С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Батцэцэг: Үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хувьд сорилт болоод байна
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс гишүүд заримт асуултыг асуусан юм.
Тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд чадавхжиж худалдаа, эдийн засгийн мэдлэгтэй, англи хэл сайтай, тухайн орныхоо хэлийг эзэмшсэн хүмүүс томилогддог болсон. Элчин сайдын яамдад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй Элчин сайд томилогдсон. Тэдгээртэй гэрээ байгуулахдаа эдийн засгийн агуулгаар харилцаагаа баяжуулах, дотоодынхоо компаниудын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах талаар нарийн заалтуудыг тусгаж, тохирсон.
Элчин сайдын яамдын хувьд эдийн засгийн чиглэлээрх үүд хаалгаа нээх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд багагүй ажлыг хийсэн. Өнгөрсөнд өрнөсөн төрийн томоохон албан айлчлалын цаана агаарын харилцааны тухай, визээс харилцан чөлөөлөх тухай, авто тээврийн тухай, худалдаа, эдийн засгийн нөхцөлөө хөнгөрүүлэх зэрэг олон баримт бичиг, хэлэлцээр байгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хувьд томоохон сорилт болоод байна. Монголын аж ахуйн нэгжүүд Элчин сайдын яамдад тодорхой асуудлаар хандахад, асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарсан гэсэн юм.