Д.Амарбаясгалан: УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна
Одоо бүх юм тэднээс биш биднээс шалтгаална!
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн АН, ХҮН-ын оролцоотой Хамтарсан Засгийн газар шинэ он гарсаар стратегийн ач холбогдол бүхий хоёр ч мега төслийг хөдөлгөх асуудлаар гарын үсэг зурлаа. Нэг нь Францтай, нөгөөх нь Хятадтай. Уран болон хил холболтын төмөр зам. Тэртээх 2009 онд анх удаагаа “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой Оюу Толгойг хөдөлгөснөөс хойших 16 жилийн хугацаанд сар дамнан ийм хэмжээний томоохон гэрээ, хэлэлцээр хийсэн нь үгүй. Зөвхөн Оюу Толгой бас Тавантолгойн орд тойрсон зодоон дотоодын улс төрийн уур амьсгалыг тодорхойлж, залуурдаж мөн өрдөж ирсэн түүхтэй. Мэдээж төмөр зам, түүнээс улбаатай царигийн маргаан үүнд хамаарна.
25 дахь Ерөнхий сайд С.Баярын үеэс эхэлж тооцвол гурван парламент, таван Засгийн газар дамнан ердөө хоёрхон сэдэв л Монголын улс төрийн өнгийг тодорхойлж ирсэн хэрэг. Оюу Толгойг онцолж ярьсаар УИХ-д гурвантаа сонгогдсон нь ч байна, Тавантолгойг таллаж хуваагаад “тусгаар улс” байгуулах хэмжээний хөрөнгө хуримтлуулж явсан нь ч бий. Ганцхан төмөр замтай болох гэж хэчнээн жил ч мунгинав. Ууттай элс цоолж, улсаар нь талцуулсаар 17 жилийг алдсан. Үр дүнд нь улсынхаа хөгжлийг хэдэн оноор ч хойш чангаав. Гагцхүү нэгдэж, нягтраад, эвсэж, хамтраад ч болтугай нэг тугийн дор, нэг зорилгын төлөө урагшаа харж чадвал том шийдэлд хүрч болдгийг Л.Оюун-Эрдэнийн танхим харуулсанд асуудлын зангилаа оршиж байгаа юм.
Нэгдүгээр сард Францын Төрийн өмчит “Орано” групптэй хамтран хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан ураны төсөл гэхэд Монголыг олон улсын түвшинд нэн шинэхэнээр ойлгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ гэдгээрээ онцлог. Төслийн хүрээнд 68.9 мянган тн уран үйлдвэрлэж, хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тн-оор бууруулах нь Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд чухал алхам. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд тав орчим тэрбум ам.долларын ашиг дотоодын эдийн засагт шингэнэ. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлэх нь бас нэг онцлог. Оюу Толгойгоос ялгаатай нь, ногдол ашиг хүлээлгүйгээр, төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас иргэдийн дансанд шууд ашиг хуримтлагдана, Үндэсний баялгийн сангаар дамжуулж.
Саяхан Ерөнхий сайдын урд хөршид хийсэн ажлын айлчлалын хүрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын тухайд Монгол Улс, БНХАУ-ын хооронд 70 жилийн дараа хийж буй томоохон бүтээн байгуулалт. Түүхэн ч үйл явдал. Алдагдсан боломжийн өртөг нь 80 орчим их наяд төгрөгөөр хэмжигддэг эл төмөр замын холболтыг хийх гэж 17 жилийн турш орондоо ч орох завгүй дотооддоо тэмцэлдсээр өнөөдөр л Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрынхаа түвшинд нэг завин дээр сууцгаав. Гэхдээ л алдагдсан боломж гэдэг алдагдсан л боломж. Гээд халаглаж суух шалтаг бидэнд үгүй. Эдийн засагт харилцан ашигтай байдлаар, хамгийн гол нь ирээдүй хойчдоо баталгаатай нийгмийг үлдээх нь чухал.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг ашиглалтад оруулснаар нүүрс экспортын хэмжээ шууд тооцооллоор “дабльдана”. Үндсэндээ жилд дунджаар 83 сая тн байгаа нүүрсний экспорт 165 саяд хүрч, борлуулалтын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их орлого. Ураны төслөөс орж ирэх таван тэрбум ам.долларыг нэмж тооцвол нийтдээ 6.5 тэрбум ам.доллар дотоодын зах зээлд шингэхээс гадна Үндэсний баялгийн сангийн орлого арвижих нь цаг хугацааны л асуудал болж байна.
Гэхдээ энд нэг асуудал бий. Тэр нь тохирсноосоо буцдаг муухай Монгол зан. Өчигдөр нь тохироод, өнөөдөр нь гар барьж, гарын үсэг зурдаг ч, маргааш мурьдаг нь бидний гэм биш зан. Ганцхан жишээ өгүүлэхэд Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс”-ийн кэйс байна. Дорнод аймагт ураны орд газарт үйл ажиллагаа явуулж асан тус компанийн тусгай зөвшөөрлийг 2009 оны долдугаар сарын 10-нд гэнэт цуцлах шийдвэрийг гаргасан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байлаа. Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байсан үе. Үндэслэл нь нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт. Гэвч “Хан ресурс”-ынхан үүнийг үл хүлээн зөвшөөрөөд зогсохгүй хохирлын хэмжээгээ 358 сая ам.доллар гэж тооцон Арбитрын шүүхэд хандсан юм. Монголын Засгийн газар, “Хан ресурс” компани хооронд олон жилийн турш явсан эл маргааныг Арбитрын шүүхээс дэнсэлж 100 сая ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой хэмээн шийдвэрлэж байв. Эцэст нь хөрөнгө оруулагч талтай хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцээ хийсний хүчинд 70 сая ам.долларыг төлснөөр маргаан дуусгавар болсон.
Үүн шиг ураны Хөрөнгө оруулалтын гэрээгээр эхлүүлж Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтаар үргэлжилж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлого гацаанд орох бүр унахгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй. Том төслийн сүүдэрт том эрх ашиг үргэлж нуугдаж байдаг юм хойно. Тиймээс л одоо бүх юм тэднээс биш биднээс шалтгаална гэж зориуд онцлоод байгаа хэрэг. Ямартай ч хоёрхон сарын дотор хоёр ч том мега төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн энэ Засгийн газар, Ерөнхий сайдын гавьяа мөн үү гэвэл мөн. Түүхэн үйл явдал мөнөөсөө мөн. Удахгүй баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хүлээлт бий. Араас Эгийн голын усан цахилгаан станц зэргээр эрчим хүчний реформ хийх нь энэ Засгийн газрын бас нэгэн ТУГ нь.
Гагцхүү замын дундаас хөрөнгө оруулагчдадаа молиго үмхүүлдэг хэнэггүй, хайхрамжгүй танил технологи, түүх энэ удаад битгий давтагдаасай гэдгийг энд тодотгох гээд буй юм. Улс төрийн нөхцөл байдал, гадаад, дотоод эрх ашгийн нөлөөллийг урьдчилан тооцож, тооцоолж чадсан шигээ эхлүүлсэн ажлаа дуусгах нь үнэн л юм бол эдгээр мега төслөө цээжээрээ хамгаалах хүн нь өнөөдөртөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Түүнд эрх мэдэл нь байна уу, байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улс төрийн дэмжлэг нь байна уу, бас л байна. Энэ тохиолдолд эцсийг нь хүртэл явах, улс төрийн манлайлал үзүүлэх сонголт л түүнд байна.
Г.Эрхэс

