Татварын реформын эхлэл ирэх оны төсвөөс бүрэн хамаарах нь!
1.3 их наяд. Энэ бол 2026 онд эрүүл мэндийн салбарт оруулахаар тусгасан төсвийн хөрөнгө оруулалт. 2025 онд 238.1 тэрбумыг төсөвлөсөн гэж тооцвол үүнээс 5.5 дахин өсгөсөн үзүүлэлт. Үндсэндээ "Манай Засгийн газрын хамгийн том мега төсөл бол Хүний хөгжил" гэж мэдэгдсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн танхимаас ирэх оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг ийн нэмэгдүүлэхээр оруулж ирэв. Хоёрдугаарх нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 513.3 тэрбумаас нэг их наяд төгрөг болгохоор тусгажээ. Мөн л хоёр дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын хувиар алх цохиж явсныг эс тооцвол Ерөнхий сайдын байр сууриас анхны төсвөө хэлэлцүүлж, батлуулахаар парламент руу оруулсан нь энэ.
Өмнөхөөсөө ялгаатай нь “И-Монголиа”-гаар дамжуулан 188 мянган иргэдийн саналыг авч, түүнийгээ төсвийн төсөлд тусгаснаараа онцлог. Татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах реформ хийж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэд хэдэн удаа онцолсон. Үүнийхээ хүрээнд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож, далд эдийн засгийг хумих төсвийн нэг эерэг тал. Үүгээр зогсохгүй “Хавдар судлалын үндэсний төв-2”-ыг барьж байгуулъя. Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авъя. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлийг хийе. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя. Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг, яаралтай 17 эмнэлгийг барьж байгуулъя. 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулъя. Тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулъя” гэдгээ Засгийн газрын тэргүүн сайд нараа суулгаж байгаад хэллээ.
Зөвхөн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмснээр 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрыг шийдэх боломж ирэх оноос бий болох нь. Тоног төхөрөмжид 66.7 тэрбум, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмэхээр болжээ. Төсвийн төсөлтэй хамт нэгэн шийдлийг өргөн мэдүүлсэн нь НӨАТ-ын тухай хууль. Ерөнхий сайд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа санаачилж, 100 мянган иргэний дэмжлэг авсан ч тухайн үеийн Засгийн газраас дэмжлэг хүлээж чадалгүй унаж байсан түүхтэй. Харин энэ удаад НӨАТ -ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 5 хувийн буцаан олголт олгох нь. Эл хувь 2027 оноос 100 хувь буюу 10 хувийг буцаан олгох шат дамжлага руу орох тооцоолол бий. Жишээ нь, сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийхэд 80 мянган төгрөгийн НӨАТ төлж, 2 хувийн буцаан олголт буюу 16 мянган төгрөг буцаан авч буй. Харин хуулийн өөрчлөлтөөр энэ тоо 40 мянган төгрөг болж өснө гэсэн үг. Ирэх жилээс 100 хувь буюу 80 мянган төгрөгөө буцааж авах хэрэг.
Нийгэмд, ялангуяа хамгийн их хүлээлт үүсгээд буй нэг асуудал нь мэдээж татварын реформ. Тэгвэл энэ Засгийн газрын төсөвт тусгасан тооцооллоор сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлөхөөр боловсруулсан байна. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгад 0, үлдэж байгаа 700 мянгад 10 хувь буюу 70 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг. Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгахын тулд нийт 2.5 тэрбум төгрөгийн орлоготой бол хөнгөлөлт эдэлж, хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгохоор төсөвт тусгажээ.
Үүнээс гадна банкны дансыг хааж татвар төлүүлдэг явдлыг халж, шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болж, татварын бааз суурийг өргөжүүлж, ачааллыг жигд болгоно гэж үзжээ. Ийнхүү Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газраас 2026 оны төсвийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж хэд хэдэн онцлог заалтуудаа танилцууллаа. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах ч боловсруулсан төсвийнхөө шинэчлэл, тэр тусмаа татварын реформтой холбоотой шийдлүүдээсээ ухарч, няцах бус хамгаалж ард нь гарах нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хамгийн том даваа байх нь тодорхой. Нэг үгээр, татварын реформын эхлэл ирэх оны төсвөөс бүрэн хамаарах нь!
Г.Эрхэс








