С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Улсын эрх ашгийг хамгаалах нь УИХ-ын онцгой үүрэг!
Монголд хөгжлийн бодлого багадаагүй ээ. Лав л УИХ, Засгийн газраас баталсныг нэмж, хоршуулж тооцвол 7000 хол давна. Томоос нь дурдахад төмөр зам, Тавдугаар цахилгаан станц тэргүүтэй эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, Сайншандын аж үйлдвэрийн болон арьс шир боловсруулах цогцолборууд багтана. Ойроос биш холоос нь дурдахад аль 2004 оноос эхтэй, түрүүчээсээ 10-20 жилийн настай нь олон, бараг дийлэнх нь. Ганц Гашуунсухайтын төмөр замыг тавих гэж, 14 жилийг зарцуулсан нь үүний энгийн жишээ, гашуун үнэн. Шалтгаан нь ердөө л төмөр замаар танк орж ирнэ гэх монголчуудын ой тоонд хорт хавдар мэт нэвчүүлсэн ТРАУМА.
Угтаа бол хөрөнгө оруулалт татаад, хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэхэд адаглаад 10 жил гэдэг хангалттай хугацаа. Гэвч Засгийн газар, парламентаас баталсан тогтоолыг хуулийн адил хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэгжүүлэх учиртай ч нэг сайд, нэжгээд УИХ-ын гишүүний оролцоо, “дэмжлэг”-тэйгээр хана мөргөдөг, хөгжлийн бодлого тодорхойлогчид нь нийгмийн дайсан болтлоо зүхүүлдэг ужиг Төрийн тархинд “сандайлсан” нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний тэг дунд оршдог Монголыг улам жижигрүүлж, хашаанаасаа ч гарч сэтгэж, хөгжиж чадахааргүй чөтгөрийн тойрогт оруулснаас өөрөө дэвшил авчирсангүй.
Монгол Улсад сүүлийн 100 жилийн хугацаанд Оюу Толгой хэмээх “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой ганцхан хөрөнгө оруулалт бүхий мега төсөлтэй, түүнийгээ тойрч хэмэлж, хэрэлдэж, толхилцоод нэгэн аравныг үдэж байгаа нь бидний баллуурдаад ч арилахааргүй үнэн нь. Ийм нөхцөлд хэчнээн хөгжлийн бодлого гаргаж, хөрөнгө оруулагчдыг даллаад нэмэргүй. Угаас хөгжлийн бодлого нь хэрэгждэггүй бас амьгүй, улс төрийн уур амьсгал нь тогтворгүй, нийгмийн хандлагад улстөрчид нь дөрөөлж, өөрсдийн эрх ашиг нийцүүлж, чиглүүлдэг улсад хөрөнгө оруулах тэнэг үгүй. Гашуун ч гэсэн үнэн нь ийм.
Гагцхүү зөвхөн нүүрс, зэсийн экспортоос хамааралтай явж ирсэн, яваа Монгол Улс “Гуравдагч хөрш”-ийнхөө оролцоо, хөрөнгө оруулалттайгаар эдийн засгаа тэлж, томруулах, алсдаа эрчим хүчний том тоглогч болох арга зам, орон зайг эрэлхийлэхээр шулуудсан нь ураны төсөл байв. Үүх, түүхийн хувьд 1996, 1997 онд хайгуулын тусгай зөвшөөрлөөр эхлүүлж асан бол өдгөө дэлхийд эхний 10-т бичигдэх хэмжээний нөөцийг Дорноговь аймагт илрүүлж, албажуулснаар үргэлжилж яваа стратегийн ордод хамаарах мега төсөл болтлоо өргөжжээ.
Харин энэ удаад Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлснээр “Францын “Орано” групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээг ойрын хугацаанд хийж, төслийг хөдөлгөнө” хэмээсэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны үг биеллээ олох нь цаг хугацааны асуудал болов. Францын төрийн өмчийн “Орано” групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монголын талын Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ахалж байгаа юм. Тэрбээр Ажлын хэсгийн ахлагчийн хувиар УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын Зөвлөлд холбогдох танилцуулгыг хийсэн нь түрүүчээсээ дэмжлэг хүлээгээд буй.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ч Н.Учрал сайдын авторлож буй Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгасан нь ирэх өдрүүдийн онцлох сэдэв байх нь мэдээж. Санаж байгаа бол Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийг өмнөх парламентын үед буюу энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Үүгээр Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, хуваарилалт, хөрөнгийн удирдлагын талаарх заалтыг нарийвчлан тусгасан юм. Ингэхдээ Ирээдүй өв сан, төсвийн тогтворжуулалтын сан болон орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд улсын төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс нэн тэргүүнд хуваарилах заалт бий. Харин түүнээс үлдэх хэсгийн 65 хувийг Хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн нэгдэлд хамаарах уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцаанд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэхээр болсон нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үндсэндээ газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх ерөнхий зохицуулалт нь ийм.
Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцохтой холбоотой асуудлыг уг нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалт тусгагдаагүй, тодорхойгүй орхигдсоныг сайд Н.Учрал тэргүүтэй Ажлын хэсгээс УИХ-д өргөн мэдүүлсэн нэмэлт, өөрчлөлтөөр нэмж оруулах юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 2024 оны Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн хүрээнд хийх Засгийн газрын шинэтгэл гэсэн үг.
Үр дүнд нь Монгол Улсад Оюу Толгойгоос хойших хоёр дахь стратегийн орд бүхий мега төсөл “Гуравдагч хөрш” буюу Францын дэмжлэгтэйгээр эдийн засгийн эргэлтэд орно. Дараа дараагийн хөрөнгө оруулагчдад ч энэ төслийн цар хүрээ, агуулга эерэг дохио болно уу? гэхээс лав сөрөг оноо болохгүй. Тиймээс 100 жилийнхээ түүхэнд “Гуравдагч хөрш”-ийнхөө хөрөнгө оруулалттай хоёр дахь мега төслөө “эх барих” түүхэн шийдвэрийн гэрч болох эсэх нь энэ парламентыг бүрдүүлж байгаа 126 гишүүнээс шууд хамаарах нь. Үндсэн хуульдаа нийцүүлэх замаар Үндэсний баялгийн сангаа арвижуулж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, улс орны язгуур эрх ашгийг хамгаалах, түүнд нийцүүлж шийдвэр гаргах нь угтаа бол тэдэнд хуулиар олгосон эрх бас онцгой үүрэг нь. Юу үнэн энэ л үнэн.
С.Сүлд