Д.Энхтуяа: Асрахуй, сувилахуйн асуудлаар тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн, Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа өнөөдөр (2024.10.24) Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Асрахуй сувилахуйн үйлчилгээ, тогтолцоог олон улсын жишигт хүргэж, залуу нас, бүхий л амьдралаа улс орныхоо хөгжил дэвшилд зориулсан ахмад настнуудаа хүний ёсоор, сэтгэл дүүрэн, хангалуун сайхан амьдруулахын төлөө тэр тогтолцоо бүхий л хүчин чадлаараа ажилладаг байх ёстой гэж үзэж буйгаа тэрбээр энэ үеэр илэрхийлсэн юм.

 

Монгол Улсын халамжийн салбарын ууган байгууллага болох Ахмад настны үндэсний төв 1924 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Өнчин ядуусыг асрах газар нэртэйгээр байгуулагдсан бөгөөд энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Нийтдээ 250 асрамжлуулагч хүлээн авах хүчин чадалтай хоёр байртай энэ төвд эдүгээ 175 өндөр настан амьдарч байгаагийн 90 гаруй нь эмчилгээ шаардлагатай хүмүүс бөгөөд тэдний тэн хагас нь хэвтрийн хөгшид байна. Жил тутам асрамжлуулагчдын 15-20 нь бурхны орныг зорьж, мөн тооны хүмүүс ирдгийг төвийн захирал Л.Эрдэнэхүү танилцуулсан юм. Хуульд заасны дагуу тус төвд асран хамгаалах хүнгүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудыг хүлээн авч байрлуулан, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүйн болон соёлын үйлчилгээ үзүүлдэг байна. Төв 127 орон тоотой боловч өнөөдрийн байдлаар 110 хүн ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, асрамжлуулагчдын ая тухыг хангах, хүний нөөцөө бэхжүүлэх талаар идэвх чармайлттай, үр дүнтэй ажиллаж байгаа Л.Эрдэнэхүү захиралд баяр хүргээд, асрамж, халамжийн үйлчилгээг цаашид боловсронгуй болгох талаар санал солилцов.

Ахмад настны үндэсний төвд асрамжлуулж байгаа иргэдийн тэтгэврийн 70 хувийг төрийн санд төвлөрүүлж, 30 хувийг өөрт нь өгдөг байснаа 2012 оноос төрийн санд 30 хувийг авч, өөрт нь 70 хувийг олгодог болсон байна. Төрийн санд төвлөрүүлж буй асрамжлуулагчдын тэтгэврийн 30 хувийг үндсэндээ өөрт нь зориулдаг буюу өндөр өртөгтэй эмчилгээ, мэс заслын төлбөрийг төлөх, нутаг орондоо очоод ирэх замын зардлыг олгох, туслах аж ахуйд ажиллуулах зэрэгт зарцуулахаар журамласан аж. Ахмад настанд өөрт нь олгох тэтгэврийн 70 хувийг картаар олгодог болсон бөгөөд өөрөө бие дааж тэтгэврээ захиран зарцуулах чадваргүй хүмүүсийнхийг төвийн нярав, нийгмийн ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй комисс өөрсдийнх нь санал, захиалгад үндэслэн зарцуулж, худалдан авалт бүрийн E-Barimt-ын төлбөрийн хуудсыг хавсаргадаг юм байна. Батсүмбэрийн Баянгол-3 дугаар баг хүнсний гурван дэлгүүртэй бөгөөд ахмад настнуудын захиалгаар хийх худалдан авалтыг эдгээр дэлгүүрээс сар сараар ээлжлэх зэргээр орон нутагтайгаа хамтран ажиллаж иржээ.

Асрамжлуулж буй ахмад настнууд нэг сараас 20 жил хүртэлх хугацаанд тус төвд амьдарч байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа асрамжлуулагчдын зарим өрөөгөөр зочилж, ахмад настнуудтай уулзан, ахуй байдлыг нь асууж ярилцсан юм. Мөн төвийн албан хаагчид, асрагч нар, мэргэжилтнүүдтэй ч уулзаж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа болон бусад зүйлийг асууж лавлав. Түүнтэй уулзаж товч тодруулга авлаа.

-Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү.

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд бид “Асралт хүүхдүүд” хүүхдийн, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зэрэг улсын болон хувийн асрамжийн газруудтай танилцсан. Өнөөдөр Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвд ажиллалаа. Манай улсад өнөөдөр асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй байна. Эмнэлгүүдэд гэхэд л асрагч гэдэг албан тушаал эрэмбэ дарааллын хамгийн сүүлд бичигдэж, хамгийн бага цалин хөлс авдаг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад эсрэгээрээ, эмчилдгээсээ илүү асардаг, сувилдаг хүмүүсийн хөдөлмөр өндрөөр үнэлэгддэг. Тэгэхээр энэ талаарх хууль тогтоомжид өөрчлөлт, нэмэлт оруулаад орхих бус бие даасан хууль баталж, сүүлийн 30 жил үндсэндээ ач холбогдол нь бараг байхгүй болчихсон асран сувилахуйн үйлчилгээний үндсэн өөрчлөлтийг эхлүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм. Үүний тулд тал бүрийн судалгаа, үнэлгээг хийж байна. Мөн бид Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэнд өндөр хөгжсөн улс орнуудад асрахуйн үйлчилгээ ямар журмаар явагддаг, яаж санхүүждэг, хяналт, зохицуулалт нь ямар байдаг зэрэг судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Мэргэжлийн яам, агентлаг, холбогдох байгууллагуудаас бас санал авч байна.

-Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн орчин нөхцөл, ажил байдал ямар байна вэ?

-Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвд би өмнө нь ирж байсан. Өнөөдөр дахин ирэхэд орчин нөхцөл, үйлчилгээ, үйл ажиллагаа харьцангуй сайжирсан байна. Хамгийн гол нь маршал Х.Чойбалсангийн үеийн буюу одоогоос 100 жилийн тэртээх өнчин, ядуусыг тэтгэх гэдэг тэр сэтгэхүй өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ байгаад байна. Ердөө л орон гэргүй, асрах хүнгүй, хэцүү амьдралтай хүмүүсийг авчирдаг байх тэр зарчим хуульд хүртэл яг хэвээрээ байгаа юм. Энэ сэтгэхүйг өөрчилж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ахмад настнуудыг зохих түвшинд нь хангалуун, сайхан байлгадаг, тав тухтай амьдруулдаг асрахуйн үйлчилгээний газруудыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бүх насаараа улс орондоо, төрдөө зүтгэсэн ахмад настнууд маань ингэж амьдрахад хангалттай хүрэлцэхүйц нийгмийн даатгалын шимтгэлийг хуримтлуулчихсан байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмад настны асрахуйн тогтолцоонд нийгмийн даатгалын үүрэг оролцоог ч бас уялдуулах нь зүйтэй. Би энэхүү ахмадыг асрахуйн асуудлаар нэлээд судалгаа хийсэн, Германд оюутан байхдаа энэ чиглэлээр ажиллаж байсны хувьд өнөөгийн Монголын настнуудын нөхцөл байдал харамсмаар хүнд хэцүү байна гэж хэлнэ. Бид ахмад настнуудаа үндсэндээ гэрийн хорионд байлгадаг гэхэд хилсдэхгүй. Хаалттай хаалганы цаана ахмад настнууд үл хайхрах, зүй бус харьцах, мөнгө төгрөгөөр хохироох, нийгмээс тасалж ганцаардуулах зэрэг олон төрлийн хүчирхийлэлд амьдарч байна. Албан ёсны судалгаагаар манай ахмад настнуудын 60-аас дээш хувь нь сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан байна лээ. Энэ бол үнэхээр эмзэглэмээр тоо. Тэгэхээр эрх зүйн болон бодит үйл ажиллагааны өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлж, бодитой үр дүн гаргаж ажиллахыг бид зорьж байна.

-Ахмад настнаа, эцэг эхээ асрах талаар таны ярьж буй сэтгэхүйн реформд нийгмийн сэтгэлгээ бэлэн байгаа болов уу?

-Манай монголчууд эцэг, эхээ асран хайрлах, ачлал буяныг нь хариулах талаар маш өндөр хүмүүжил соёлтой, уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна. Гэвч гэр бүлийн судалгаануудыг харж байхад, манай орчин үеийн гэр бүлүүд харьцангуй цөөн хүүхэдтэй болчихсон, нийгэм, цаг үеийн болон хувь хүний учир шалтгаанаар эцэг эхээ харж халамжилж чадахгүй байх тохиолдол аажмаар нэмэгдэх хандлагатай байна. Мэдээж, нийгмийг донсолгох хэмжээнд хүрчихсэн асуудал биш ч гэлээ ахмад настнаа асрамжлан халамжлах эрэлт хэрэгцээ хүссэн ч, эс хүссэн ч байсаар байх болно. Тэгээд ч энэ ахмадыг асрахуйн асуудал бол зөвхөн үр хүүхдийн ухамсар, үүрэг хариуцлагад хамаатай асуудал гэж үзэж болохгүй. Хүн гэдэг хүнээр л дутдаг. Өөр хоорондоо уулзаж учрах, нийгмийн харилцаанд орж, идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах хэрэгцээ маш их байдаг байна. Ийм эрэлтхэрэгцээнийхээ эрхээр аав, ээжүүд асрамжийн газар, хөгжлийн төвүүдэд өөрсдийн сонирхлоор очих тохиолдол их байдаг юм билээ. Энэ мэт олон асуудлыг асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ авч үзэх, харгалзах шаардлагатай учир судалгаа, үнэлгээг үр дүнтэй хийхэд онцгой анхаарал хандуулж байна.