Ерөнхий сайдын нүүдэл буюу EDB-ийн шинэчлэл

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн бүрэлдэхүүнийг шинэчилжээ. Үүгээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, үндэсний томоохон групп, компани, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн төлөөллийг багтааж. Үндсэн чиг үүрэг нь маш тодорхой. Төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах. Яг л дэлхийд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөл шиг. Ингэхдээ Зөвлөлийн үйл ажиллагааны талаас дээш буюу 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах нь. Өөрөөр хэлбэл “Business Friendly Mongolia” буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай орон болгох нь шинэчилсэн бүрэлдэхүүний баримтлах зарчим гэсэн үг. 

Энгийнээр хэлэхэд хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн зэрэг гурван шилжилт бүхий Ерөнхий сайдын дэвшүүлсэн стратегийн гол хөшүүрэг нь хөрөнгө оруулагч тэргүүтэй баялаг бүтээгчид гэдгийг Засгийн газрын түвшинд ийнхүү хүлээн зөвшөөрч, тэдэнтэй “гар барилаа”. Барих, барихдаа Үндэсний баялгийн сан болон бусад хуулийн үйлчлэлээр стратегийн орд газарт Төр хувь эзэмших замаар дээрэм, тонуул хийх нь гэх улс төр, нийгмийн хүрээнд бий болсон хардлага, шүүмжлэл өндрөө авсан энэ цаг үед эсрэгээрээ Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх замаар үндэсний томоохон компаниудтай Засгийн газрын түвшинд “гар барих”-ын сацуу түншлэхээр болсон нь мэдээж сайн мэдээ, хөрөнгө оруулагчдад эерэг дохио.

Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэл ажлыг одооноос эхлүүлж, зохион байгуулалт гэхээсээ бодитой үр дүн гаргахад чиглэх ёстойг Ерөнхий сайдын зүгээс холбогдох албаныханд дайсан нь зүгээр ч нэг сануулга биш болов уу. Харин ирэх хаврын чуулганаар Засгийн газраас өргөн барихаа мэдэгдсэн Татварын багц хуулийг зөвхөн нэг талаас анхаарах бус Төр, иргэн, аж ахуйн нэгж зэргээр бүх талын оролцоотойгоор эрх зүйн орчныг шийдвэрлэх ёстой гэдгийг зориуд онцолсон давхар сануулга байж мэднэ. Сангийн яамны сайтаар дамжуулж олон нийтээс нээлттэй санал авч эхэлсэн эл хуулийн төсөлд НДШ, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, НӨАТ төлөгчийн босгыг нэмэгдүүлэх санал хамгийн ихээр ирснийг албаныхан хэлж буй.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг танилцуулсны дагуу Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ. Хөрөнгө оруулагчдын нэн тэргүүнд хардаг, судалдаг, харьцуулдаг ганц асуудал нь тухайн улсын татварын орчин. Хэдий чинээ уян хатан байна, төдий чинээ хөрөнгө оруулахад эрсдэлгүй гэж үздэг. Хоёрдугаарт, хөрөнгө оруулсны дараах дотоодоос ирж болзошгүй эрх ашгийн дам нөлөө.

Санаж байгаа бол Хууль сайд асан одоогийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэгэнтээ “Гаднын хөрөнгө оруулагчдыг айлгаж ичээдэг, хөрөнгийг нь оруулж ирчихээд тонож дээрэмддэг явдал нэг бус удаа гарсан. Цөөнгүй хэргүүд байна, нэр устайгаа, эзэнтэйгээ. Өөрийг нь хөөж гаргачихаад энд үлдсэн хөрөнгийг нь дээрэмдэж байна. Зарим нь дээрэмдүүлэхгүйн тулд томоохон хэмжээний авлига, хээл хахуулийг төлдөг болж байна. Хуулийн байгууллагын нэр, сүрээр давуу эрх олсон тэр хүмүүст төлбөр төлж байна. Энэ бүгдийг дуугүй хараад сууж болохгүй шүү дээ” хэмээн өөрийн намын Засгийн газар, Хууль зүйн сайддаа хаяглан байр сууриа илэрхийлж байлаа, 2015 оны үед л юмдаг. 

Сүүлд Хууль зүй, дотоодын хэргийн сайд асан Х.Нямбаатар ч “Токиод байдаг томоохон барилгын компанийн эзнийг Монголд авчирч томоохон хөрөнгө оруулалт хийлгүүлээд, буудлынх нь өрөөнд манайхан мансууруулах ургамал нууцаар тавиад, дараа нь сүрдүүлж байгаад Монголоос гаргаж, газрыг нь авсан тохиолдол ч бий. Прокурорын байгууллагад ажиллаж байсан, Тагнуулын албыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын институцид ажиллаж байсан, Их хурлын институцид ажиллаж байсан хүмүүс бүгд хамтран оролцож энэ дээрмийг хийсэн шүү дээ” гэж байв.

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргасан асуудал ч бий. Гээд яривал Монгол Улс хөрөнгө оруулагчдад халтай, хар толбо үлдээсэн тохиолдол бишгүй. Дээр бичсэнчлэн хувийн хэвшлийн халаасанд яваа стратегийн хэд хэдэн орд газрын тодорхой хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь зарим талаараа эргэлзээ төрүүлж буй. Бизнес эрхлэхүйн индексээр Монгол Улс 2020 онд 190 орноос 81, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт тус тус жагссан нь ч үүний бэлээхэн жишээ. Ийм нөхцөлд Татварын реформоо нэн түрүүнд эхлүүлж, хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь “Business Friendly Mongolia” болгох зорилгын гол хөшүүрэг болох учиртай. Үүнийг гардан гүйцэтгэх гол ачаа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрэлдэхүүнийг нь шинэчилсэн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс бүрэн хамаарах нь! 

Г.Эрхэс