С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Халид Шарифитай уулзлаа
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Халид Шарифийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүн амын сан хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй өрнөж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын талаар танилцуулсан.
Энэ удаагийн парламент хамгийн олон буюу таван улс төрийн намын төлөөлөлтэй, 32 эмэгтэй гишүүнтэй болж, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо түүхэндээ анх удаа 25.4 хувьд хүрсэн нь Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлт болж, дэлхийн дундаж руу ойртсоныг тэрбээр тодотгосон юм.
Түүнчлэн Ес дэх удаагийн парламент “хүн төвтэй” үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлого, зорилтыг дэвшүүлснийг онцлов. Ингэснээр “хүн төвтэй” хууль, эрх зүйн орчныг бэхжүүлэх замаар хүний эрхийг дээдлэх, ардчиллыг бэхжүүлэх үзэл санааг Монголын нийгмийн хөрсөнд гүн бат шингээнэ гэж үзэж байна гэлээ.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улс энэ жил Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх гэж буйг дурдаад, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн олон ажлын зарим нь энэхүү ойтой холбогдож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн дэлхийд болон Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, сэргийлж болох эхийн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, сэргийлэх гэсэн гурван том стратеги зорилтын хүрээнд ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах зорилготой байгааг илэрхийлэв.
Түүнчлэн, тэрбээр ард иргэдэд тулгараад буй асуудлыг судлан тодорхойлж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн, иргэдийн дуу хоолойг хүргэн ажиллахад бидний зорилго оршиж байна хэмээгээд, 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийн бусад хэлбэр, хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээний талаар тусгах асуудлыг судлан үзэхийг хүслээ.