С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Цэдэвсүрэн: 1074 төрийн албан хаагч иргэн авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн
Байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын 1.4, 1.5 дахь заалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулснаар хуралдаан үргэлжиллээ. Тэрбээр, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн талаарх мэдлэг шалгах сорилуудыг шинээр боловсруулж, шалгалтын сорилын санг баяжуулахаар төлөвлөж байна гээд “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Мөн УИХ-аас Төрийн албан хаагчийн албан тушаалд сонгон шалгаруулж, томилоход төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдөх, ёс зүйн төлөвшил, зан үйлийн хэв маягийг тодорхойлох сорил, даалгаврын агуулгаар үнэлэх үйл ажиллагааг өргөжүүлэн төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд хэрхэн ажиллаж буй талаараа танилцуулсан. Мөн тэрбээр Ёс зүйн дэд хороог хэрхэн байгуулж ажиллаж буйгаа тайлагнав. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 6762 Ёс зүй дэд хороог байгуулсан байна. Ёс зүйн дэд хорооны гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгохтой холбогдуулан Ёс зүйн хорооноос “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 10 дугаар тогтоолыг батлан мөрдүүлж байна гэлээ. Танилцуулагуудтай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хариулахдаа, Ёс зүйн хороо 2024 оны 2 дугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаас хойш дунд хугацааны буюу 2030 он хүртэлх баримтлах чиглэлээ Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөртөө тусгасан. Энэ хөтөлбөрийн тодорхой үе шат бүрт үр дүнгээ хэмжиж, хянаад явах боломжтой. Өнөөдрийн байдлаар 1074 төрийн албан хаагч иргэн авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдгээр 282, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэдгээр 130, хахууль өгсөн 225 хүн бүртгэгдээд явж байна гэв.