрэгт зээлийн 40 гаруй хувийн санхүүжилт олгосон байна гэдгийг хүртэл УИХ-ын гишүүд ярьж байгаа. Дундаж давхарга, зорилтод хэсэгтээ очих бус өндөр үнэтэй орон сууцны борлуулалтыг дэмжсэн бодлого боллоо гэх зэргээр...?
-Бодит байдал нь барилгажилт Хан-Уул дүүрэгт хамигийн өндөр хувьтай явж байгаа учир тийм байх. Ипотек маань өөрөө зээлийн дээд хязгаартай мөн орон сууцны хэмжээний хязгаартай учир зөвхөн өндөр үнэтэй орон сууцны борлуулалт дэмжиж байна гэж харахгүй байна. Ирэх жил хөдөө орон нутгийн олголтыг илүү өндөр байлгах төлөвлөлт хийсэн байна лээ. Харин бүх хүнд ижил тэгш ипотек олдож байна уу эсхүл танилтай хүнд олдож байна уу гэдэг магадгүй хөндөх ёстой асуудал. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давахаар л нугалаа үүсээд байдаг шүү дээ. Нийлүүлэлт ихсэх тусам энэ асуудал багасна гэж найдаж байна.
-Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хуримтлалтай холбоотой зарим асуудал бий. Үүнээс стратегийн орд газар эзэмшигчид улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар хайгуул хийсэн тохиолдолд 50 хүртэлх, өөрсдөө бол 34 хувийг Төрд авч ногдол ашгаас нь хуваарилна гээд байгаа шүү дээ? Дэмжих нь ч байна, дэмжихгүй нь ч байна. Төр хувийн өмчийг дээрэмдэх нь гэх нь ч бий, монголчууд баялагтаа эзэн байх ёстой гэж ярих нь ч байна?
-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг хэлэлцэж л байх учиртай юм. Яагаад гэхээр энэ нь өөрөө манай нийгмийн үндсэн суурь асуудал. Монгол Улс хэрхэн хөгжиж ирсэн, цаашид яаж хөгжих вэ? гэдэг үндсэн гогцоо асуудлын нэг. Байгалийн баялагтаа хэрхэн эзэн байх вэ? гэдэг тухай асуудал.
Хувийн өмч рүү хэт дайраад байна гэдгийг үндэслэлтэй талаас нь ярьж болно. Хөрөнгө оруулагчид ороод ирчихсэн байхад ингэж болохгүй зэргээр. Гэхдээ миний байр суурь бол буруу яваа юмыг засах ёстой. Одоо явж байгаа нь буруу яваа гэж хардаг учраас. Ер нь гадаад, дотоод хөрөнгө оруулагчид хамгийн их хүсдэг зүйл бол тодорхой байдал буюу эрсдэлээ тооцох боломжийг олгох хэрэгтэй. Дэлхийн аль улс оронд байдаг жишиг. Манайд дүрэм нь тодорхой биш байдгаас авлига, нугалаа орж ирдэг. Дүрэм тодорхой бол ийм асуудал үүсэхгүй.
Мэдээж урт хугацаанд хөрөнгө оруулж ирсэн талтайгаа Засгийн газрын түвшинд гэрээ, хэлэлцээ хийгээд явж болох байх. Гол нь буруу явж ирсэн юмтай эвлэрэх биш засах ёстой. Зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил хэрхэн явсан гэхээс илүү ирээдүйн 100, 200 жил яаж явах ёстой вэ гэж харж шийдэх ёстой асуудал байх. Бусад оронд байгалийн баялагт төрийн оролцоо байдаг. Төр авахаараа муу хийдэг юм биш. Хамгийн чөлөөт зах зээлтэй гэгддэг орнууд ч байгалийн баялагтаа төрийн оролцоо байдаг. Стратегийн салбарууд дээр байх ёстой л зүйл. Харин бусад салбарууд дээр төрийн оролцоог багасгах зүйтэй гэж хардаг.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр бизнес эрхлэхгүй, хувийн хэвшлээ дэмжинэ гэдгийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ярьж ирсэн. Гэтэл Үндэсний баялгийн сангаар дамжуулж үүнийхээ эсрэг бодлого баримтлах нь гэсэн эргэлзээ нийгэм, улс төрийн хүрээнд бий юу гэвэл бий?
-Төр бизнес хийх, оролцоотой байна гэдэг хоёр өөр шүү. Миний хувьд уул уурхайтай тэмцсэн орон нутгийн жагсаал, эсэргүүцэлтэй аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд хэд хэдэн удаа нүүр тулж үзсэн. Зарим хүмүүс орон нутгийн эсэргүүцлийг зөвхөн шантааж юм уу бүдүүлэг харанхуйгаар боддог нь маш том өрөөсгөл. Уулзаж ярилцаж үзэхэд яагаад эсэргүүцэж байгаа шалтгаануудаа тодорхой хэлдэг, миний хувьд ч санал нийлдэг олон бодлогын асуудлуудыг дэвшүүлдэг.
Хэн хаанаас ирсэн нь мэдэхгүй, үр өгөөж нь орон нутгийн иргэд цаашид улс оронд хэрхэн ирэх нь тодорхойгүй үед бид дэмжихгүй ээ гэдэг. Хэрвээ төр байсан бол ойлгох байсан ч гэж хэлэхийг сонсож байсан. Бүх юм нь тодорхой бус байгаагаас асуудал үүсдэг. Үр өгөөж, дүрэм журам нь тодорхой, хариуцлага тооцох нь нээлттэй байвал өөр. Тэгэхээр байгалийн баялаг болон цөөн бусад стратегийн салбаруудыг бүх хувийн хэвшилтэй адилтгаж үзэх нь буруу гэж би хувьдаа боддог. Тиймдээ ч Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа. Харин бусад салбарууд дээр төр өрсөлдөөд юм уу оролцоод байх нь чөлөөт зах зээлийг боомилсон, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай.
-Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл